Д.ЖАРГАЛСҮРЭН
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдэд болж өнгөрлөө. Ойн баяр наадам Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайд нар, АНУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ зэрэг улс орны Элчин сайд нар болон хүндэт зочид төлөөлөгчид уригдаж оролцов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн баярын хурал дээр хэлэхдээ “Монгол түмний өвөг дээдэс Бурхан Халдун хайрханд бууриа зассан тэр цагаас хойш энэ нутагт Хамаг Монгол Улс, Их Монгол Улс, Монголын Эзэнт гүрний үе үеийн ихэс дээдэс, хаадыг хаан өргөмжлөх ёслол үйлдэн, өндөр төр, өргөн түмнийхээ ариун гал голомтыг хөгжөөн бадрааж ирсэн түүхтэй.
Хан Хэнтий нутгийг Эзэн Чингис хааны алтан ургийн Шолой сэцэн хан сахин сууснаар Халх дөрвөн аймгийн нэг Сэцэн хан аймаг хэмээгдэх болсон түүхтэй бөгөөд 1923 онд “Хан Хэнтий уулын аймаг” хэмээн нэрлэсэн юм.
Тухайн үед Хан Хэнтий уулын аймаг нь өнөөгийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутгийг хамарч байсан бөгөөд 1930 онд Дорнод аймаг, 1942 онд Сүхбаатар аймгийг байгуулсан. Хан Хэнтий аймаг нэгэн цагт дэлхий ертөнцөд амар амгаланг тогтоож, хөгжил дэвшлийг цогцлоосон аугаа их эзэнт гүрний үндэс суурийг тавьсан мянганы суут хүмүүн Эзэн Чингис хааны өлгий нутаг гэдгээрээ дэлхий дахинд алдаршин хөгжих бүрэн боломжтой. Тиймээс Хан Хэнтий нутгийн ард түмэн Их Эзэн Чингис хааны өлгий нутгийн гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, агуу түүхт нутаг усаараа бахархаж, Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ хичээн бататгаж, нутаг ус, улс орноо мандуулан хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан хичээн зүтгэх учиртай” хэмээв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наадмын нээлт дээр “Эзэнт гүрний гал голомт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөөх эцэг өвгөдийн үе дамжсан захиас, эх орончдын зуун дамжсан тэмцэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалаар биеллээ олсон нь үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, хойч үе үүрд бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэдгийг онцлон тэмдэглээд өнөөдрийн түүхт 100 жилийн ой бол анхны дөрвөн аймаг төдийгүй орчин үеийн орон нутгийн засаг захиргаа үүсэн байгуулагдаж, шинэчлэгдсэний 100 жилийн дүгнэлт, шинэ зууны эхлэл цэг юм.
Цар тахал, дэлхийн улс орнуудын геополитикийн нэн эгзэгтэй сорилттой нүүр тулж, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө энэ цаг үеийн иргэд бид илүү алсын хараатай, илүү эв нэгдэлтэй байж, өглөө бүхэн эртлэн босож, өдөр бүр идэвхийлэн ажиллах шаардлагатай. Дотроо талцан мэтгэлцэхээс илүү олон улстай хөгжлийн түвшинд уралдаж, хөгжил дэвшлийн шинэ эриний төлөө үндэсний эв нэгдлээ эрхэмлэн хамтдаа нэг том алхах үлдлээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ч энэ агуулгаар хийгдсэн. “Монголын нууц товчоон”-д тэмдэглэгдсэн түүхэн газар нутгуудыг авто замаар холбох ажил Хэнтий аймагт эрчимжиж, Чингис хотоос ОХУ-тай Ульхан боомтоор, БНХАУ-тай Замын-Үүд боомтоор холбогдож, олон улсын дэд бүтцийн интеграцад орсноор аялал жуулчлалын урсгал эрс нэмэгдэж, эдийн засгийн эргэлт хоёр дахин тэлэх боломж ойрын ирээдүйд бүрдэнэ” гэв.
Энэ жилийн Улсын баяр наадмын наадмын нээлт шинэлэг, үзүүштэй болсон гэх магтаалыг 100 жилийн ойгоо үргэлжлүүлэн тэмдэглэсэн аймгууд ч хадгалж үлдэх шиг болов. Их ойгоо нэгэн зэрэг тэмдэглэсэн дөрвөн аймгийн нэг болох Хэнтийн наадмын нээлтийг найруулагч Э.Ёндоншарав найруулжээ. Наадмын нээлтэд УДЭТ-ын жүжигчин МУГЖ П. Цэрэндагва Д. Мэндбаяр, МУГЖ дуучин Г.Хонгорзул, Нансалмаа Д.Шархүүхэн, Д.Жаргалсайхан Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, Д.Энхзул, дуучин Г.Чинболор, С.Бичүү, Б. Болдбаатар, Д.Наранхүү, Н.Ундрал, Л.Чулуунбаатар тэргүүтэй Хэнтий нутгаас төрөн гарсан уран бүтээлчид, 100 уртын дууч, 100 морин хуурч, 1000 харваач гээд 1700 гаруй уран бүтээлч оролцжээ. Энэ наадмын нээлтийн хамгийн гол “үзүүлбэр” нь 99 шарга гүү Хэнтийн цэнгэлдэхэд “цугласан” явдал байв. Найруулагч 99 цагаан шарга гүүний үрсү (айрагны хөрөнгө) гаргах уламжлалыг сэргээн үзүүлснийг наадамчид магтан сайшааж байсныг хэлэх хэрэгтэй. Зуны сард айраг цагаа дэлгэрч хөрөнгө гаргадаг энэ баяр нь Цагаан сүлдний тахилга, Даншиг наадам, Майдар эргэх, Цам гарах, хожмоо явж ирээд Ардын наадмын үндэс суурь болж иржээ.
Хэнтийнхэн 100 жилийнхээ ойд зориулж шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтад оруулжээ. Энэхүү цэнгэлдэх нь 3200 хүний суудалтай 600 орчим автомашины зогсоолтой, боловсон нойл, эко нойл, ногоон байгууламж, дугуйн зам, гүйлтийн зам, явган хүний зам, хөл бөмбөгийн талбай, сагсны талбайтай. Худалдаа үйлчилгээнийхэнд зориулж шороо тоос босоод байхгүй цементэн талбайтайгаар барьжээ.
Зуун жилийн ойгоо тэмдэглэсэн аймгуудын наадмаас бөх нь илүү анхаарал татсан нь Хэнтийнх байлаа. Юугаараа гэвэл тус аймгийн наадамд улсын цолтнууд хамгийн олон очжээ. Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай энэ жилийн улсын наадмын үзүүр бөх, залуу гарьд Ц.Бямба-Отгон болон Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Д.Анар гээд энэ цагийн шилдэг залуучууд тэргүүтэй 20 гаруй улсын цолтон зодоглов. Бөхийн хүрээнд улсын баяр наадамдаа хамгийн олон буюу 11 түрүүлсэн дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ зодог тайлах даруухан ёслол наадамчдын сэтгэл огшоосон онцгой үйл явдал байсан.
Аварга, арслан заануудаар манлайлуулсан 256 бөхийн барилдаан ширүүхэн өрсөлдөөн дунд болж зургаагийн давааны дараа их шөвөгт үлдсэн бөхчүүдээс аварга П.Бүрэнтөгс улсын харцага Г.Бадрахыг амласнаар Ховдын хоёр буюу аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий нар ёс юм шиг тунан долоогийн даваанд хүч үзсэн юм. Энэ даваа дуусахад аварга П.Бүрэнтөгс заан Б.Бат-Өлзий нар унаж аварга О.Хангай улсын харцага Г.Бадрах нар үзүүр, түрүү булаалдан барилдахад О.Хангай давснаар аварга хүн ямар байдгийг харуулж тус аймгийн 100 жилийн ойг нь манлайлав.
Түрүү, үзүүрийн хоёр бөхийг V62 автомашинаар байлсан юм. Харин морины маргаан дээр нэмэр болж бөхөд нь хэл амгүй байж чадсангүй. Сайн юманд садаа мундахгүй гэдэг шиг. Гарьд Ц.Бямба-Отгон өрсөлдөгч бөх сумын заан Р.Алтаннаран хоёр тун ойролцоо унасныг далимдуулан бөхийн цэцүүд нь сумын заандаа даваа өгч "маяглав". Уг нь зурагтын бичлэгээр тэр залуугийн тохой гарьдаас урьтаж газардаж харагданалээ. Жалга довын үзлээс болж сайхан наадмыг яльгүйхэн муухайруулав даа.Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Дашмятавын Бамбалдорж тэргүүн байр, Цагаан-Овоо сумын уугуул, "Хасбуу" сурын холбоо, "Степ гоулд" ХХК-ийн харваач, Монгол Улсын Тод харваач, спортын мастер Борын Зоригтбаатар дөтгөөр байр, Дорнод аймгийн "Баргудай мэргэн" клубын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Бадарчийн Лхагвадорж тавдугаар байр эзэлжээ. Харин эмэгтэй төрөлд Дорнод аймгийн Чулуунхороот сумын уугуул, Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багш, аймгийн мэргэн, спортын мастер Төмөрийн Энхнаран тэргүүн байр, Цагаан-Овоо сумын уугуул, Сэргэлэн сумын Соёлын төвийн ажилтан, аймгийн Гарамгай харваач, спортын мастер Төмөрбатаагийн Баттуяа дэд байр, Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан Монгол Улсын Гарамгай харваач, спортын мастер Чагнаадоржийн Гандаваа дөтгөөр байрт тус тус орсон байна.
Мөн энэ наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал Хүчит бөхийн барилдааны тавын давааны үеэр боллоо. Наадамчдын уухай, хүндэтгэлийн дор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Даяар дуурсагдах далай даян дархан аваргад Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ цолоо дуудуулж Үндэсний бөхөөс зодог тайлав. Тэрбээр 13 настайдаа Хэнтий аймгийнхаа наадамд анх удаа бөхийн аманд гарч бөхийн дуурсгалт замналаа эхэлсэн түүхтэй. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Төрийн их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 12 удаа түрүүлж, нийт 22 удаа шөвгөрч байжээ. Тодруулбал, 1985 онд тав давж Улсын начин, 1986 онд долоо давж Улсын заан, 1987 онд долоо давж Заан цолоо баталсан. 1988 онд ес давж түрүүлэн Улсын арслан, 1989 онд ес давж түрүүлэн Улсын аварга, 1990 онд ес давж түрүүлэн Даян аварга болсон. Мөн онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн Дархан аварга болсон. 1991 онд долоо давсан. 1992 онд ес давж түрүүлсэн. 1993 онд есдавж түрүүлсэн. 1994 онд 10 давж түрүүлсэн. 1995-1999 онд ес давж түрүүлсэн. 2000 онд долоо давж дөрөвт үлдсэн. 2001 онд ес давж үзүүрлэсэн. 2002 онд долоо давсан. 2003 онд долоо давсан. 2004 онд зургаа давсан. 2005 онд зургаа давж шөвгөрсөн. 2006 онд найм давж дөрөвт үлдсэн. Нийтдээ Улсын баяр наадамд 186 давж, 12 удаатүрүүлсэн. Түүнчлэн Жүдо бөхийн Азийн наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Мнгол Улсын 12 удаагийн аварга болж байв. Самбо бөхийн Дэлхийн гурван удаагийн аварга, хоёр мөнгөн медаль, Залуучуудын Дэлхийн аварга болж байв. Бас Сонирхогчдын сүмогийн Дэлхийн аварга, Азийн аварга болж, ДАШТ-ээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Тэрбээр 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 1990 онд Монгол Улсын Дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль хүртжээ.
Тэртээ 1984 онд Б.Бат-Эрдэнэ аваргын ирээдүйн хадам аав Улсын заан Ж.Барамсай аймгийн цолтой бөх байхад нь зодгоо тайлж байжээ. Тэгвэл тэрбээр аймгийнхаа 100 жилийн ойн наадмаар зодог тайлж, өөрийн эдэлж, өмсөж байсан зодог шуудгаа нутгийн бөхийн “Хан Хэнтийн аварга” дэвжээнийхээ нийт хамт олонд дурсгаж, хадгалуулав.
Харин Хэнтийн 100 жилийн ойн наадмын Хурдан морины уралдаан базаахгүй болж өнгөрсөн. Их насны морины уралдааны үеэр өндрийн хэмжилтээр хасагдаад хашаанд байсан Хөвсгөлийн уяачийн хээр морийг албан тушаалтан үүрэг даалгавар өгч хашаанаас гаргаж уралдуулснаар түрүүлсэн. Хурдан морины комисс аман хүзүүдсэн морийг түрүүлсэнд тооцсон нь хэл ам, хэрүүл зарга үүсгэж хоцорсон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 150 (7135)