Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

"Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс өдөрт 4800 гаруй жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Өчигдөр манай улсад 3739 жуулчин иржээ. Энэ нь өдөрт хүлээн авах ёстой тооны зорилт 77.27 хувьтай тэнцэж байгааг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээллээ. Мөн өдөрт ирж буй жуулчдын тоо дунджаар 300-400-гаар нэмэгдэж буйг албаны хүмүүс хэлж байлаа. Ирэх жуулчдын тоо нэмэгдэж буй нь талархууштай ч зам тээврийн осол аваарт өртөх асуудал гарч байгаа нь харамсалтай. Тухайлбал, зургаадугаар сар гарснаар нийт 34 жуулчин зам тээврийн осолд өртжээ.

Кэйс 1

2023 оны долдугаар сарын 01-ний 11:35 цагт Төв аймгийн Аргалант сум, Уушгийн хөтөл гэх газарт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага цагдаагийн газарт бүртгэгджээ. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан Toyota маркийн тээврийн хэрэгсэл Булган аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байжээ. Улмаар УАЗ маркийн тээврийн хэрэгслийн жолооч 61 настай, эрэгтэй “Т” болон орчуулагч 37 настай, эмэгтэй “Б” нар гэмтэж эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байна. УАЗ маркийн тээврийн хэрэгсэлд Солонгос улсын хоёр иргэн зорчиж байсан бөгөөд гэмтэж бэртээгүй. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.

 

Кэйс 2

Дундговь аймгийн Хулд суманд Сингапур Улсаас аялж явсан зургаан иргэнийг тээвэрлэж явсан иргэн Б-ийн “Уаз-Фургон” авто машин онхолдож, зам тээврийн осол гарчээ. Энэ ослын улмаас хүний амь нас хохироогүй, Сингапур Улсын хоёр иргэн гэмтсэн хэргийг Дундговь аймгийн Цагдаагийн газар шалгаж, эмнэлгийн тусламж үзүүлжээ.

 

Кэйс 3

Эмээлт орчимд өнгөрсөн зургаадугаар сарын 16-ны өдөр гадаадын 26 иргэн сууж явсан автобус унаж осолджээ. Осолд орсон Непал улсын 26 иргэнийг нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэн иржээ. Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унасан байна. ГССҮТ-д хүргэгдэж ирсэн дээрх 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй, эрчимт эмчилгээний тасаг, хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлсэн байна. Хоёр иргэн нь хүндэвтэр боловч оношилгоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан. Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношилгоо шинжилгээнд орохоос татгалзсан байна" хэмээн мэдээллэж байсан юм.

Тэгвэл зам тээврийн осол гэмтлийн талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, ахмад Б.Энхболд “Зам тээврийн нийт ослын 70-80 хувь нь орон нутгийн замд гардаг. Орон нутгийн зам нь эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ байдаг. Энэ замд 80км цагаас илүү хурдтай явахад аюултай нөхцөл үүсдэг.  Хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх, авто замын эвдрэл гэмтэл зэргээс болж осол гардаг” гэсэн юм. Зам тээврийн осол жолоочийн буруутай үйлдлээс гадна автозамын зорчих хэсгийн эвдрэл гэмтлээс болж гарч байна. Жишээлбэл, Улаанбаатар-Чойр, Дундговь, Дорнод чиглэлийн хот хоорондын авто замд замын голд дөрвөлжлөөд ухсан нүх олон байдаг. Энэ нь зорчиход хэцүү байдаг байна. Энэ тухай хот хоорондын автобусны жолооч Б.Батням “Авто замын эвдрэл нь осол гарах гол шалтгааны нэг гэж боддог. Жолооч хурдтай явж байх үед нүх таарахад огцом дарж бусад автомашинтай мөргөлдөх, замын хажуу руу унах зэрэг осол их гарч байгаа харагддаг. Замаа засчихвал осол гэмтэл бас буурах байх” гэсэн юм.

Нэг сая жуулчин аваад нэжгээдийг нь осолдуулаад явуулж болохгүй. Тиймээс зам тээвэр, дэд бүтцийн асуудлыг анхаарах зайлшгүй шаардлага үүссэнийг дээрх 34 тохиолдлоос харж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 153 (7138)