Д.ДАРАМБАЗАР

 

Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр хайрхнаар овоглосон Завхан нутгийн 100 жилийн ой болж өндөрлөлөө. Говь, хангай, тал хээр хосолсон онгон дагшин, үзэсгэлэнт сайхан байгальтай, дахин давтагдашгүй ховор сонин амьтан ургамлын хүрээ, нөмрөгтэй, оюунлаг хөдөлмөрч хүн ардтай энэ аймаг манай улсын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан гэгддэг билээ. Завхан аймгаас буддын хоосон чанарын гүн ухааны шидэт тарнийн шившлэг хүчин, адис жанлав, увдис эрдмийг төгс эзэмшсэн ар халхын их хутагт хувилгаад, Монгол орны тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн үе үеийн цогт эх орончид бий. Мөн төрийн алтан жолоог түшсэн ихэс дээдэс, төр нийгэм, шашин, соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид, их яруу найрагчид, шинэ Монгол Улсын хөгжил дэвшлийн хөтөч түүчээ болсон хөдөлмөр бүтээлийн гарамгай сайчууд, урлаг спортын суу алдартнууд хэдэн зуу, мянгаараа төрөн гарсан нь бахархам сайхан. Шинэ үеийн шинжлэх ухаанаар эрдмийн цол зэрэг хамгаалсан хүмүүсийн тоогоор улсдаа тэргүүлдэг нь завханчуудын оюуны сэтгэлгээний цар хүрээ, байгалиас заяасан билэг саруул ухааных нь чадамжийг илэрхийлнэ. Энэ л нутгийн 100 жилийн ойн баяр наадам хүнд хэлэх үгтэй, сайхан болж өндөрлөв. Учир нь морь маргаангүй, бөх будилаангүй, сур, шагай цэгцтэй болсон юм. Наадмын нээлт улсын баяр наадмаас дутахааргүй болсон хэмээн нутгийн зон олон ярьж байсан юм. Мөн наадмын нээлтэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нар оролцлоо.  П.Очирбат асаны хувьд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрж өссөн. Харин хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хувьд  Завхан аймгийн Яруу суманд 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Нацагийн тав дахь хүү болон мэндэлж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат “Нутгийн зон олондоо баярын мэнд хүргэе. Наадмын нээлт их сайхан боллоо. Нийслэлийнхний наадам шиг л болж байна. Завханчууддаа аж амьдралдаа ариун тунгалаг сайхан байж, баян чинээлэг сайхан амьдраарай, их юм хийж бүтээгээрэй гэж захья” гэж мэндчилгээ дэвшүүлэв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Торгон ногоон зүлгэн дээр нь хөл нүцгэн гүйж, тунгалаг уснаас нь ууж ундаалж ирсэн төрөлх Завхан аймгийнхаа 100 жилийн ойн халуун мэндийг нутгийн зон олондоо өргөн дэвшүүлье. Аймаг маань хөгжин цэцэглэж байна, улам хөгжиж, хүн ард нь баян чинээлэг амьдарч, нутаг орноо хайрлан хамгаалж, хотол олноороо сайн сайхан амьдрах болтугай” гэсэн юм.

 

Очирваанийн нутагт бурхны ном айлдав

100 жилийн ойн хүрээнд зориулсан “Дээдийн номын айлдвар” үргэлжилж байна.  Дээдийн номын айлдварыг Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр далай ламын дэргэдэх Намжил дацан, Жүдод дацангийн хансүр, лхаарамба Жадо Ринбүчи дээдэс айлдаж буй юм. Дээдийн номын чуулганд Жалханз хутагт, Наробанчин хутагт, Жавзандорж лхаарамба, гавж Нанзаддорж тэргүүтэй лам хуврагууд хүрэлцэн ирж номын айлдвар өргөж сууна. Номын айлдвар аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван өдөр үргэлжлэх юм. Эдгээр өдрүүдэд Жадо Ринбүчи дээдийн номын айлдвар, Балдан Лхам сахиусны дөрвөн үйлийн ван авшгийг хүртээж ном айлдаж, орон дэлхий, газар, лусын угаал, балин өргөх, ариусгах зан үйлийг үйлдлээ. Мөн Очирваань, Дамдин Янсан, Чүнаг гурван бурхдыг нэгтгэсэн Дагбу сүмдэлийн даган соёрхлыг айлтгаж, муу заяанаас гэтэлгэгч Жанрайсаг бурхны даган соёрхлыг айлдсан юм. Мөн Дээрхийн гэгээнтэн V Далай ламын Дагнан буюу арилсан үзэгдлийн увдис, Балдан Лхам сахиусны Дөрвөн үйлийн ван авшиг, Ринбүчи багшийн нийтэд зориулсан айлдвар сургаал болон “Дашчиравын сан”, “Хийморийн сан”, “Очирваанийн сан, даллага, сэржим”-ийг өргөлөө. Дээрх дээдийн номын айлдвар нь аймгийн түүхэн 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсний дараа үргэлжлүүлэн нутаг ус, сүсэгтэн олондоо зориулан зохион байгуулж буй үйл ажиллагаа юм.

 

Яруу найрагчдын 60 бүтээл

Завхан аймгаас төрсөн гарсан 60 яруу найрагч болон, уран зураачдын бүтээлийг тус баяр наадмын талбайн хойно байршуулжээ. Бүтээлүүдийн тухай  “Мөнх огторгуйн чимэг” төвийн үүсгэн байгуулагч Г.Лхагвадорж "Нийт 60 уран бүтээлчийн бичгийн бүтээлийг нутгийн зон олондоо хүргэхийг зорьсон. Тиймээс бүтээлүүдээ бүгдийг нь монгол бичгээр сийрүүлж бичсэн байгаа. Зөвхөн яруу найрагчид гэхээсээ илүүтэйгээр бусад үндэсний дархлаа болсон бүтээлүүдийг хүртэл дэлгэсэн. Тэгэхээр 100 гаруй бүтээл дэлгэсэн байна. Мөн Завхан аймгийнхаа нэрт уран бүтээлчдийн сор болсон бүтээлийг хүргэж байгаа нь онцлог” гэлээ.

 

“Хоггүй наадаж чадлаа”

Завхан аймгийн 100 жилийн наадам хөл хөдөлгөөнтэй, өргөн дэлгэр боллоо. Учир нь хөл дор хөглөрөх хоггүй, наадамчин олон цэвэр цэмцгэр наадав. Хэдийгээр цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд 100 гаруй худалдаа, үйлчилгээний цэг ажиллаж байсан ч хоггүй наадаж байгаа нь нэг дэвшил байсан юм. Аймгийн төвийн цэнгэлдэхэд олон арван хогийн сав байршуулж,  нийтлэг үйлчилгээний ажилтнууд  наадамчдын дундуур хогийн уут барин “Хогоо хийгээрэй” хэмээн ундаа, чихэр, зайрмагийн цаасыг зогсоо зайгүй түүж, наадамчин олноо сэтгэл дүүрэн баярлуулахын тулд өөрсдөө ч баярлах завгүй ажиллаж харагдав. Ямартаа ч идсэн, уусан саваа хөл дороо хаяж, наадмын талбай хогийн цэг шиг болдог байсан үе хойно үлдэж, наадамчид өмссөн зүүсэн шигээ хандлагаа өөрчилж эхэлсэн нь 100 жилийн ойн наадмын нэг онцлог байлаа хэмээн наадамчин олон ярьж байв. Энэ талаар зохион байгуулагч ажилтнуудаас тодруулахад Завхан аймгийнхан баяр наадмын өдрүүдээр хоггүй наадах зорилгыг дэвшүүлэн "Хог биш баялаг" ТББ байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. 200 гаруй оюутан залуучууд баяр наадмын талбайд хуваагдан ажиллаж, хоггүй наадав. Иргэдийн хог хаягдалгүй цэвэрхэн, байгальдаа ээлтэй наадамлах соёлыг сурталчлах, баяр наадмын өнгийг цэвэрхэн тухтай байлгахад онцгой анхааран ажилласны хүчинд тэгш ойгоо хоггүй тэмдэглэж чадлаа гэсэн юм.

 

Үдшийн шоуг “Харанга”, “Хурд” хамтлагийнхан доргиов

Отгонтэнгэр уулынхаа хормойд завханчууд 100 жилийнхээ ойг сэтгэл дүүрэн тэмдэглэн, хуучлах сонин ихтэйгээр дараагийн 100 жилийнхээ түүхийг бичиж эхэллээ. Түүхт 100 жилийн ойн үндэсний их баяр наадамд зориулсан хаалтын үдшийн шоуг төв талбайдаа зохион байгуулж, амьд хөгжмийн аянд автав. Энэхүү үдшийн шоунд Завхан аймгаас гаралтай уран бүтээлчид уригдаж, доргиов. Домогт “Харанга”, “Хурд” хамтлаг, мөн дуучин Т.Наран, И.Мишээл нар ая дуугаа өргөсөн юм.  “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлай, гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Лхагвасүрэн,  бөмбөрчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Пүрэвдаш нар Завхан аймгийн гаралтай аж. Ах дүүсийн хамтлаг хэмээгддэг “Хурд” –ынхны ээж мөн л Завхан аймгийн харьяат учир “Ээжийнхээ нутагт дуугаа өргөх нэр төрийн хэрэг” хэмээн шоуны үеэр хэлж байв. Дуулсан дуу бүхэн нь зүрхэнд хүрч, ухаарал, омогшил бүхнийг төрүүлж байдаг, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Лхагвасүрэн “Монгол ээж”, “Намрын өнгө” зэрэг дуугаар мэндчилсэн бол дуучин С.Наран “Дэндүү сайхан залуу нас”, “Аавдаа үнсүүлэхийн жаргал” зэрэг дуугаа дуулснаас гадна шинэхэн дуунуудаар залуусыг доргиосон юм. 

 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Шинэ Бүтээн байгуулалтууд эхэлнэ

Бид нэгэн зууныг үдэж байгаа болохоор хийсэн бүтээсэн зүйлстэй байх хэрэгтэй. Тиймээс Загастайн давааны замыг бүрэн ашиглалтад оруулж, Улаанбаатартай хатуу хучилтай замаар холбогдлоо. Одоо Арц сууриас Шивээ хүрэн хүртэлх төмөр замын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн Улиастайгаас бусад аймаг руу хатуу хучилтай замаар холбогдох боломжийг эрж байна. Үүнээс гадна Завхан аймгийн маань 100 жилээр УИХ-ын дарга Г.Занданшатар хүрэлцэн ирж, хийж болох бүтээн байгуулалтын талаар ярилцлаа. Энэ үеэр олон жил ярьсан эмнэлгийн байрны асуудлыг бүрэн шийдвэрлэж, улсын төсвөөр барихаар боллоо. Мөн аялал жуулчлалын ажлыг эхлүүлж ямар зүйлээр гадаад дотоодын жуулчдыг татах тал дээр судалгаа гаргаж, эхлүүлэхээр бэлдээд байна. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр найдвартай болох ажил эхэлсэн. Үүний нэг нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ид өрнөж байгаа гээд дараагийн зуунд хийгдэх бүтээн байгуулалт эхэлчихсэн явж байгаа гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:Хөгжил гэдэг бол ганцхан зам биш

Завхан аймаг бол алслагдсан, сэтгэлээ зориулж очдог газар нутагтай аймаг. 24 сум нь өөр өөрийн гэсэн байгалийн үзэсгэлэнтэй. Мөн цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай, найрсаг ард түмэнтэй нутаг. Харин хөгжлийн хувьд бусад аймгуудын хойно явж байгаа нь үнэн. Тиймээс хаана яваагаа харж, хаашаа явахаа тодорхойлох хэрэгтэй. Ирэх зуунд их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, хөгжлийн өөр түвшинд очих болно. Бид бүтээн байгуулалтыг хийж болно. Харин цонхоор харахдаа үзэсгэлэнтэй тал нутгаа өөрчлөх хэрэггүй. Хүний гараар өөрчилж болох зүйлийг л хийх хэрэгтэй. Түүнээс аймгаа дэвшилтэд болгох гэж байгаа гээд газар сэндийчихгүйгээр, гараар бүтээж болох зүйлсийг хийх болно. Мөн хүнсний ногоо тариалах боломжгүй гэдэг байсан. Үүнийг үгүйсгэж, тариа ногоо тарих ажил эхлүүлэхээр ажиллаж байна. Хөгжил гэдэг бол ганцхан зам биш, бидний дотор байх зүйл юм. Тиймээс хүний хөгжил рүү чиглэсэн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

 

Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв

Түүхт 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх зодоглож уран мэхээ уралдууллаа. Бөхийн барилдаан ч найраагүй, үнэн хүчийг үзүүлсэн уран мэх ихтэй болов. Мөн нутгийн бөхчүүд хоорондоо барилдсан нь илүү сонирхолтой болголоо хэмээн бөх сонирхогч Г.Даваасүрэн ярьж байсан юм. Тус наадамд улсын аварга Эрхэмбаяр тэргүүтэй 256 бөх зодоглосон. Харин барилдааны эцэст улсын гарди Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Ш.Пүрэвгарьд нар шөвгөрч үлдсэн нь хариагүй байгаа гарди цолтнууд гэх үгийг үзэгчид хэлж байлаа. Үүний дараа улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэхэд “Аргагүй сайн барилдаж байгаа бөх түрүүлэх нь зөв” хэмээн зодог тайлсан улсын начнууд ам нэгтэйгээр хэлж байв. Тус наадамд улсын гарди Б.Гончигдамба үзүүрлэж наадамчин олноо баясгаснаар энэ наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөсөн. Харин өсвөрийн барилдаанд Баян-Өлгийн харьяат сумын заан Ч.Баатарбек түрүүлсэн бол Завхан аймгийн Улиастай сумын харьяат Н.Батзориг үзүүрлэсэн юм.

 

Нэг уяаны 10 морь айрагдав

 

Баяр наадмын хурдан морьдын уралдаанд есөн насны морьд газар газраас ирж хурдаллаа. Тус есөн насны морьдын уралдаанд нэг уяаны 10 морь айргийн эхний тавд шалгарсан нь тус наадмын чимэг байв. Энэхүү 10 морийг сойж хурдлуулсан хүн бол Завхан аймгийн Яруу сумын сумын уугуул МУ-ын тод манлай уяач Д.Дагвадорж юм. Түүний хувьд 2021 оны улсын баяр наадмаар тод манлай цолыг хүртэж байсан билээ. Харин ардын хувьсгалын 102 жилийн ойн наадамд азарга насанд түрүүлсэн Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын алдарт уяач Б.Норовсамбуугийн гоё хээр мөн энэ наадамд түрүүлж, түмнээ олноо баярлуулав.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 150 (7135)