Ц.БАЯР
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ баруун бүсийн таван аймагт салбарын тулгамдаж буй асуудал, байгаль хамгаалагч, цаг уурчдын ажлын нөхцөл, өнгөрсөн жил эхлүүлсэн ажлын хэрэгжилттэй танилцах, зөрүүтэй байдлыг арилгах, мэдээлэл солилцох зорилгоор өнгөрсөн сарын сүүл энэ сарын эхний өдрүүдэд ажилласан юм.
Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаа, судалгааны төвийг тусад нь байгуулах санал тавив
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ долдугаар сарын сүүл болон энэ сарын эхээр Хөвсгөл, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад ажиллав. БОАЖ-ын сайд Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах комиссын дарга. Түүний урилгаар Япон улсын Байгаль орчны яам, JICA олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, судлаачид өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалтын захиргаанд ирж ажилласан юм. Энэ үеэр салбарын сайд Хөвсгөл нуурын хамгааллын захиргааг тусад нь байгуулж судалгаа шинжилгээний төвийг байгуулахад хамтран ажиллахыг Японы талд тавьсан юм.
Мөн тэрбээр аймгийн Ус,цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудал, ажлын нөхцөлтэй танилцлаа. Тус төвийн барилга 1970 онд баригдсанаас хойш өнөөдрийг хүртэл засвар хийгдээгүй, аймагтаа ганцхан байдаг Байгаль орчны шинжилгээний лаборатори байрладаг аж. Уг байр нь нэгдсэн халаалт, цэвэр бохир усны шугамд холбогдоогүй, гадаа нүхэн 00-той, ариун цэврийн өрөө, хурлын "Заал" байхгүй зэрэг нь ажиллахад хүндрэлтэй байдаг гэв. Ус судлалын харуул нэг удаа эргүүл хийхдээ 3-10 км-ын зайг өдөрт хоёр удаа хийдэг, өвлийн цагт -25 -40 градуст 1м-1.30м-ын цооног гаргаж усны хэмжилт хийхэд зориулалтын багаж байхгүй, усны голдирлын өөрчлөлтийг тогтооход нарийвчлал сайтай GPS шаардлагатай зэрэг асуудлыг хөндөж байв. Уг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсөв, төлөвлөгөөг танилцуулахыг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн даргад үүрэг болгов.
Хяргас нуурт үүссэн хогийг цэгийг нүүлгэж отоглох цэг ажиллуулж байна
Сайд Б.Бат-Эрдэнэ долдугаар сарын 31-ний өдөр Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар ажилласан юм. Ингэхдээ Хяргас нуураас таван км-ын зайд үүссэн хогийн цэгийг яаралтай зөөвөрлөж устгалд оруулах үүрэг өгсөн аж. Уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төсвийг нь шуурхай шийдвэрлэснээр Хан Хөхийн Улсын тусгай хамгаалалттай газар хогийн цэгийг нүүлгэжээ. Тус нуурт жилд 10 мянга орчим жуулчин зорин ирдэг юм байна. 2018 оноос стандартын шаардлага хангасан байнгын ажиллагаатай отголох цэг ажиллаж, 15 төрлийн үйлчилгээ үзүүлсээр иржээ. Тус газарт нэг тонны багтаамжтай 11 хогийн сав, ариун цэврийн хоёр байгууламж тай. Увс нуур нь Төв Азийн хээр тал нутаг дахь гүехэн устай ханасан давст нуур. Азийн нүүдлийн шувуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Увс нуурын ай сав газарт олон төрлийн шувууд, мэрэгчид болон ирвэс, аргаль угалз, янгир зэрэг ховордсон ан амьтан байх бөгөөд уг газар нь энэ бүс нутгийн биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг дэлхий дахины үнэ цэнтэй байгалийн хосгүй гайхамшигт өв юм.
Ховд аймагт аюултай хог хаягдлын байгууламж барихад дэмжлэг хэрэгтэй гэв
БОАЖ-ын сайд үргэлжлүүлэн Ховд аймагт ажилласан юм. Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд ажиллахын зэрэгцээ аймгийн удирдлагуудтай байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр санал солилцсон юм. Бүс нутгийн үйлдвэржилтийн хүрээнд Ховд аймагт үйлдвэр технологийн парк байгуулагдахаар төлөвлөж байгаа тул аюултай хог хаягдлын байгууламж барихад дэмжлэг үзүүлэх мөн зэрлэг амьтан асран хамгаалах байр байгуулахад дэмжлэг хүсэв. Хар ус нуурыг Юнеско-гийн Шим мандлын нөөц газрын Дэлхийн сүлжээнд бүртгүүлэх чухал ажил байгааг онцолж байв. Отоглох цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон Улсын төсөл хөтөлбөрүүдэд уламжлахыг хүслээ. Мөн энэ үеэр Ховд аймгийн Ус цаг уур шинжилгээний төвд шаардлагатай 65 сая төгрөгийг шийдвэрлэж өгчээ.
УИХ-аас төрийн тахилгат “Сутай хайрхан” уулын хилийн заагийг тогтоож өгөхийг хүслээ
Говь-Алтай аймагт ажиллахдаа Хүйсийн говь цэцэгт нуурын сав газрын захиргаа, Говийн их дархан цаазат газрын А,Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол элсний тусгай хамгаалалттай газар, Сум дундын ойн анги, Говь-Алтай аймгийн Ус,цаг уур орчны шинжилгээний төв, БОАЖГ-ын нийт долоон байгууллагын 260 гаруй албан хаагч ажиллаж байна. УИХ-ын тогтоолоор 2019 онд Говь-Алтай, Ховд аймгийн дунд орших Төрийн тахилгат Сутай Хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авсан. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоогоогүй тул энэ асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Хүйсийн говь, Хантайширын нуруу, Чандмань хайрхан уулыг шинээр Улсын тусгай хамгаалалтад авах, Бурхан буудай уулын ангиллыг дээшлүүлэх, өргөтгөх асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхийг бас чухалчилав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 154 (7139)