Норовын ПҮРЭВДАГВА

 

/Зохиолч, орчуулагч/

 

Зүүн Сөнөдөөр хэд хоног зорчихдоо үзсэн харсан, төрсөн сэтгэгдэлээ тоймлон “Зууны мэдээ сонин”-ы редакцид очиход таатай хүлээн авч 2023 оны 146, 147, 148 дугаарт нийтэлж уншигч Таны юуны мэлмийд хүрлээ. Гэсэн ч элдэв бодол эргэлдсээр... Биднийг хөл алдан угтаж, нутаг орныхоо тал талд гарган харуулж, их түүхийн ул мөр, эх соёлын ундрагаа бахдан харуулахын учир юу байв, Бид хэн юм бэ, Шинэ сэдэв хөндөх болгондоо шахуу “Нууц товчоо”-нд гардаг гээд л эхлэх. Домог хүүрнэх дуртай ажээ. Тэгэхдээ голдуу жаахан гунигтай ч юм шиг инээмсэглэж байгаад л жишээ нь:

Сүүмийн тэртээгээс харагдах нь

Сүмтэй будрын чулуу юу даа

Сүүдрээ дагаад наашлах нь

Миний жаахан алдрай юу даа... гэж дуулж байгаад:

“Энэ бол говийн ар, өвөрт суудаг хоёр залуу хайр сэтгэлтэй болж, амьдралын эрхээр хамт байж чадахгүй гуурстай мориор залуу нь ирдэг, бүсгүй нь нүдээ чилээн хүлээж байсан тухай домог” гэх. Залуус нь үе тэнгийн нэг нөхрийнхөө тухай: “...морь уяж байгаа. Наадмаар уралдуулах юм байх. Байшингийнхаа гадна гэр барьчихсан харагдсан. Гэрээс уявал хурдан болдог юм болов уу?..” гээд инээлдэж байсан. Надад яагаад ч юм хөгжил цэнгэл сонсогдоогүй.

Нэлээд олон жилийн өмнө Хөх хотод очихдоо хэдэн өвгөдтэй уулзахад 80 гаруй насны нэгэн буурай “Танайхан ариун Ганга мөрний ус гээд л хөл алддаг гэж сонссон. Манай хөгшид Хатан Туулын рашаан амсаад нүд анихсан гэдэг байсан... Ер нь тусгаар Монгол Улс гэдэг бидний оройн дээд шүтээн, би монгол гэж явахын гол эрч хүч” гэж байсан нь санаанд бууж байсан...

Ингэсгээд Ч.Содбилэг, Ё.Эрдэнэтогтох нарын түүвэр болон “Шилийн гол” сэтгүүлийн 2022 оны №6-д гарсан бүтээлээс, зохиолчдын товч танилцуулгатай толилуулж байна.

Галдуун Ч.Содбилэг. Яруу найрагч, зохиолч, шүүмжлэгч. Дундад улсын зохиолчдын эвлэлийн гишүүн, дундад улсын цөөн тоот үндэстний зохиолчдын эвлэлийн гишүүн, Өвөр Монголын зохиолчдын эвлэлийн шүүмжлэгчдийн нийгэмлэгийн гишүүн. 1987 оноос уран бүтээлээ эхэлж шүлэг найраглал, шүүмж өгүүлэл, дууны үг туурвиж нэгтгэн 12 дэвтэр ном болгон хэвлүүлээд байгаа ажээ.

Хавар

Нар аяархан наашлах сургаар

Намрын хойноос өвөл яарна...

Тэнгэрийн хаяанаас зэрэглээ намиран

Дээлийн хормой дэрвэгнүүлэн хавар ирнэ...

 

Зун

Сэтгэл шиг мэлтийсэн тэнгэрийн хаяанаас

Сэмбэгэр сэмбэгэр мөрөөдлүүд над руу нүүнэ...

Бодол шиг алсарсан талын сэжүүрээс

Бүртэн бүртэн зэрэглээн чимээ рүү даллана...

 

Намар

Чиний араас цэнхэр алчуураа намируулсаар

Цэцэгсийн хонгор зун ч намайг орхиод явчихул

Санаа алгасах зөөлөн салхины аяс дагасаар

Сар хүртэл аяархан хоргодон хоргодон элэгдэнэ билээ...      

 

Өвөл

Эрт боссон хаврын шар нар

Өвөрийн цасыг элэглэн инээмсэглэнэ...

Унтаж хоцорсон өвөл ичингүйрэн

Орох газаргүй болтлоо сандрана...

 

Аргалын утаа

Аагтай шаргал цайны үнэрээр

Адууны салхи хот руугаа эргэнэ

Аргалын цэнхэр утаагаараа

Эрмэг бүсгүй ханиа даллана...

 

Уртын дуу

Уран нугалааг нь угалзлан дагаж

Ус голууд зөөлөн зөөлөн урсана

Тэнүүн амьсгаагаар нь сэтгэл уужирч

Тэнгэрийн хаяа аяархан тэнийнэ...

 

Толь

Үг хэлдэггүй ч толь харин ч

Үүрд үнэнийг чинь өгүүлнэ аж...

Үг ярьдаг “толь” хүмүүн  харин

Үнэн үг хэлдэггүй байж магад...

 

Ёндонгийн Эрдэнэтогтох “Эртний баатарын шонхор”, “Үүлэн хөх морин”, “Нарийн шарга”, “Зөв санаатай гол”, “Чинадын аяс”  зэрэг шүлгийн түүвэртэй. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны утга зохиолын “Солонго”, “Сарнай” шагналт уран бүтээлч.

 

Цагийн аяс

Санаа нь хиртэй хүмүүний

Үг нь бохир болдог

Сэтгэл нь муухай хүний

Үйл нь буруу болдог           

 

Мануухай хэмээх гурван мөрт

Хотны зах дахь

Хонхилдог мануухай

Хоосон салхинд хошгирно

 

Хөлдүү газар зогссон

Хөдсөн дээлтэй мануухай

Хөл /нүцгэн/ өө эргэнэ

 

Малгайтай мануухай дээр

Махчин хэрээ цуглаж

Толгойтой эсэхийг нь маргана

 

Шөнийн мануухайн

Сүрийг нөмөрч

Сүрэг тайван хивнэ

 

Хадсан тарианы

Хатсан сүрлийг

Харамч мануухай сахина

 

Малаа алдсан хүн

Мануухайн нүдийг

Чичнэ

 

Муу хүнээс

Мурийсан сүүдэр нь

Хол дээр

 

Сүүдрээ аваад сэгсрэхэд

Шүлгийн

Шүүдэр будрана

 

Яргуй идсэн

Ямаа доргих

Ямбатай хавар

 

Хонь хурга нийлж

Хуур шанз шиг хангинахад

Хойморт нар завилна

 

М.Дурлал /Мөнхцэцэг/: Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны Цагаан Овоо сумын Арбулаг гацааны уугуул. Өвөрмонголын зохиолчдын нийгэмлэгийн гишүүн. “Нутаг буцсан адуу” шүлгийн номтой. “Занамайдар”, “”Ханьдаа өргөх аялгуу”, “Хайрын дуу”, “Зандан дээл” зэрэг дууны уран бүтээлтэй. Бүх орны бүсгүй яруу найрагчдын “Үлэмжийн чанар” хоёр уралдааны дэд байр, “Хөдөө талын хөг уянга” малчин, тариачин яруу найрагчдын анхны уралдааны тэргүүн байранд шалгарч байсан.

 

Тогтох насны аялгуу

Хаврын салхи сөрж ирээд сонор чимэглэж мөрөөдөл хөврүүлэх нь

Хаанаас аялсан хэн гэгчийн дурлалын дуу юм буй?

Хачин дотно, бүр сэтгэл гэгэлзүүлэх энэ торгон аялгуу

Хорин насны минь алиахан зүрхийг даллан дуудах нь

Гэгээн тунгалаг...

 

Д.Алтансувд: Сөнөд зүүн хошууны Хонгор сумын уугуул. Шилийн гол аймгийн зохиолчдын нийгэмлэгийн гишүүн. Бүх улсын “Хүлгийн уянга” шүлгийн наадмын хүрэл шагнал, бүх улсын бүсгүй шүлэгчдийн “Үлэмжийн чанар” шүлгийн уралдааны мөнгөн хонх шагналтан.

 

Хавар

Хаврын тухай бодож суухад

Ханзрах цасны мэгших чимээ

Хаяанаас дуулдаад...

Шинийн гийчдийн мөрөөр

Сэвэлзэх ногооны анир цухалзаад

Шинэ хавар гадаа иржээ.      

 

Жаргалын Батцэнгэл Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны Баяннуур балгасны Хөхнуур гацааны уугуул. Шилийн гол аймгийн зохиолчдын нийгэмлэгийн гишүүн. Бүх улсын найман муж орны “Элсэн эрх” яруу найргийн наадмын III, бүх улсын “Мөнх оршил” яруу найргийн наадмын тэргүүн, бүх улсын найм дахь “Хүлгийн уянга” наадмын тэргүүн, Шилийн гол аймгийн “Үзэсгэлэнт авга” яруу найргийн наадмын III байр, Сөнөд зүүн хошууны “Уянгын замбуулин” уранзохиолын уралдааны тэргүүн байрын хоёр удаагийн шагналтан.

Гурван мөрт

Хилийн заагийг

Өвс үл тоомсорлоно

Үндсээрээ тэд уулзана.

 

Шивэрч буй борооны дуслыг

Ургаж буй

Цэцгээр төсөөлөх...

 

Хирсийн эврээр хундага хийж

Архи хэмнэхэд

Зовлон амтагдана

 

Малын хөлөөр цас ханзарна

Мартагдсан үг

Бодолд ургана

 

Дорждэрэмийн Билэгбаатар. Сөнөд зүүн хошууны Баяннуур балгасын Хөхнуур гацааны малчин. 1990-ээд оноос уран бүтээл туурвиж эхэлжээ. “Тэнгэрийн ботго”, “Мөнх тэнгэр”, “Гангын урсгал”, “Долоон сэрвээ”, “Хүлгийн уянга”, “Уянгын замбуулин” зэрэг шүлэг найргийн уралдаанд амжилттай оролцож байсан.

 

Туурайн тамгатай нутаг

Хангал ороо морьд газар үнэрлэн эргэхэд

Хангайн халиун зэрэглэн хатирч ирээд зүмбэрдэнэ

Халтар мана хөхүүр  шиг нутгийн зааг бүрэлзэхэд

Хамба ногоон зүлэг унаганы уруултай нялуурна

 

Хөнөгтэй айраг шуугиж зэлний гүү саамширахад

Гүрэвчихсэн хэдэн даага уяаны цаана үүргэлнэ

Хөлдрөгө зэхэлгэсэн бууцнаас нэрмэлийн охь сэнгэнэхэд

Хүрэн тэрлэгээ хөөрүүлсэн хөтөл морьтон даргиулна...           

 

Н.Заяат. Сөнөд зүүн хошууны Баян-Уул сумын Рашаанбулаг гацааны яруу найрагч. Хайкү буюу гурван мөрт нэлээд шүлэг нь англи, япон хэлээр гадаадын сэтгүүлд нийтлэгдсэн.

 

Анчин

Хавханд эндсэн шарагчны нүдийг

Хэрээ ухсаны дараа

Хөгшин үнэг задлах гэж хүч барахыг

Яг дэргэд нь инээвхийлэн харж суух

Хэрээг ч, үнэгийг ч үл хайрлах

Хавхны эзэн өвгөнтэй нь цуг

Хөнөөчихөөд арилах

Хамгийн шилдэг анчин нь

Цаг хугацаа юм аа...

 

Тэмцэлтийн Тодбилэг: Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны Баяннуур балгасны Давшилт гацааны малчин. 2012 оноос бичиж эхлэн “Хун галуу” сэтгүүлийн 90 жилийн ойн наадмын дэд, “Хэлхээн уянга” бүх улсын наадмын тэргүүн, “Алтан тэвш” наадмын тэргүүн, Хөвөөт шар хошууны малчин зохиолчдын нийгэмлэгээс зарласан “Бууцны чулуу” тэмцээний тэргүүн байранд шалгарч байсан. 

 

Хайрын цэнхэр дорно

Цэнхэр нүдэн орчлонд

Цэв цэмцгэр амьдрахсан

Чамдаа бичсэн шүлэг шигээ

Чимх ч гуниггүй явахсан

 

Нүдэн цэнхэр орчлонд

Нүглийн өргүй жаргахсан

Нэг л амьдрах хорвоог

Нимгэн гуниггүй туулахсан

 

Борлон үүлстэй дорнод

Бадаг шүлэг шигээ уярахсан

Бардамхан чинийхээ аашинд

Бүрхэг сэтгэлгүй жаргахсан

 

Хутагтын цэнхэр дорнодод

Судрын баринтаг шиг элэгдэхсэн

Сондор чимэгтэй чинийхээ

Хувилгаан хайранд өтлөхсөн.

Энэ залуус бүгд малчид. Ихэнх нь ерөнхий боловсролын найман жилийн сургууль төгссөн гэцгээх. Ар гэрийн амьдрал ахуйдаа зовох юмгүй болсон. Одоо хязгааргүй уужим талдаа, хиргүй цэнхэр тэнгэрийнхээ дор, тал дүүрэн бэлчих таван эрдэнийхээ шимийг хүртэн, их түүхийн хаялга, эх соёлын ундрагаа манан хөгжөөж явахыг эрхэм зорилгоо болгосон улс ажээ. Уйгагүй эрэл хайлт хийх, цуглуулсанаа ариглан дээдлэх гэдэг чухал санагдах ажээ.

2023.8.3.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 153 (7138)