Д.ОЮУНЧИМЭГ

 

Төв сайхан нутгийн зөв сайхан хүмүүс түүхт 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоороо Төв аймагчууд дэнж хотойтол наадлаа. Наадмын нээлтийг үзэж огшсон наадамчин олон урлаг, спортын алдартнуудаараа бахархаж, хүндэтгэн нутгийн уул усны авшиг буяны хишиг хэмээн уухайлж байв. Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Төрөлх сайхан нутаг Төв аймаг бол Монголын гал голомтыг түшиж ирсэн Түшээт хан аймгийн түүхийн үргэлжлэл, улсын хөгжлийн төв бүс нутаг билээ. Монголын үндэсний хувьсгалыг бэлтгэж явуулах бүхий л үйл явцыг Түшээт хан аймгийн харьяатууд голлон удирдсан бөгөөд Түр Засгийн газрын анхны бүрэлдэхүүн, ардын засгийн анхны долоо гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эрхмүүдийн зургаа нь Түшээт ханыхан байжээ” хэмээн тодотгож нутгийн зон олон, зочилж ирсэн төлөөлөгчид, нутгаас төрсөн алдар суутнууддаа хүндэтгэл үзүүлэн мэндчилсэн юм.

Богдхан уулын аймаг нь зүүн талаараа Хэнтий нуруу хүрч, хойт талаараа ОХУ, өмнөт талаараа Хятад улсын хил хүрч Монгол Улсын газар нутгийн дөрөвний нэгийг хамарсан өргөн уудам нутаг дээр эдүгээгээс 100 жилийн тэртээ гал голомтоо бадрааж байсан Төв аймаг одоогийн Лүн сумын нутаг, Өвөр долоод гэдэг газар төвлөсөн түүхтэй. Өдгөө засаг захиргааны хувьд Монгол Улсын хамгийн олон буюу 27 сум, 97 багтай аймаг болж, 94.5 мянган хүн амтай, 5.1 сая толгой мал сүрэгтэй, 306.8 мянган га талбайд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, нийгэм, соёл, дэд бүтэц, эдийн засаг, хөдөө аж ахуйн цогцолбор болж, улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэн хөгжиж байна.

Төв аймагчууд улсын эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн хөгжлийг манлайлж, улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үүргээ тасралтгүй нэр төртэй хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч улс болох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болон хөгжсөн хэмээн аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар онцолсон юм.

Нийслэлд ойрхон аймаг хөгждөггүй юм байна гэх хэлц шахуу үг нийтийг хамран түгсэн. Үнэндээ ч хөгжил “сул” байсныг үгүйсгэхгүй. 5, 3 давхар бор саарал орон сууцтай халуун усгүй байсан нь саяхных. Гэхдээ 100 жилийн босгон дээр Төв аймаг өнгө засахын зэрэгцээ үйлчилгээ, зам харгуй давгүй сайхан болсныг түүхэн ойн баяр наадмыг үзэж сонирхох олон, зочид төлөөлөгчид, уригдсан бүхэн ам уралдан магтаж байв. Шинэ орон сууцны хороолол сүндэрлэхтэй зэрэгцэн аймгийн төвийн зам Зуун мод сумын баг хороодтой холбогдож “хот” дундах зам харгуй дардан сайхан болсон байлаа.

Наадмын нээлтийг шагшин магтах үзэгч олон бөхийн барилдаан, морины уралдаанд чих тавих зуураа “Өв соёлын өргөө” цогцолборт байрлах сумдын болоод аймагт харъяалагддаг төрийн байгууллага, газар хэлтэс, төрийн бус байгууллагуудын гэрээр зочлон наадмын өнгө, аясыг хуучлан ирээдүйд хэрхэн өргөжин тэлэх зураг төөргийг ам уралдан зурж байлаа.

Орон нутгийнхаа бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэл, бүх түүхэн цаг үед онцгой үүрэг гүйцэтгэж, аймгийн эдийн засаг, нийгмийн салбарын бүхий л ажлыг нуруундаа үүрч шинэ зуунтай золгуулсан үе үеийн Ардын Их хурлын депутатууд, Улсын Их Хурлын гишүүд, аймгийн удирдлагууд болон ахмад зүтгэлтнүүд, малчид, тариаланчид, баялаг бүтээгчид, нийт төрийн албан хаагчиддаа Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар нар түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, өнөөдрийн ололт, амжилтын эхийг тавьж, шанг татаж, аймгийнхаа хөгжилд шингээсэн оюун ухаан, ур чадвар, хөдөлмөр бүтээл, мэргэжил туршлага тань хойч үедээ өвлөгдөн, дэлгэрч амжилтын гэгээн замыг гэрэлтүүлж, дардан байлгана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байв.

Төв аймаг түгжирч 100 жилийн түүхэн ойгоо эхлүүлсэн. Төв цэнгэлдэхээс “Өв соёлын өргөө” цогцолбор хүрэх зуур түгжрэх нь содон. Цогцолборыг тойруулан барьсан цомцог гэр сумдын нэртэй. Цагаан толгойн үсгээр зүүн хойд талаасаа эхлэн эрэмбэлж сумдаа байрлуулжээ. Төв дунд нь наадамчин олныг цэнгүүлэх их өргөөнд эрийн гурван наадмаа өргөн дэлгэцээр үзэн налайх түмэн түүхт ойн баяр наадмын элдэв сонин хачныг хуучлана. Түүхт ойд үндэсний сурын 300 харваач цэц мэргэнээ сорьсон бол хүчит 256 бөх эр бяраа гайхуулсан юм. Үндэсний бөхийн барилдаанд улсын начин Хүдэрбулга түрүүлж, улсын заан Батмөнх үзүүрлэсэн юм. Харин үндэсний сурын харваа алтан шар зурхайгаас 21 аймгийн 27 баг, клубийн 300 харваач цэц мэргэнээ сорьсон ажээ. Харин хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, Дархан аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат зодоглон олноо баясгалаа.

Түүнчлэн хурдан морины уралдаанд 6-10-д хурдалсан бол гурван сая, 11-20-д хурдалвал 1.5 сая, 21-30-д нэг сая, 31-50-д хурдалсан бол 500 мянган төгрөгөөр шагнаж уяачдын хөдөлмөрийг үнэлсэн нь наадамчин олныг баясгасан юм. Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 271 шандаст хүлэг алтан тоосоо өргөснөөс Төв аймгийн Баянцагаан сумын уяач Б.Ганбатын бор халзан хязаалан түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Ж.Дэмбэрэлсайханы бор хязаалан аман хүзүүджээ. Айргийн гуравт Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн халтар хязаалан, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач, Ө.Алтанхуягийн хээр хязаалан, айргийн тавд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач С.Бямбасүрэнгийн өсгийн цагаан зээрд хязаалан хурдалж наадамчин олноо баясгалаа.

Төв аймгийн 100 жилийн ойд хүрэлцэн ирсэн олны танил зарим эрхмүүд болон Засаг дарга нарын баяр наадмын сэтгэгдлийг уншигч танаа хүргэе.

 

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов

-Нутгийнхаа түүхт ойд оролцоод сайхан байна. Наадмын нээлт таатай сайхан боллоо. Ах дүүс, нутгийн түмэнтэйгээ нар хур тэгширсэн сайхан өдөр уулзан золгож байгаадаа баяртай байна. Нутгийн удирдлага, төр нийгмийн зүтгэлтнүүдтэй ирээдүйн сайн сайхны тухай ярилцаад сайхан байлаа. Өдгөөгийн нутгийн удирдлагуудад миний нэлээд шавь нар байгаад сэтгэл таатай сайхан байна.

 

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарч

-Манай Төв аймаг Монголын хамгийн олон сумтай. Тодруулбал, 27 сумтай. Газар тариалан, мал аж ахуй, уул уурхайн салбар хөгжсөн Богд хан уулын аймаг юм шүү дээ. Монгол наадмын чимэг нь эрийн гурван наадам. Түүхт 100 жилийн ойн нээлт үнэхээрийн сайхан боллоо. Залуус минь хийж бүтээсэн ажилтай байгаад нь баярлаж байна. Төв аймаг илүү хөгжиж тэлнэ гэдэгт би эргэлздэггүй. Нутгийн зон олондоо уншигч түмэндээ баяр наадмын мэндийг дэвшүүлье.

 

Жюүрёо зиндааны сумоч П.Дэлгэрбаяр

-Найман жилийн дараа монгол дээлтэйгээ наадаж байгаадаа баяртай байна. Би аймгийнхаа 90 жилийн ойгоор зодоглож байлаа. Нутгийн зон олондоо сайхан наадахыг хүсье. Япон миний хоёр дахь орон болсон хэдий ч төрсөн нутгийнхаа наадмыг үзээд сэтгэл хөдөлж, омогшиж байна. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг. Түүнтэй адилаа Монгол Улсынхаа тэр дундаа Төв сайхан нутгийнхаа нэрийг хүний нутагт өндөрт өргөж явах ёстой гэдгийг минь нутгийн уул уус минь надад сануулж байх шиг. Тиймээс илүү хичээж амжилт гаргахын төлөө зүтгэнээ.

 

Төв аймгийн Бүрэн сумын уугуул “Бүрэн нутгийн хөгжил” ТББ-ын тэргүүн А.Дамбадаржаа

-Төв сайхан нутгийн минь түүхт 100 жилийн ой маш сайхан боллоо. Аймагтаа ойрын жилүүдэд ирээгүй үнэхээр сайхан бүтээн байгуулалт хийсэн юм байна. Залуус маань гар нийлж нутаг орноо хөгжүүлж байгаад нь маш их баярлалаа. Түүхт ойдоо нутгийн удирдлагууд ихэд ач холбогдол өгч бэлтгэл ажлыг сайтар базаасан нь наадамчин олны сэтгэл тэнэгэр байгаагаас харагдаж байна. Би залуу ахуйдаа нутаг орныхоо хөгжлийн төлөө 30 жилийн хөдөлмөрөө зориулж, удирдах алба ч хашиж байсан. Хойч үегүй ирээдүй гэж үгүй. Тиймээс ахмад үеэсээ суралцан илүү ихийг санаачлан нутаг орноо хөгжүүлж байгаа залуу удирдагч нартаа маш их баярлалаа. Нутгийн зон олон минь сайхан наадаарай.

 

Төв аймгийн Бүрэн сумын Засаг дарга Т.Түвшинбат

-Төв аймгийн маань түүхт 100 жилийн ой өргөн дэлгэр, утга төгөлдөр сайхан болж байна. Баярын өдрүүдэд Бүрэн сайхан нутгийн ёслолын өргөөнд тухлан саатаж байгаа нутгийн зон олондоо баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу насаа харамгүй зориулсан эрхэм ах, эгч нартаа баярлалаа. Ирээдүйд ихийг хийж бүтээх залуус, дүү нартаа баярлалаа. Баяр наадам хурдан хязаалан морины уралдаанаар эхэлж Бүрэн сумын харъяат Х.Улам-Өрнөхийн халтар хязаалан айргийн гуравт давхиж нутгийн олноо баясгалаа. Бүрэнчүүд аймгийнхаа 10 жилд сайхан наадаж байна.

 

Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь

-Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна.  Манай аймаг өнөөдөр засаг захиргааны хувьд Монгол Улсын хамгийн олон  сумтай,  94.5 мянган хүн амтай, 5.1 сая толгой мал сүрэгтэй, хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт  улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэн хөгжиж байна. Мөн манай аймаг  уул уурхай, зам барилга болон нийгмийн бүхий л салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлэхээс гадна бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөсөн, өргөжин хөгжсөн, хаяа хязгаараа тэлсэн Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар шалгарсанд туйлаас баяртай байна. Манай Алтанбулаг сум бас “Улсын тэргүүний сум” болсон амжилт бүтээлийг  дурдахад таатай байна.  Энэхүү түүхт 100 жилийнхээ ойг маш сайн зохион байгуулсан аймгийн ИТХ, ЗДТГ, хэлтэс агентлагууд, баяр наадмын салбар комиссууд, сумдын ИТХ, ЗДТГ болон нийт төрийн албан хаагчид, ТББ-ууд, аж ахуй нэгжүүд, хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэндээ халуун баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсье!

 

Төв аймгийн Алтанбулаг сумын нутгийн  зөвлөлийн дарга, “Арж роуд” компанийн захирал Х.Мөнх-Эрдэнэ

-Богд хан уулынхаа хормойд аж төрж, Хатан туулынхаа усаар ундаалж ирсэн Төв нутгийнхандаа баяр наадмын мэндийг хүргэе. Бид өвөг дээдсээсээ өвлөж ирсэн Монгол уламжлалаа ирээдүй хойчдоо уламжлан үлдээх учиртай. Тиймээс монгол наадмынхаа дэг жаяг, ёс жудгийг үлгэрлэн харуулахыг хичээж, зорьж явна. Наадмын дэнжид өргөө цагаан гэрээ барин наадамчин олонтойгоо баяр наадмын сонин хачныг хуучлахын хамт монгол дээл хувцас хэрэглэл, гэр доторх ахуй, эрийн гурван наадмын учир зангилааг үр хойчдоо өвлүүлэх нь бидний үүрэг. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийг залуустаа уриалж байна. Төв сайхан нутгийн зөв сайхан хүмүүс түүхт 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр сайхан тэмдэглэлээ. Түүхт ойгоороо Зуун модны ам гэдэг авшигтай нутагт өргөө цагаан гэрээ барьж, хурдан хүлгийнхээ тоосыг өргүүлэн сайхан наадаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 150 (7135)