Д.ДАРАМБАЗАР
Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Цагаан даваа орчимд уулын ус үерлэн барилгын хогтой бууж ирснээс үүдэн явган хүний зам, авто замын хашлага эвдэрч сүйдэн, их хэмжээний лаг, хог хаягдал, шороо авто зам руу түрж орсон билээ. Уулын дөрвөн амны ус нийлж үерлэн буусан бөгөөд энэ нь 1982 оны үерээс даруй хоёр дахин их хүчтэй байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ тухай Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа "Өмнө нь энд суурьшлын бүс байдаггүй байсан. Сүүлийн жилүүдэд суурьшлын бүс бий болж, газар олгож, голын голдирол хааж барилга байшин барьсан. Үерийн улмаас 150 метр газарт хоёр метр орчим өндөр шороог үер давсан. Манай ажилтнууд 21:00 цагаас хойш бүх хүн хүч, тоног төхөөрөмжөө төвлөрүүлэн ажиллаж байна. Тус уулын ус үерлэн буусан газарт үерийн далан байдаг, тэр нь Сэлбэ голтой нийлдэг ч барилгын хог шороо дүүрч, ус зам руу хальжээ. Холбогдох албаныхан эхний ээлжид зорчих хэсгээ чөлөөлөхөөр ажиллаж байна” хэмээн сэтгүүлчдэд шөнө тайлбар өгсөн юм.
Эх сурвалж: www.zms.mn