Д.ДАРАМБАЗАР

"Даншиг наадам-Хүрээ цам" наадам Хүй долоо худагт эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай наадмын тухай ярилцлаа.

-"Даншиг наадам-Хүрээ цам" наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Энэ жилийн наадмын онцлог зүйл нь юу вэ?

-Монголчууд бид үүх түүх, өв соёл, үнэт зүйлүүдээ хадгалж, түгээж, өвлөж байх нь нэн чухал. Учир нь дэлхий даяаршиж байгаа орчин цагт монгол хүний онцлог юу вэ, бид юугаараа өөр вэ гэдгийг үүгээр тодорхойлно. Тэр утгаараа монголчуудын эзэн Чингисийн үед ч, бага хаадын үед ч, өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн Даншиг наадмыг шашин, соёлын том ёслол болох хүрээ цамтай хослуулан өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, уламжлал шинэчлэлийг хослуулдаг нь энэ наадмын онцлог юм. Энэ жилийн хувьд нэлээн өргөн цар хүрээтэй болж байна. “Нүүдэлчдийн нийслэл” уриан дор хилийн чанадаас эрдэмтэд, уран бүтээлч, бөхчүүд, харваачид ирсэн. Мөн Халимагийн нэрт туульч, дуучин О.Цагаанзам тэргүүтэй уран бүтээлчид хүрэлцэн ирлээ. Тэгэхээр өв соёл, уламжлал, түүхийг сурталчлах, түгээх, таниулах чухал арга хэмжээ гэж харж байна.

-Жуулчид бас ирж үзэж байна. Монголыг сурталчлах тал дээр нэлээн ач холбогдолтой арга хэмжээ болох байх?

-Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” ч үүнтэй уялдаж байна. Өөрийн гэсэн онцлогтой, үзэх харах зүйлтэй арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулна гэдэг жуулчдыг татах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Энэ утгаараа Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн. Бөхийн барилдаан л гэхэд гурван төрлөөр болно. Хөтөлбөрийн хувьд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээ болж байгаа.

Эх сурвалж: www.zms.mn