Д.ДАРАМБАЗАР
Монголын волейболын эрэгтэй баг тамирчид 1962, 1966, 1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан ч олон улсын тэмцээнээс медаль хүртэж байгаагүй. Энэ түүхийг 2023 онд Монголын волейболын тамирчид өөрчилж, шинэ түүхийг бичлээ. "Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Монгол Улсын шигшээ багийн ахлагч, ОУХМ А.Даваажаргалыг урилаа. Тэрбээр волейболын спортоор 16 жил хичээллэхдээ Монголын үндэсний дээд лигт олонтоо түрүүлж байсан. Мөн сүүлийн гурван жил Хасу Мегастарс багаа удирдан мөнгөн медалийн эзэд болсон юм.
-Волейболын спортын тамирчид шинэ түүхийг бичиж, Азийн наадмаас анхны медалиа хүртлээ. Медалийн болзол хангахад мөрөөдлөө биелүүлсэн мэт санагдаж байв уу?
-Өнгөрсөн зургадугаар сард Төв Азийн волейболын холбооноос Үндэстнүүдийн лигийн аварга шалгаруулах тэмцээнийг Киргизстан улсад зохион байгуулж, манай улсын баг анхны олон улсын медалиа хүртсэн. Тэмцээнд зургаан орны долоон баг тойргоор тоглосон. Зоонд хуваагдаагүй учраас хэн олон хожилтой нь түрүүлнэ гэсэн үг. Хожигдох эрх байхгүй, нэг бөмбөгнөөс хамаарсан тоглолтууд болсон учраас манай баг учраа бүхэнтэйгээ няхуур тоглолтыг гаргасан. Тэмцээний үеэр хэддүгээр байрт явж байгаагаа хартал Узбекстаны багтай оноо тэнцүү байлаа. Хэрэв хожиж чадвал медалийн болзол биелүүлнэ гэдгийг тэмцээний үеэр мэдэж, хайнаагаа хагална гэсэн зорилготой талбайд гарсан. Багийнхан маань ч түүх бүтээх тоглолт гэсэн бодолтойгоор алдаагүй тоглолт үзүүлж хожсон. Энэ үед л Азийн наадмаас медаль хүртэнэ гэсэн зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлсэн мэт болсон. Манай багийнхан ч түүх бүтээж, волейболын анхны хүрэл медальтан болцгоосон.
-Тэмцээний дараа дахин Азийн томоохон сорилд оролцлоо. 16 орны шилдгүүд цугларсан энэ тэмцээнд өөрсдийн ур чадварыг гайхуулж чадсан байх?
-Энэ тэмцээнд дэлхийн зэрэглэлтэй багууд ирж оролцсон. Манай тамирчид ур чадварын хувьд эдгээр 16 орны тамирчдаас дутаагүй ч бага зэрэг намхан байсан. Мөн арын албаныхан нь үнэхээр олуулаа. Бүх статистик, ямар алдаа байгаа талаарх мэдээллийг дор бүр нь гаргаж, тоглох арга техник, довтолгооны хувилбар зэрэг бүх зүйлсийг нь хэлж өгч байсан. Энэ нь ч хожил авахад чухал нөлөөтэй юм билээ. Харин манай баг зөвхөн дасгалжуулагчийнхаа л зааврын дагуу тоглосон. Бидний тоглолтыг хараад Монголын тамирчид ур чадвараараа дутахгүй гэдгийг ойлгосон байх.
-Шигшээ багийнхан дараалсан тэмцээнд оролцож байгаа болохоор бэлтгэл өндөртэй байгаа байх?
-Шигшээ багийнхан хоёр гурван зааланд боломжоороо бэлтгэлээ хийдэг. Гэтэл волейболын спорт орон зай их шаарддаг. Монголдоо бэлтгэл хийгээд гадны улсын стандарт хангасан зааланд тоглох өөр. Тиймээс тэмцээний өмнө очиж, зааланд нь тоглож үздэг. Ингэснээр заалныхаа орон зайг мэдэрч, илүү сайн тоглолтыг үзүүлдэг.
-Удахгүй волейболын үндэсний дээд лиг эхэлнэ. Гал гарсан тоглолт олон болох байх даа?
-Олон улсын хуваарьт хоёр тэмцээний дараа дээд лигийн тоглолт эхэлнэ. Шигшээ багийн тамирчдын тэмцэл эхэлж, хэн илүү вэ гэдгээ волейбол сонирхогчдод харуулна. Мөн багууд өнгөрсөн жил шигээ легионер тамирчид авчрах байх. Манайх ч тэдгээр тамирчидтай дүйцэхүйц тамирчдыг авчирч, хүч тэнцүү тоглолтыг өрнүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Та ямар ч тэмцээний үеэр сэтгэл хөдлөлийг бага гаргадаг. Сая болсон тэмцээнүүдэд ч энэ байдлаа харуулсаар байлаа?
-Волейбол бол нөхөрлөлийн спорт. Тиймээс хожиж, хожигдох үедээ нэг хэмийг барьж тоглохыг хичээдэг. Мөн олон жил энэ спортоор хичээллэлээ. Түүний үр дүнд сэтгэл хөдлөлөө дардаг болж чадсан байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 152 (7137)