Д.ОЮУНЧИМЭГ
“Хүртээмжтэй боловсролын төлөө багш нарын нэгдэл” энэ жил анх удаа зуны зуслангийн сургалтыг Баянзүрх дүүргийн скаутын холбоотой хамтран зохион байгуулж буй. “Хялбар хими” сургалтын төвөөс эхлэлтэй Улсын багш нарын олимпиадын аварга 120 гаруй багшийг нэгтгэн хамтран байгуулсан сургалт, судалгааны “Хүртээмжтэй боловсролын төлөө багш нарын нэгдэл” зөвхөн хими гэлтгүй физик, математикийн хавсарсан сургалт зохион байгуулах болсон тухай тус төвийг үүсгэн байгуулагч Б.Оюунболд ярьж байв. Тус төв дөрвөн салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жил анх удаа “SUMMER MATH+SCOUT CAMP” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.
Наадмын дараах буюу гурав дахь ээлжинд 120 хүүхэд хамрагдсан бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын дунд сургуулийн байранд хичээллэн хүүхдүүдээ сурагчдын дотуур байранд байрлуулжээ. Оройн хоолны өмнө сургуулийн гадаа хүүхдүүд хөөцөлдөж тоглож байхтай таарлаа. Саравчинд нэг хэсэг нь сууцгаажээ. Жижигхэн бор хүү биднийг их л нухацтай харж байснаа дөхөж ирээд “Хэн дээр ирсэн юм бэ. Эргэлт авахгүй гэсэн шүү дээ. Та хэний ээж вэ” гээд элдвийг асуунгаа гар дагуулан харах. Багш нь хаана байна гэх миний асуултыг анзаарах сөхөөгүй цааш гүйж усан оргилуурын дэргэд тоглох хэсэг хүүхдүүдтэй хөөцөлдөж эхэлсэн юм.
Зуслангийн менежерийг Б.Сэвжид гэдэг. Түүнтэй хэсэг хөөрөлдөн хүүхдүүдээс сэтгэгдэл авах гэсэн юм гэхэд минь дэргэд минь зогсож байсан жаалхүү “Би ярьж болох уу” гэснээ эргээд гүйчихэв. Төд удалгүй “Эгч намайг ярь, ярь гэж байна” гэсээр дуржигнуулж эхэллээ. Түүнийг Ө.Дүүрэнсар гэдэг. “Надад бүх юм таалагдаж байгаа. Эхлээд хичээл орно. Тэгээд л чөлөөт цаг эхэлнэ. Би чөлөөт цагаараа волейбол тоглоно. Өрөөгөө цэвэрлэнэ. Бас найзуудтайгаа юм ярьж суунаа. Би өрөөнийхнөөсөө гадна гурван давхарт байгаа бүх хүүхдүүдийг танина. Зөндөө л найзтай боллоо. Зусланд явах гоё бас олон найзтай болсон” хэмээн нэг амьсгаагаар шахам л шулганав. Дүүгээ хардаг том агаа хэдий ч тэрбээр таван настай. Биднийг ярилцах зуур О.Азжаргал охин “Би зуны сургалтад хамрагдаад олон найзтай болсон. Манай найзууд надаас юмаа харамладаггүй. Бас би найзуудтайгаа шатар, даам тоглодог. Би Шинэ эрин сургуульд орохоор бэлтгэж байгаа. Тийм болохоор ойлгохгүй байгаа хичээлээ багшаасаа асуугаад сайн ойлгодог болсон. Манай багш сайхан сэтгэлтэй, үнэхээр гоё заадаг. Өнөөдөр манай өрөөнд шинэ охин орж ирсэн. Нээрээ багш маань өгүүлбэртэй бодлогыг дөрөв бас зургаан янзаар боддог арга зааж өгсөн. Би зуны сургалтад хамрагдсандаа баяртай байгаа. Зуслангийн багш нар болон өдөрт зургаан удаа хоол хийж өгдөг тогооч багш нартаа баярлалаа” хэмээн хэвлүүхэн ярих сэргэлэн охин найзуудтайгаа тоглохоор цааш гүйлээ.
Тус төвийг үүсгэн байгуулагч Б.Оюунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид сургалтаа ямар нэг шалгуур тавьж явуулдаггүй. Тиймээс энэ удаад ч мөн шалгуур тавихгүй. Харин 8-16 насны хүүхдүүдийг хамруулна. Зуны хөтөлбөр маань математикийн хичээлийн хоцрогдолыг арилгахаас гадна англи хэлний ярианы чадварыг сайжруулахад чиглэсэн. Мэдээж үүнтэй зэрэгцэн оюун ухаан, сэтгэл зүй, бие мах бодийг хөгжүүлэх, амьдрах урлагт суралцах, сэтгэхүй хөгжүүлэх боломжтой. Мөн өөрийгөө илэрхийлэх чадварт суралцахаас гадна уйдах завгүй, утасны хэрэглээгүй 10 хоногийг үдэх юм” гэжээ.
Зуны сургалтын менежер Б.Сэвжид “10 хоногийн найман өдөр 25 цагийн хичээл орж байна. Түүнчлэн орой нэмэлтээр давтлага хичээл орж байгаа. Хүүхдүүд сайн ойлгож чадаагүй зүйлээ багшаас дахиж асуугаад хичээлээ давтах боломжтой. Хүүхдүүд зусланд явснаараа бие даах чадварт илүү суралцдаг. Өөрийнхөө байгаа орчинд хүүхэд хэрхэн биеэ авч явах вэ. Хүүхдүүдтэй яаж харилцах вэ гэдгээс эхлээд хүүхэд бүрт сурах, суралцах зүйл их бий. Өөрөөр хэлбэл, хүүхэд бие хүн болж төлөвшихөд хамгийн дөхөм байдаг юм шүү дээ, зуны сургалт.
СТМ буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн хичээлд хүүхдүүд маш дуртай байдаг. Хүүхэд бүр өөр өөрийн онцлогоор хандаж байна. Зарим хүүхэд харж байгаад суралцдаг бол зарим нь нэг бүрчлэн өөрөө хийж, барьж үзэж, мэдэрч суралцдаг. Энэ бүх боломжийг бид зуны сургалтаараа олгохоор ажиллаж байгаа. Хүүхдүүд маань сэтгэл хангалуун байгаагаа бидэнд хэлдэг. Багш нартаа баярлаж байгаа тухайгаа дандаа л хэлж байна. Энэ бол хүүхэд бусдад баярлаж талархснаа илэрхийлж, өөрийгөө бусдад ойлгуулж, хүнтэй хамтарч ажиллаж, найз нөхөддөө хэрхэн дэм тустай байх вэ гэдэг суралцаж байгаагийн хэлбэр” хэмээн ярьж байлаа.
“Хоолондоо, хоолондоо” хэмээн дотуур байрнаас хоёр дэрсхэн хүү гарч ирээд хоёр тийшээ салж гүйгээд хашхирч байгаа нь гадуур тоглож байгаа хүүхдүүдээ цуглуулж байгаа нь аж. “Ямар хоол гарсан бэ” гээд охид хоёр хоёроороо хоолны заал руу орж байлаа.
Сургуулийн биеийн тамирын заалны хойд талын буланд хүүхдүүд сагс тоглоно. “Хоолондоо” гэхийн анзаарах ч сөхөөгүй ана, мана “үзэлцэж” байгаа хүүхдүүд шовхоо үзэж байгаа нь гэнэ. Наад талд нь хэсэг охид бөмбөгөөр харилцаж байгаа харагдав. Хөлс нь гоожиж, улаа бутарсан жаахан хөвгүүд “Багшаа орой гадаа тоглуулах уу” гэсээр хоолны заал руугаа явсан юм.
Хүүхдүүд дасан зохицож бас хүний эв олж давгүй сайхан байгаа аж. Математикийн хичээл дээр ойлгоогүй бодлогоо хэрхэн ойлгосон тухайгаа Б.Болорчимэг, Б.Уянгалан хоёр ам уралдан ярьж байв. “Мат”-ын багш ёстой хөөрхөн. Би аравтын бутархайгаа ойлгоогүй байсан чинь одоо бүр галзуу боддог болсон, гоё хэмээн Болор охиныг ярихад Уянгалан “Би хичээлээсээ чөлөө авсан өдөр заасан байна тээ” гэж байв. Тэд СТМ-ын хичээл гоё, бас чөлөөт цагаараа шатар, даам тоглох гоё, зааланд бөмбөг тоглоно, бас танилцах үдэшлэг гоё болсон зэрэг бүхий л зүйл “гоё, гоё” гээд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан ярьцгаана. Хүүхдүүдэд таатай бас заримдаа гэртээ харимаар ч үе гардаг бололтой. Зусландаа очсон орой хүүхдүүдийн утсыг хурааж авчээ. Тэр үед “Ёо” хэмээн үнэхээр эгдүүцэж байсан тухайгаа А.Ирмүүн хэлэв. Гэхдээ утасгүй байгаа нь түүнд илүү таалагдаж байгааг мөн ярьсан юм. Тэрбээр “Эхлээд хэцүү санагдаж байсан. Хэсэг хугацааны дараа утасгүй байх нь зөв юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл, найзуудтайгаа илүү дотно ярилцаж, бие биенээ илүү ойлгодог болсон. Тиймээс хүүхдүүдийг утасны хэрэглээгээ багасгаад амьд харилцаа үүсгэх хэрэгтэй юм байна гэж уриалмаар санагддаг болсон” тухайгаа хэллээ.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ яаж байгаа бол, ямар байгаа бол гэхээс илүүтэй тухайн сургалтын байгууллагыг итгээд сонгосон бол 10 хоног багш нарт нь даатгаад орхидог байгаасай хэмээн сургалтын төвийнхөн хэлж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 152 (7137)