Насантуяагийн ЖАРГАЛМАА

 

Сүүлийн хэдхэн жилд компьютерийн дэвшил, хиймэл оюун ухаан зэрэг  технологийн салбарын хөгжил ихэсч улмаар хагас зууны өмнө боломжгүй байсан зүйлс өнөөдөр бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болсон билээ. Технологийн салбар дахь хамгийн гайхалтай бөгөөд тэр хэмжээгээр аюул дагуулах боломжтой зүйл бол хиймэл оюун ухаан буюу AI юм. 1951 оноос хиймэл оюун ухааныг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Ингэсээр цаг хугацааны явцад хөгжлийн үйл явцын дараагаар орчин цагийн дэвшилтэд хүрч чадсан гэж дэлхий нийт үзэж байна. Хиймэл оюун ухааны дэвшилтэд  цар тахлын үйл явц чухал нөлөө үзүүлжээ. Учир нь цар тахлын дараагаар дэлхийн нийт цахимжилтад илүүтэй анхаарч улмаар хиймэл оюун бидний ажил, амьдралыг хэв маяг, арга барилыг тасралтгүй өөрчилсөөр байна.Мөн дэлхийн удирдагчдын энэ салбарт манлайлах эрмэлзэл нь энэхүү  технологийн салбарын хөгжлийг асар хурдацтай болгох нэгэн хөшүүрэг болж байгаа ажээ. Хиймэл оюун ухааны хөгжилийн хурд бидний төсөөлж чадахаас илүү гайхамшигтай бас хурдацтай аж. Хөгжлийн явц нь жил ирэх тусам хэд дахин хурдацтай явагдаж байна хэмээн шинжээчид үзэж байна. Робот технологи, цахимжилт хийгээд автоматчлал нь салбарыг хөгжлийн хөшүүрэгүүдийн нэг билээ.  Компьютер дэх өгөгдлөөс суралцах, гүйцэтгэлийг сайжруулах боломжийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар автоматчлал бидэнд олгож хэвшсэн. Өнөөдөр бид автоматчлалыг эрүүл мэндийн, санхүүгийн, жижиглэнгийн худалдааны гээд олон салбарт аль хэдийн ашиглаж байна.Нарийвчлан үзвэл  хиймэл оюун ухааны салбарт дүрсийг таних, байгалийн хэлийг ойлгох, компьютерийн алсын хараа зэрэг салбар технологиуд ч байна. Түүнчлэн автоматчлалын дүнд урлагийг шинээр дахин бүтээх тус салбарын ирээдүйн чиг хандлагыг шинэ орчин үеийн түвшинд хүргэх боломжтой болгосон нь хиймэл оюун ухааны нэгэн гайхамшигтай  билээ.

 

Хиймэл оюун ухаан ба түүний салбар технологуудын өнөөгийн байдал

 

• Байгалийн хэлний боловсруулалт

Энэ нь компьютерт хүний хэл яриаг таних, тайлбарлаж тоон өгөгдөлд буулгах боломжийг олгодог технологи юм. Харилцагчийн үйлчилгээ, чатбот, хэлний орчуулга зэрэг олон програмууд багтдаг хиймэл оюун ухааны нэгэн салбар билээ. Уг программууд нь аль хэдийн өргөн хэрэглээнд нэвтэрч олон нийт өдөр тутамдаа хэрэглэсээр байна

• Компьютерийн алсын хараа

Энэ нь дүрсний өгөгдлийг компьютерт таних, тайлбарлаж тоон өгөгдөл шилжүүлэхэд чиглэсэн хиймэл оюун ухааны салбар юм. Энэ технологи нь нүүр царай таних, бие даасан автомат тээврийн хэрэгсэл, хамгаалалтын систем зэргээр хэрэглээнд аль хэдийн ашиглагдаж байна. Мөн хиймэл оюун ухааны энэхүү салбарын технологийн хөгжил маш өндөр түвшинд хүрч эмнэлгийн рентгэн зурагнаас хорт хавдрын эсийг өндөр нарийвчлалтайгаар илрүүлэх боломжтой болсон нэгэн гайхалтай амжилтыг үзүүлээд байна.

• Робот техник ба хиймэл оюун ухаан

Робот техник нь хиймэл оюун ухааны хөгжлийн хамгийн бодит байж болохуйц  салбар технологи юм. Учир нь роботууд үйлдвэр, агуулах, бидний гэр дотор ч мөн ашиглагдаж байгаа. Эдгээр роботууд хиймэл оюун ухааны тусламжтайгаар нэгэн цагт зөвхөн хүний оролцоотойгоор хийгддэг байсан нарийн төвөгтэй гэгдэх ажлуудыг гүйцэтгэх боломжтой болжээ. Нэмж дурдахад хиймэл оюун ухаанаар ажилладаг дронуудыг одоо хөдөө аж ахуй, хүргэлтийн үйлчилгээ зэрэг салбарт хэдийн өргөн ашигладаг болжээ.

Энэхүү технологийн эрин үеийн салбар шинжлэх ухаанд давуу тал болон хүн төрөлхтөн бидэнд ашиглагдах олон сайн чанар бий. Харин үүнийг хэрхэн хянах болон ямарваа нэгэн зохицуулалтыг хийх шалгарсан дэлхийн жишиг загварыг одоогийн байдлаар хараахан тодруулаагүй байгаа билээ. Тийм ч учраас улс орон бүр өөрсдийн арга барил, стратегийг боловсруулж байна. Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааны салбарын хөгжлөөр эдийн засаг дахь бодитой хөгжил, цэргийн хяналтыг нэмэгдүүлж, улмаар стратегийн өрсөлдөх чадврыг нэмэгдүүлэнэ гэсэн итгэл үнэмшилтэй байгаа аж. Тухайлбал, зарим орнууд хиймэл оюун ухааныг зэвсэглэлийн салбарт ашиглах санаа агуулж байж болох тухай байр сууринаас хандаж байгаа бол үүнийг эсэргүүцэн буруушааж дэлхий нийтийн ашиг сонирхлыг гол зорилтоо болгох хэрэгтэй гэдгийг зарим улс орнууд сануулж байгаа билээ. Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааны талаарх үндэсний үзэл баримтлалдаа  хиймэл оюун ухааны судалгаа, хиймэл оюун ухааны өгөгдөл, алгоритмын ёс зүй, хиймэл оюун ухааны засаглал, төрийн үйлчилгээ дэх хиймэл оюун ухааны хэрэглээ гэх таван үзүүлэлтүүдийг голлон анхаарч байгаа ажээ.

 

Дэлхийн хиймэл оюун ухааны бодлого

 

 Эдийн засаг гадаад бодлогын хүрээгээр нэгдүгээрт бичигдэх их гүрэн АНУ хиймэл оюун ухааны салбарт гүйцэтгэх тушаалыг батлахаар боловсруулж байгаа. Тэдний үзэж буйгаар уг тушаалын дагуу тодорхой хэмжээгээр уг салбарт засгийн газрын зүгээс хяналттай байлгах боломжтой ажээ. Харин хүн амын тоогоороо тэргүүлж буй эдийн засагт шинээр хүчирхэгжиж байгаа Энэтхэгийн хиймэл оюун ухааны үндэсний стратеги “Ai for All” буюу хүн бүрт хиймэл оюун ухааныг хүртээмжтэй байлгахад илүүтэй анхаарч байна. Улс төрийн ардчилсан дэглэмтэй орнуудын хувьд энэ салбар илүүтэй нээлттэй хандаж, төрийн үйлчилгээний салбарт хиймэл оюун ухааныг оруулах эрмэлзэл өндөр байгаа нь ажиглагджээ. Харин дэлхийн томоохон эдийн засгийг бүрдүүлэгч хэдий ч улс төрийн хувьд тоталитар дэглэмтэй Хятад улс өөрсдийн уг салбар дахь баримталж буй бодлогыг төдийлөн ил тод байлгахыг хүсэхгүй байгаа хэдий ч дараагийн үеийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Цар тахлын дараагаар европын орнуудын эдийн засгын байдал хүндхэн хэвээр байсаар байна. ХБНГУ-н хувьд хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлийн салбарт илүүтэй ашиглах “үйлдэвэрлэлийн AI” хөгжүүлэлтэд анхаарч байна. Франц улс Европын холбоотой хамтран “Хүн төрөлхтөнд зориулсан хиймэл оюун ухаан” стратегийг хөгжүүлж байна. Европын холбоо хиймэл оюун ухааны салбарт дэлхийн жишгийг тогтоох эрмэлзэл өндөр байгаа бөгөөд тэд хуулийн зохицуулалтуудыг нарийн чанд баримтлахаар ажиллаж байна. Дэлхийн эдийн засагт аялал жуулчлалын салбараар хүч төрөн гарч ирж байгаа Зүүн Өмнөд Азийн орнууд бүс нутгийн хүрээнд “Ai-хөтөч” хэрэгжүүлэхээр ажиллаж Сингапур улс нь энэ салбарт Зүүн Өмнөд Азийг тэргүүлж байгаа юм. Дээрх улс орнуудын үзэл баримтлалаас гадна "Пан-Канадын хиймэл оюун ухааны стратеги"-ийг хамруулан дэлхийн бодлогыг ирээдүйд тогтвортой, урт хугацаандаа ашиг өгөхүйц байлгаж,  хүн бүрт хүртээмжтэй байлгахаар Засгийн газрууд ажиллаж байгаа хэмээн үзэж болохоор байна. Эдгээр стратегиудын үндсэн үзэл баримтлал нь хиймэл оюун ухааны салбар дахь судалгаа, хөгжлийн замнал, салбар дахь хөрөнгө оруулалт, хийгээд олон улсын хамтын ажиллагаа, зэргийг хамруулан хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, ашиглалтын хамгийн сайн зохицуулалтын тогтолцоог бий болгоход оршиж байна.

 

Хиймэл оюун ухааны ирээдүй

 

Ажиглагчдын үзэж байгаагаар энэхүү технологид суурилсан салбарын хөгжил урьд өмнө аль ч салбарын хүрээнд хэзээ ч байгаагүйгээр асар хурдацтай явагдаж байна. Улмаар нийгэмд үзүүлэх нөлөөллийн хэмжээ ч мөн чухалд тооцогдож байна. Хиймэл оюун ухаанаар дамжуулан зөвхөн хүний оролцоо шаардагдаж байсан зүйлс өөрчлөгдөж байгаа нь сайн хэдий ч сөрөг талууд сүүдэрт байсаар байгааг санах хэрэгтэй. Дэлхийн удирлагчдын эрх ашиг зөрчилдөөнтэй энэ цаг үед улс орон бүрт мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал хамгийн тэргүүнд шаардагдаж байна. Эрх ашгийн зөрчилдөөнүүд илүү хурцдах эрсдэлтэй байдалд хиймэл оюун ухааны зэвсэглэлийн салбарт оруулах нь магадгүй цөмийн зэвсгээс ч илүү аюулыг дагуулах боломжтой гэдгийг судалгаануудаас үзэж болно. Энэ эрин үеийн хувьд хиймэл оюуны салбар нэн шинэ зүйл бөгөөд үүнээс үүсэх эрсдэл хийгээд хил хязгаарыг нарийн тодорхойлоход төвөгтэй хэвээр байна. Аливаа шинжлэх ухааны нээлтүүд, технологиуд хүн төрөлхтөн болоод байгаль орчны тэнцврийг хадгалсан нийтлэг үнэт зүйлд суурьласан байх шаардлагатай гэдгийг өнөөгийн дэлхийн дахинд үүсээд буй асуудлууд бидэнд сануулж байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюунтай холбоотойгоор хөндөгдөж буй ажлын байрны шилжилтийн асуудлууд, мөн түүнчлэн хөгжлийн явцад өөр асуудлууд үүсэж болох хэдий ч  хиймэл оюун ухаан нь уур амьсгалын өөрчлөлт, өвчин эмгэг, ядуурал зэрэг дэлхийн дахинд хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой технологийн шийдэл байж ч болох юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 153 (7138)