Төмөрбаатарын БАТСАЙХАН
Арын сайхан хангайнхан 100 жилийн ойгоо аатай сайхан тэмдэглэлээ. Наадмын нээлтээс эхлээд бүхэлдээ хүмүүсийн сэтгэлд хоногшиж, ам дамжин ярих зүйл ихтэй ёстой л наадам шиг наадам гэж энэ байх. Нутгаа зорин очсон хүмүүс одоог хүртэл нээлт дээр дуулсан “Хүмүүн заяаны өлгий” дууг аялсаар.
“...Уртын дууны тансаг аялгуу
Талаа дүүрэн шуранхайлна
Ухаант ээжүүдийн амгалан харц
Танхилхан үрсээ аргадаастай яа
Аргалын утаандаа ариусдаг
Хулангийн сүүтэй говь мину
Адууны хиймориор хөглөгддөг
Хуурын цэнхэр хангай мину” дууг дуучин Б.Алтанжаргал, Э.Дашням нар ёстой дахин амьдруулж чадав шүү. Үүнээс өөр олон сайхан зүйлийг энэ онцолъё.
Н.Энхбаяр: 100 жил бол өвөг дээдсийн минь гавьяа
“Архангайн-100” жилийн ойн наадам баярын хурлаар эхэлсэн.Г.Дэмид жанжны талбайд болсон баярын хурлыг Засаг дарга Б.Цэрэннадмид нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын баярын мэндчилгээг уншиж танилцууллаа. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарын Архангайн уугуул төр нийгмийн зүтгэлтнүүд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Архангайчууддаа яруу алдарт 100 жилийн ойн халуун мэндийг хүргэе. 100 жил гэдэг богино хугацаа биш. Хувь хүн өөрөө энэ 100 жилийг бодох ёстой. Ингэж бодоход өөрийн эрхгүй аавыгаа ээжийгээ бодно. Өвөө, эмээгээ бодно. Өвөг дээдсээ бодно. Би ч гэсэн яг л тэгж бодож байна. Миний аав Намбар Архангай аймгийн Чулуут сумын уугуул. Өнөөдөр би аавтайгаа хамт аймгийнхаа 100 жилийг ойг тэмдэглээд суусан бол ямар сайхан бэ гэж бодож байна. Чулуут сум бол миний эх орон. Би хэдий Улаанбаатарт төрсөн ч Чулуут сумандаа хүн болсон юм. Бид энэ цаг үед өвөг дээдсээ бодохоос өөр аргагүй. Энэ 100 жил бол өвөг дээдсийн минь гавьяа. Тэд улсаа тусгаар тогтносон улс болгож, Архангай аймгийг бусад аймгуудыг хөгжүүлж чадсан юм. Тиймээс энэ л өдрүүдэд ахмадуудаа өвөг дээдсээ сонсож, хүндэтгэх хэрэгтэй. Бидний өвөг дээдсийн заяа та биднийг түших болтугай. Өнөөдөр бид 100 жилийн ойгоо үзэж байгаа их хувь заяатай хүмүүс юм. Үүнийг шинэ зуун жилийн гараа гэж ойлгох хэрэгтэй. Хөгжил дэвшилд түүчээлэх хэрэгтэй” гэлээ. Мөн баярын хурлын дараа Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан ёслолын жагсаал болж, маршал Г.Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөсөн юм.
Ардын цолтон, 15 гавьяат төрлөө
Ойн баяр наадмаар Ардын багш цолоор: Б.Бадамдорж /Эрдэнэбулган сумын ахмад настан, багш/
Гавьяат хуульч цолоор: Г.Даваа /Эрдэнэбулган сумын ахмад настан/
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор: С.Бараанасан - /Архангай толь" сонины сэтгүүлч/
Гавьяат багш цолоор: Ч.Пүрэвдорж /Жаргалант сумын ахмад настан/, С.Нармандах /Өндөр-Улаан сумын ахмад настан/ Р.Батмөнх /Эрдэнэбулган сумын ахмад настан, багш/
Гавьяат тээвэрчин цолоор: Б.Ёндонжамц - /Эрдэнэбулган сумын ахмад настан/
Гавьяат барилгачин цолоор: Л. Рэнцэндорж- /Эрдэнэбулган сумын ахмад настан/
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор: Ц. Дорждагва - /Эрдэнэбулган сумын ахмад настан/
Гавьяат эмч цолоор: Ч.Оюунчимэг /“Тана Арцат” эмнэлгийн дотрын их эмч/
Гавьяат багш цолоор: Д.Дэнсмаа /Хотонт сумын ахмад настан/
Гавьяат жүжигчин цолоор: С.Отгонбаяр /ХДТ-ын дуучин/ тэргүүтэй иргэд төрийн дээд одон медиалиар энгэрээ мялаалаа.
Наадмын нээлтийг Б.Тамир найруулж, олны хүртээл болгов
Ойн баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллалаа. Харин ерөнхий продюссераар жүжигчин Э.Цолмонбаяр ажилласан. Залуу найруулагч Б.Тамирыг залуу уран бүтээлчийн сэтгэлгээгээр баяр наадмын сайхан найруулсан гэдгийг наадамчин олон хэлж байна.Тэрбээр 2022 онд Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын хөтөлбөрийг найруулах уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэж байв. Гэсэн ч залуу уран бүтээлчийн ур чадварыг дутуу үнэлсэн үү төрийн наадмын найруулагчаар ажиллаж чадаагүй юм. Харин Архангайн 100 жилийн наадам түүнд уран бүтээлийн хувьд боломж олгож, ямар хэмжээний найруулагч вэ гэдгээ батлан харуулж чадлаа. Тоглолтод 900 орчим хүн оролцож, тус аймгийн онцлог, түүх, ёс заншлаас харуулж, уугуул нутгийн онцлох соёлын биет бус өвүүдийг холбон уяж, сурталчлан зохиомжилжээ.
Тухайлбал, эртний төрт улс болох Хүннү болон Чингис хааны дайлаар мордож улс үндэснийг нэгтгэж буй тухай, Заяын гэгээнийг тодруулж буй түүхийг, эрийн гурван наадам, монгол ахуй зэргийг зохиомжилж үзүүлэхээс гадна уран нугараачдын үзүүлбэр, тус нутгаас төрөн гарсан уран бүтээлчид болон аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид оролцож, Архангайн тухай шинэ дуунуудыг дуулж олныг баясгалаа.
Бөхийн түрүүгээ авч, арслан М.Бадарчид хүндэтгэл үзүүллээ
100 жилийн наадамд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, М.Бадарч, Р.Пүрэвдагва, гарьд Д.Рагчаа, улсын харцага Т.Мөнгөнцоож тэргүүтэй хүчит 256 бөх зодоглосноос Монгол Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Монгол Улсын арслан М.Бадарч үзүүрлэлээ. Түрүү бөхийг алтан медаль, өргөмжлөл, 20 сая төгрөгөөр, үзүүрлэсэн бөхийг мөнгөн медаль, өргөмжлөл 15 сая төгрөгөөр, их шөвөгт үлдэж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин А.Отгонбаатар нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Хүчит бөхийн барилдааны бай шагналыг Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр ах дүү нарын хамт ивээн тэтгэжээ. Мөн энэ үеэр архангайчууд шинэхэн арслан М.Бадарчдаа хүндэтгэл үзүүлж, Ланд-300 авто машин бэлэглэлээ. Мөн улсын арслан цол хүртсэн М.Бадарч, улсын харцага цол хүртсэн С.Сүхбат, улсын начин болсон А.Отгонбаатар болон Хакүхо М.Даваажаргал нарт аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид эмээл, хазаартай морь бэлэглэсэн юм. Наадмын түрүү бөх Б.Зоригтбаатарын хувьд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх. Ер нь Архангайн бөхчүүд их шөвөгт илүүрхэж бөхийн орон гэдгээ батлан харуулав.
Торгон жолоогоо өргүүлсэн хурдан хүлгүүд
Архангай аймгийн 100 жил, Хангайн бүсийн уралдаанд нийт 1052 шандаст хурдан хүлгийг 390 унаач хүүхэд унан уралдаж, тоосоо өргөсөн байна.
Азарга:
1. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Д.Батбаярын хээр
2. Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Д.Мөнххуягийн морь
3. Архангай аймгийн Өгийнуур сумын уяач Т.Баясгалангийн залаат хээр
4. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын улсын алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хамар цагаан хонгор
5. Хөвсгөл аймгийн Рашаант сумын А.Билигүүдэйгийн чандмань хээр
Их нас:
1. Архангай аймгийн Хотонт сумын Монгол Улсын манлай уяач Д.Лхагвасүрэнгийн морь
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Ж.Батсуурийн морь
3. Архангай аймгийн Батцэнгэл сумын аймгийн хлдарт уяач Н.Норовжамцын морь
4. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын аймгийн алдарт уяач Р.Цогтбаярын морь
5. Архангай аймгийн Хотонт сумын Монгол Улсын манлай уяач Д.Лхагвасүрэнгийн морь
Соёолон:
1. Архангай аймгийн Булган сумын аймгийн алдарт уяач С.Гантулгын хүрэн
2. Архангай аймгийн Ихтамир сумын аймгийн алдарт уяач Г.Нямдаваагийн халиун
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Г.Билгүүний халтар
4. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Б.Наранбатын хээр
5. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын улсын манлай уяач Г.Мөнхсайханы хээр
Хязаалан:
1. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын аймгийн алдарт уяач Р.Цогтбаатарын хязаалан
2. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын аймгийн алдарт уяач Э.Мөнхбатын хязаалан
3. Архангай аймгийн Булган сумын уяач Х.Гантулгын хязаалан\
4. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Ж.Мөнх-Эрдэнийн хязаалан
5. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Монгол Улсын алдарт уяач И.Золбоогийн хязаалан
Шүдлэн:
1. Өвөрхангай аймгийн Уянга сумын Монгол Улсын алдарт уяач Б.Даваадоржийн шүдлэн
2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын аймгийн алдарт уяач Т.Жавхлантөгсийн шүдлэн
3. Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Э.Түдэвдоржийн шүдлэн
4. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт уяач Ч.Дашдоржин шүдлэн
5. Төв аймгийн аймгийн алдарт уяач Г.Хадбаатарын шүдлэн
Даага:
1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын МУ-ын манлай уяач Г.Мөнхсайханы хар
2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Энхсайханы хээр
3. Өвөрхангай аймгийн Уянга сумын Б.Шийлэгдоржийн зээрд халзан
4. Архангай аймгийн Булган сумын аймгийн алдарт уяач Ж.Батсайханы хонгор
5. Архангай аймгийн Чулуут сумын аймгийн алдарт уяач Ц.Энхболдын халтар айргийн тавд орж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа. Мөн Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үндэсний их сурын харваа насанд хүрэгчийн болон өсвөр насны ангиллаар болж, нийт 305 харваач цэц мэргэнээ сорилоо.
Сурын харваанд даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, даян мэргэн Д.Норжмаа, даян мэргэн Ө.Хатанболор, Монгол Улсын мэргэн Д.Оюунханд, Б.Бутваан, М.Батгэрэл зэрэг мэргэчүүд ирж оролцсоноороо онцлог өрсөлдөөнтэй болов.
Ийнхүү Арын сайхан хангай нутгийнхан түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэв. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэдэг шиг 2025 онд Сайн ноён хан аймаг байгуулагдсаны 300 жилийн түүхт ойгоор уулзацгаая.
Архангай аймгийн тухай 10 баримт
1.1923 онд байгуулагдсан анхны таван аймгийн нэг бол Архангай юм. Тус аймаг нь анх Цэцэрлэг мандал уулын аймаг нэртэйгээр байгуулагдаж, 1931 онд Архангай гэсэн нэртэй болжээ.
2.МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх газраас аймгуудын гайхамшгийг нэрлэхэд Архангайг хамгийн их үзэх зүйлтэй, байгалийн үзэсгэлэнт газартай аймгуудын нэгээр нэрлэжээ.
3.Чулуутын гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолбор гэх есөн газрыг Архангай аймгийн гайхамшгаар нэрлэжээ. Мөн тус аймагт Шар нохойн там, Цэнхэрийн халуун рашаан, 100 салаа мод, Суман гол гэх мэт байгалийн өвөрмөц тогтоцтой олон газар, эртний хадны сүг зураг бичээс, Хүннү, Сянби, Түрэг, Уйгур улсын түүхэн олдворууд ихээр олдсоор байдаг.
4.Дэлхийд зул өргөдөг хоёрхон уул байдгийн нэг нь Архангай аймагт байдаг. Тус уулын нэрийг “Булган уул” гэх бөгөөд нутгийн иргэд олон зуун жил тус уулаа хайрлан хамгаалж, шүтэж иржээ. Архангайчууд Цагаан сар, Шинийн 15 гэх мэт тэмдэглэлт өдөр Булган ууландаа зул өргөдөг. Зул өргөсөн үед тэнгэрийн одод газарт буусантай адил харагддаг гэж нутгийн иргэд ярьдаг.
5.Архангай аймгаас хамгийн олон улсын цолтой бөх төржээ. Үүнд, Улсын аварга тав, арслан 15, гарьд нэг, заан 30, харцага долоо, начин 64 гэсэн нийт 120 гаруй улсын цолтой бөх Архангай аймгаар овоглодог.
6.Мөн хамгийн олон аварга тус аймгаас төржээ. Г.Вандан, Буурь Н.Жамъяан, Ц.Чимэд-Очир, Г.Өсөхбаяр, Р. Санжаадамба гэсэн таван аваргатай.
7.Тус аймаг нь 2.4 сая малтай, үхрийнхээ тоогоор улсад тэргүүн байр эзэлдэг. Нийт 450 мянган үхэртэй.
8.Сүү цагаан идээгээ хамгийн сайхан боловсруулдаг хүмүүсээр тус аймгийн Их тамир сумын бүсгүйчүүдийг нэрлэжээ. Алдарт “Сүүн цагаан хурууд” ааруулыг тус сумын бүсгүйчүүд санаачлан боловсруулж улсын брэнд бүтээгдэхүүн болгосон байна.
9.Архангай аймгаас улсын баатар 5, хөдөлмөрийн баатар 35 төрөн гарсан. Монгол улсын анхны МАРШИЛ Г. Дэмид нь тус аймгийн Ихтамир сумын уугуул билээ.
10.1725 онд 19-н хошуудыг нэгтгэн Сайн ноёны аймаг хэмээн байгуулсан түүхтэй. Өнөөгийн Архангай аймгийн нутаг бүхэлдээ Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн зарим сумдыг хамарсан нутаг дэвсгэртэй байжээ. Аймгийн гол хүрээ, олон аймаг, хошууны дайран өнгөрөх гол боомт нь Заяын гэгээний хүрээ байжээ. Сайн ноён хан аймаг байгуулагдсаны 300 жилийн ой 2025 онд тохионо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 150 (7135)