Төмөрбаатарын БАТСАЙХАН

“Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа их эмч Ч.Оюунчимэгийг урьж,  ярилцлаа.  Тэрбээр Архангай аймгийн 100 жилийн баяр наадмын үеэр  Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх алдрыг хүртсэн билээ.  Нутгийнхан нь түүнийг  “Дотрын Оюунаа” хэмээн дотночлон дуудна.

Оюунаа эмч монгол хүний эрүүл мэндийн манаанд 43 дахь жилдээ зүтгэж буй туршлагатай эмч нарын нэг. Ч.Оюунчимэг хэмээх эмэгтэйн амьдралын хуудсыг эргүүлж суухдаа хүн аав ээжийнхээ ярьж хэлснийг дагаснаар бурууддаггүй, хань ижил, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, тууштай байснаар гунддаггүй, үр хүүхэд, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлснээр ямагт эгэл атлаа эрхэмсэг оршдог болохыг мэдэрч байлаа.

 

Аавыг дагаж ээжийгээ эдгээх гэж эмч болсон

Түүний аав Д.Чойжилсүрэн Архангай аймгийн
Өндөр-Улаан сумын хүн.
1956 онд анагаахын сургууль төгсөж ирээд
насаараа нутагтаа эмчээр ажиллажээ.  

Түүний  бага нас Архангай аймгийн төв Булган уулын бэлд өнгөрсөн.  Бүүр тодруулбал, олны нэрлэж заншсанаар Сүрьеэгийн ам буюу Сүрьеэгийн клиникийн хашаанд өнгөрчээ.   Аймгийн төвөөсөө 3-4 км зайтай.  Ч.Оюунчимэг эмчийн аав нь тухайн эмнэлэгт олон жил эмчээр ажилласан юм. Тэрбээр “Би эмч болж тоглох дуртай хүүхэд байсан. Тэр үед  эмч хүн их гоё харагддаг байлаа. Цагаан халаадтай нүдэнд дулаахан, хүний төлөө гэсэн сэтгэл нь хүртэл мэдрэгдэнэ. Аавыгаа хараад үнэхээр хайрлах, бахархах сэтгэгдэл төрнө.  Бага насны минь мэдрэмж, ээж аавын минь үг миний ажил мэргэжлийн замд сайн сайхнаар нөлөөлсөн дөө” гэв. Түүний аав Д.Чойжилсүрэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хүн. 1956 онд анагаахын сургууль төгсөж ирээд насаараа нутагтаа эмчээр ажиллажээ.  Хамгийн сүүлд аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.  Мөн төрөлх сум болох Өндөр-Улаан сумандаа хүн эмнэлгийг санаачлан байгуулж байжээ.  Их хөдөлмөрч, зохион байгуулагч хүн байсан гэдгийг одоо охин нь дурсаж байна.  Мөн “Хүний эрүүл мэндийн төлөө явах хамгийн сайхан зам шүү.  Хүнд туслаж байгаарай” гэдэг сургааль үг нь одоо ч Оюунаа эмчийн  сэтгэлд хадаатай, амьдралынх нь чиг шугам зарчим болжээ.   Ээж Чимиддорж нь Архангай аймгийн Хайрхан сумын уугуул. Эмч мэргэжлийг эзэмшихэд ээж нь бас ихэд нөлөөлжээ.  Учир нь бие тааруу элэг, зүрх муутай хүн байсан учраас ээжийгээ эрүүл болгочих юмсан гэсэн чин  хүсэл дотроос нь байнга “хатгаж” ирсэн учраас эмч болсон түүхтэй юм. 

 

“Нүцгэн”  гараараа л онош тавьдаг байлаа

Одоо ч Сүрьеэгийн эмнэлэг байсан газрыг архангайхан Сүрьеэгийн ам гэж нэрлэнэ.  Гэхдээ эмнэлэг байсан гэх ямар ч ул мөргүй. Энэ талаар Ч.Оюунчимэг эмч “Намайг бага байхад Сүрьеэгийн клиник гэж одоогийнхоор бол хөөрхөн хотхон байсан.  Эмч ажилчид маань ногоогоо тарьчихна.  Мал  аж ахуй эрхэлнэ.  Тахиа, гахайтай.  Айргийн сувилалтай, наран шарлагын газартай байлаа.  Харамсалтай нь одоо тэнд юу ч үгүй болсон доо” хэмээн жаахан сэтгэл гонсгор өгүүлнэ лээ.  Оюунаа эмч  аймагтаа аравдугаар ангиа төгсөөд бага наснаасаа мөрөөдөж ирсэн мэргэжлээ эзэмшихээр Анагаах ухааны дээд сургуульд явжээ.  Тэгээд  1980 онд сургуулиа төгсөж ирээд тэр л цагаас хойш Архангай аймагтай ажиллаж, амьдарч байна.  Түүнийг төгсөөд ирэхэд хүний амын дунд өвчлөл нэлээд байжээ.  Ялангуяа хүүхдийн тасаг гэдэг эмч нараас жинхэнэ ур чадвар, хурд, сэтгэл шаардсан тасаг байж.   Нэг эмчид өдөрт бараг 40 гаруй  өвчтөн оногддог.  Гэсэн ч ажилдаа түүртэж, шантарч байсангүй. Тухайн үед эрүүл мэндийн салбарынхан урьдчилан сэргийлэх үзлэг их хийдэг байжээ.  Хөдөө орон нутгаар явж, нүд шүднээс эхлээд ард иргэдийн эрүүл мэндийн байдлыг шалгана. Гэхдээ техник тоног төхөөрөмж одоогийнх шиг хөгжөөгүй учраас нүцгэн гараараа л онош тавьдаг. Тэр нь эргээд эмч хүнд маш их мэдлэг туршлага болж байсан гэдгийг онцолж байв. Ингэж тэрбээр Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгаас ажлын гараагаа эхэлж, 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.  Тэтгэвэртээ гарсан ч эмч маань зүгээр суусангүй.  Одоогоор Архангайдаа “Тана Арцат” нэртэй эмнэлэгт үргэлжлүүлэн дотрын эмчээр 10 орчим жил ажиллаж байна.  Үүнээс түүнийг ажил мэргэжилдээ ямар дуртай, тууштай нэгэн гэдгийг харж болно.

 

Тод үлдсэн нэг жил

1989 онд Ч.Оюунчимэг эмч  клиник ординатурт суралцжээ.  Тэр нэг жилийн хугацаанд ер нь эмч хүн ямар байх ёстой вэ гэдгийг ойлгож авсан гэдэг.  Тэр бол эмч болох хүсэл мөрөөдлийг маань улам зүлгүүрдэж, сэтгэл санааг минь бэлтгэж өгсөн он жил  байсан юм гэв.  Учир  нь хамгийн их айж эмээж явдаг хүн нь түүний багшаар сонгогджээ.  Анагаахын дээдийн оюутнууд ч Жигжидсүрэн багш гэхээр бүгд л мэддэг юм байна.  Жийгээ багш гэхээр л Ч.Оюунчимэг эмчийн маань өвдөг нь чичирдэг байсан гэхээр ямар хүн байсан нь ойлгомжтой.   Тэрбээр энэ талаар “Багш маань намайг тэр нэг жилийн хугацаанд маш их шахсан, би ч өөрийгөө дайчилсан.  Маш их зүйл сураад нутагтаа ирсэн он жил байлаа. Ер нь тэгээд эмчийн мэргэжил их сайхан. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ бахархаж, мэргэжлээ их хүндэлж явдаг.  Хүний амьдралын  итгэл найдвар болсон мэргэжлийнхээ үнэ цэнийг сэвтээхгүй  юмсан гэж хичээсээр яваа хүн.  Өвчтэй хүн орж ирээд эрүүл болоод инээгээд гарах шиг сайхан зүйл байдаггүй.  Урам зориг, том шагнал, баяр баясгалан тэр л байдаг.   Нөгөө талаар хүнд өвчтэй хүн их ирнэ.  Эмч нар бүхий л бололцоогоо дайчлан ажиллаад ялагдах тохиолдол бий.  Энэ бол эмч нарын хувьд их эмзэг сэдэв юм шүү дээ.  Амьдралын үнэнийг дэнслэх шиг хэцүү зүйл байхгүй дээ” гэсэн юм.

 

“Архангай аймагт бөөрний өвчлөл зонхилдог”

 

Түүний ажиллаж байгаа “Тана-Арцат” эмнэлэг уламжлалт болон европ эмчилгээг хослуулан иргэддээ үйлчилж байна. Дотор эрхтний өвчлөл залуужиж байгааг эмч маань хэлж байна. Тэрбээр “Дотрын өвчлөл залуужиж байна.  Намайг залуу байхад зүрхний гажигтай хөхөрсөн хүмүүс их байдаг байлаа.

Оношилгоог эрт илрүүлж, эмчилдэг болсноор эмчилгээ сайжирч байна.  Гэхдээ өвчлөл багасахгүй, залуужиж байна. Дотрын өвчлөл амаргүй л дээ. Маш их цаг хугацаа, цаг зав, сэтгэл зүй шаардлагатай. Хүний өвчинг зүү аваад хаясан мэт эрүүл болгох хэцүү. Архангай аймгийн хувьд их сэрүүхэн уур амьсгалтай учраас бөөрний архаг үрэвсэл зонхилдог. Бөөрийг чулуужилт үүсч, элэгдэхээс нь өмнө нь эмчлэх хэрэгтэй. Ер нь өвчнийг дөнгөж эхэлж байхад эмчилгээгээ маш зөвөөр, хариуцлагатайгаар хийж чадвал 100 хувь төгс эдгэж чадаж байна гэдгийг хэлмээр байна” гэлээ.

 

Дөрвөн үеийн эмч нар

 

 Ч.Оюунчимэг эмчийн гэр бүлийн хүнийг С.Шагдарсүрэн гэдэг.  Усны инженер мэргэжилтэй. Архангай аймгийн  Ус цаг уурын газар инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэд бага сургуулийн нэг ангийн найзууд. Бүр тодруулбал, Архангай Эрдэнэбулган сумын нэгдүгээр арван жилийн сургуульд нэгдүгээр ангиасаа нэг ангид суралцан ижилссэн. Тэднийх Ш.Мягмарсүрэн, Ш.Нямдорж гэсэн хоёр хүүтэй.   Том хүү  Ш.Мягмарсүрэн нь  өвөө, ээжийнхээ мэргэжлийг эзэмшин Улсын хоёрдугаар эмнэлэгт эмчээр ажиллаж байна.  Мөн ач охин нь өдгөө дөрөв дэх үеийн эмч болохоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцаж байгаа юм.

 Ч.Оюунчимэг эмчийн гэр бүлийн хүнийг С.Шагдарсүрэн гэдэг.  Усны инженер мэргэжилтэй. Архангай аймгийн  Ус цаг уурын газар инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. 
Тэднийх Ш.Мягмарсүрэн, Ш.Нямдорж гэсэн хоёр хүүтэй.   Том хүү  Ш.Мягмарсүрэн нь  өвөө, ээжийнхээ мэргэжлийг эзэмшин Улсын хоёрдугаар эмнэлэгт эмчээр ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 154 (7139)