Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Үзүүр нь үл харагдах талыг туулсаар Дорноговь аймагт ирлээ. Амгалан говийн нар алгуурхан дээш мандсаар шинэ өглөө, шинэ өдөр ийнхүү эхлэх ажээ. Ийм олон өглөөг итгэл дүүрэн угтсан говийн хүмүүс тэнгэр шигээ уужим ухаантай, тал шигээ тайван улс байх. Өнөөдөр тэд ганган дээлээр гоёж, аймгийн төв Сайншанд хот тун ч хөл хөдөлгөөн ихтэй байна. Эл өдөр хүмүүн төрөлхтний буурал түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн Говийн V догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой тохиож буй нь энэ юм.

Говийн V догшин ноён хутагт Д.Данзанравжаа нь яруу найрагч, ая зохиогч, жүжгийн зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач хүн байсан юм. Мөн 1830 онд анхны театр “Намтар дуулах давцан”-г байгуулж “Саран хөхөө” хэмээх алдарт зохиолоо бичжээ.  Энэхүү театртаа “Эзэн Чингис”, “Мандухай хатан” зэрэг жүжгийг тоглуулан нүүдэлчдийн өвөрмөц театрын суурийг анх тавьсан юм. 

Тэгвэл түүний мэндэлсний 220 жилийн ойг хөх тэнгэрийн дор, задгай театрт, түүний амьдрал ахуй, баяр баясал хийгээд, зовлон шаналал, амьдралыг нь шингээсэн “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээр нээсэн нь энэхүү наадмын гол онцлог байв.

Уг бүтээлд дэлхийн сонгодог урлагийг ардын дуутай хослуулахаас гадна, монгол бүжгийн уран тансаг хөдөлгөөнд хүмүүний амьдралыг бүхэлд нь багтааснаараа содон байсан юм. Энэхүү бүжгэн жүжгээр нээлтээ хийсэн нь аргагүй л Монголын театрыг үндэслэгч Д.Данзанравжаагийн нутаг юм гэсэн гэгээн бодлыг төрүүлж байв. Түүнчлэн дээрх бүжгэн жүжгийн хөгжим болон бүжгийн дэглэлт, цомнол, жүжгийн гол дүр гээд бүхий л зүйлд  Дорноговь аймгийн алдар цуутнууд тоглож, гар бие оролцсон ажээ.

 

“10 жилийн өмнө санаа нь төрж өнөөдөр биелэлээ оллоо”

 

 “Тэнгэрийн Хутагт” бүжгэн жүжгийн найруулагч, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүүтэй жүжгийн талаар ярилцлаа.

-Ноён хутагтын амьдралыг өгүүлсэн бүжгэн жүжгийг найруулж үзэгчдэд толилуулаа. Та Дорноговь аймгийн уугуул гэсэн үү?

-Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж, Улаанбадрах суманд өссөн. Дорноговийн хүүхдүүд сургуульд ороод бүгд бүжиглэдэг. Бүжиглэж үзээгүй хүүхэд байхгүй байх. Түүний адилаар би ч Замын-Үүд сумын “Говийн уянга” хамтлагт бүжиглэдэг байлаа. Хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчнээр төгсөөд Москвагийн Театр урлагийн академид суралцсан. Одоо Үндэсний урлагийн их театрт бүжиг дэглээчээр ажиллаж байна. Ноён Хутагтынхаа 220 жилийн ойн уран бүтээлийн бүжиг дэглээч, найруулагчаар ажиллалаа. Энэхүү бүтээлийг 14 хоногийн дотор бэлэн болгож, үзэгчдийн хүртээл болголоо.

-Бүжгэн жүжгийн зохиолоос эхлээд бүтээл босох бүх ажилд дандаа Дорноговийн уран бүтээлчид оролцсон гэсэн. Энэ талаар та сонирхуулахгүй юу?

-“Тэнгэрийн хутагт”  жүжгийг Дорноговийн авьяаслаг уран бүтээлчид гар нийлж бүтээснээрээ онцлог боллоо. Энэхүү бүжгэн жүжгийг санаачлагч буюу гүйцэтгэх продюссераар Х.Ганбаатар, цомнолыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат ах бичсэн. Ямар нэгэн уран бүтээл дэмжлэг туслалцаагүйгээр бүтэхгүй. Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан манай ерөнхий продюссероор ажилласан. Жүжгийн урлагт ус агаар нь хөгжим шүү дээ. Бүжгэн жүжгийн хөгжмийг Дорноговь аймгийн уугуул хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ах маань хийсэн. Харин би ерөнхий бүжиг дэглээч болон найруулагчаар ажиллалаа. Олон хүний хүч хөдөлмөрөөр өнөөдөр цэнгэлдэх дүүрэн үзэгчтэй, анх удаа задгай тайзан дээр бүжгэн жүжгээ тоглож үзүүллээ.  Энэ жүжигт гар бие оролцсон бүх хүнд танай сониноор дамжуулан талархал илэрхийлж байна.

-Бүжгэн жүжигт хутагтын бага нас болоод идэр насны тухай онцолсон нь сонирхолтой санагдсан. Дүр бүтээсэн бүжигчид нь хүртэл ур чадварын хувьд их сайн юм билээ?

-Дорноговийн ард түмэн бүжигт дуртай. Монгол Улсын урлагийн мэргэжлийн байгууллагуудад манай аймгаас төрсөн олон бүжигчин ажиллаж байна. Ноён хутагт Д.Данзанравжаагийн бага насны дүрд Б.Эрхэм-Эгшиглэн, идэр насны дүрд Үндэсний Урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр, Данзанравжаагийн хайртай бүсгүй Цогзулын дүрд Үндэсний урлагийн их театрын залуу бүжигчин Б.Болор, Данзанравжаа хутагтын ээжийн дүрд Ш.Батгэрэл, Манжийн хаанд Г.Энхбаатар, дагуулд М.Даваа нар тоглосон. Бүгд Дорноговийн унаган хүүхдүүд. Миний эхнэр С.Цэцэгээ, Д.Энхбаатар, балетын жүжигчин М.Нямтайван нар бүжиг дэглээчээр хамт ажилласан. Мөн УДБЭТ-ын балетын жүжигчид, Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчид, циркийн багийнхан, Үндэсний урлагийн их театрын бүжигчид, Хөгжим бүжгийн консерваторийн бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн оюутнууд, “Саран хөхөө” театрын уран бүтээлчид, Сайншанд сумын нэг, хоёрдугаар сургуулийн авьяаслаг бүжигчин хүүхдүүд оролцсон.

-Хувцас хэрэглэл их сүртэй болжээ. Хаана хийлгэсэн бэ?

-Тайз хувцасны зураач аар Д.Ганпүрэв гэдэг залуу ажилласан. Харин хувцас хэрэглэлийг Дорноговь аймгийн оёдлын мастерууд урласан. Нүүр будалтыг Н.Сувдаа SCUTI make up studio Хамт олон хамтран ажиллаа. Мөн л бүгдээрээ Дорноговийнхон.

 -“Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг Улаанбаатарт дахин тоглоно гэсэн. Задгай театрт тоглох уу?

-Жүжиг өөрөө театрын уран бүтээл. Баруун болон Европын орнуудад задгай театрт жүжиг их тоглодог. Энэ удаа бид ямар ч хөшиггүй задгай театрт тоглолоо. Харин дараа нь театрын уран бүтээл болгож, тоглоно гэсэн зорилго тавьсан. Нутгийн удирдлага, продюссеруудтайгаа ярилцаж байгаад Улаанбаатарт хэзээ тоглохоо товлоно. Уран бүтээл төрөөд цааш архивлагдах биш олны хүртээл болж байх ёстой. Тиймээс бид аль болох олон хүнд хүргэхийг хичээх болно.

-Тайз, техникийн хувьд шинэлэг зүйлс олон байх шиг байсан?

-Бид техникийн шинэ шийдлүүдийг хийсэн. Тайзан дээр бороо оруулсан. Доороос нь булаг, шанд гаргалаа. Тайзны гол нь өргөгддөг. Өргөгдсөн хэсэг нь эргэдэг зэргээр олон туршилт, санаануудаад хийж үзлээ.

-Та хутагтын 210 жилийн ойгоор бас бүжиг дэглэж байсан гэсэн үү?

-Би 2012 онд ОХУ-ын театр урлагийн их сургуулийг төгсөж ирээд хутагтын 210 болон 215 жилийн ойн бүжгийг дэглэж байсан. 210 жилийн ойгоор шагайн харвааг оруулаад эрийн дөрвөн наадмаар хүүхдийн чуулбар бүжиг хийж байлаа. Ингэхдээ хутагтын гурван шүтээн буюу хилэнц, хун шувуу, Дарь-Эх гэсэн 150 хүүхдийн чуулбар тавьсан удаатай. Тэр үед ирээдүйд хутагтынхаа тухай бүжгэн жүжиг хийвэл гоё юм байна хэмээн бодсон. 10 жилийн дараа ийнхүү биеллээ оллоо.

-Цаасан дээр буусан зохиолыг бүжгийн урлагаар илэрхийлнэ гэдэг амаргүй ажил шүү ?

-Зохиолч маань зохиолоо өргөн цар хүрээтэй бичсэн байсан. Түүнийг би бүжиг рүү хэрхэн хөрвүүлэх вэ гэдгээ бодно. Мөн бүжгийн ус агаар нь хөгжим. Хөг аялгуу хэрхэн гарна бүжгийн зохиол тэр хэрээр сайн болдог. Тиймээс Ш.Өлзийбаяр ахтайгаа хамтарч, богино хугацаанд шаргуу ажиллалаа. Үзэгчийн сэтгэгдэл ч өндөр байх шиг харагдсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 151 (7136)