Д.ЦЭРЭННАДМИД
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Зүүн цэцүүхийн хөндийн саруулхан дэнжид нэгэн өвөрмөц баяр боллоо. Энэ нь уг нутгийн өвөг дээдсийн нэгэн Д.Дагва гэдэг хүний үр удмынхан хуран чуулсан ургийн баяр-уулзалт, өдөрлөг юм. "Үсгий" хэмээх Д.Дагва 11 хүүхэдтэй анчин хүн байж, тэдний дотор ажил, үйлсээрээ бусдаас содон нэг нь "одон" хэмээх Д.Дамдин байжээ. Энэ хүн Ардын цэрэгт байхдаа хувьсгалын үйл хэрэгт үнэнчээр хүчин зүтгэж дайн байлдаанд оролцож Тариат, Рашаантын хүрээний бослогыг дарах зэрэг онцгой нөхцөлд гарамгай гавьяа байгуулснаар тэр нь маршал Х.Чойбалсанд өндөр үнэлэгдэж улмаар цусан гавьяаны одонг тэр нутгаас анх хүртсэн учир олны дунд "Одон Дамдин" гэж алдаршсан байдаг. Тэрбээр басхүү Архангай аймгийн Төвшрүүлэх, Хангай суманд намын үүрийн дарга байгаад амьдралынхаа сүүлийн жилүүдэд хоршоо, худалдааны ажил хийж явжээ. Энэ тухай түүний хүү хурандаа Д.Гриша дурсан ярьсан юм. Өдөрлөгт гурван насны морь уралдаж аймаг, сумын алдар цолтон оролцсон хүчит 64 бөх зодоглон бас хүүхдийн барилдаан, сур харваа болсон юм. Мөн гарбөмбөгийн тэмцээн, дуу хууртай шоу цэнгээн учран уулзсан ахан дүүсийг баярлууллаа. Өдөрлөгт оролцогсдын дотор зөвхөн нэг бүлийн үр хүүхэд, ач зээ нийлсэн 300 гаруй хүн хамгийн олон нь байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 151 (7136)