Д.ДАРАМБАЗАР
"Даншиг наадам-Хүрээ цам" наадам Хүй долоо худагт эхний өдрөө нээлтийн үйл ажиллагаагаар үргэлжилж байна. Эрт үеэс Хүрээнд нийтийг хамарсан Хүрээ цам, Хүрээ даншиг наадам, Хүрээ майдар гэсэн гурван арга хэмжээ зохион байгуулагддаг байжээ. Тус арга хэмжээнд Хүрээний иргэдээс гадна газар бүрээс сүсэгтэн олон, сонирхогчид ирж оролцдог байсан түүхтэй. Монголын Хүрээ цам нь 1811 онд дөрөвдүгээр Богдын тааллаар Хүрээнд анх үүсэж байжээ. Үүнээс хойш 1937 он хүртэл тасралтгүй Хүрээнд гарч байлаа. Их хэлмэгдэлтийн үеэр тасарч 1999 онд Гандантэгчэнлин хийд яг уламжлалынх нь дагуу дахин сэргээсэн. Цам нь нэг талаараа шашны зан үйл боловч нөгөө утгаараа бурхан шашин соёлын өв уламжлал юм.
Энэ удаагийн "Даншиг наадам-Хүрээ цам" наадамд гадаад дотоодын олон жуулчин ирсэн тухай зохион байгуулагчид онцолж байв. 2,000 мянган хүний суудалтай Хүй долоо худгийн төв цэнгэлдэх бүрэн дүүрчээ. Үндэсний дээл хуцаараа гоёсон Монгол туургатан, алс холын Энэтхэг улсаас зорьж ирсэн лам нар Цам харайх ёслолыг үзэхээр энд цуглаад байна. Тус наадмын нээлтийн үйл ажиллагаа 11:00 цагаас эхэлсэн юм.
Эх сурвалж: www.zms.mn