Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин “Урлан” буландаа Дорноговь аймгийн Сайншанд сумын ахмад настан, хөөрөг урлаач Д.Банзрагчийг онцолж байна. Тэрбээр өдгөө 81 насыг зооглож яваа бөгөөд өөрийн  сонирхлоороо хөөрөг урлаж буй нь энэ билээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, сурч боловсроход хэзээ ч оройтдоггүй гэдгийг үлгэрлэн буй түүнтэй ярилцлаа.

 

-Хөөрөг бол монгол эр хүний чухал гоёл. Түүнийг урлана гэдэг бүр сайхан. Та хэзээнээс хөөрөг урлах болов?

-Би 22 наснаасаа тэтгэвэрт гарах хүртлээ тээврийн жолооч хийсэн. Залуу байхдаа ажлынхаа хажуугаар өөрийн сонирхлоороо хусуур, сийлбэр хийдэг байсан юм. Хөөрөг хийх нь миний залуу насны мөрөөдөл. Гэвч зав чөлөө болдоггүй байлаа. Хүүхдүүд том болж чөлөөтэй болох үедээ хөгширсөн юм чинь гэж өөрийгөө голж хөөрөг хийх тухай бодохоо ч больсон. Харин зургаан жилийн өмнө буюу 75 насандаа хөөрөг хийхээр шийдэж багаж, чулуугаа бэлдэн урлаж эхэлсэн дээ. Анхандаа жаахан болхи болдог байсан. Одооноос л дажгүй хийдэг болж байна. Мөн энэ жилээс ганц нэг гаансны толгой хийх болсон.

- Хөөрөг толгойндоо, хүүхэн гэзгэндээ” гэдэг үг бий. Та хөөрөгний толгой, халбага зэргээ юугаар хийдэг вэ?

-Хөөргийг үнэлэхэд толгой, нуух халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, насжилт, хэн хэрэглэж байсан түүх нь их чухал. Миний хувьд сонирхлынхоо дагуу үр хүүхэд, нутгийн хүмүүст зориулан хийдэг учраас хөөрөгнийхөө чулуунаас авч толгойг нь хийдэг. Сүүлийн үед даваа толгой буюу шахмал шүр шиг зүйл ихээр ашиглаж байна. Халбагаа ясаар хийдэг. Хүрээ лаглааг нь гуулиар хийдэг. Шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг хийдэггүй ээ.

-Говь нь хангайгаас чулуу ихтэй байдаг гэж ярьдаг. Хөөрөгний чулуугаа хаанаас авч байна. Таны хөөрөг ихэвчлэн нутгийн чулуугаар хийгдсэн байдаг уу?

-Би ихэвчлэн нутгийн чулуугаар хөөрөг урладаг. Хөгшинтэйгөө хоёулаа хөдөөгүүр явж чулуугаа олж авдаг. Өөр аймгаас чулуу худалдаж авах нь тун ховор. Заримдаа гартаам, мана зэрэг чулуу хүнээс авах нь бий. Нас өндөр болохоор очиж авах зэрэг нь хүндрэлтэй байдаг. Хөөрөг урлахаас илүү чулуугаа олоход олон өдрийг зарцуулдаг. Нэг хөөрөг гараас гаргахад хоёр өдрийг л зарцуулдаг. Ихэвчлэн чүнчиг норов чулуугаар хөөрөг хийжээ. Чүнчигноров нь дотроо улаан, ногоон, хүрэн гээд олон янз байдаг. Хүний биед үүссэн элдэв яр шархыг энэхүү чулуу эдгээдэг гэж  хүмүүс ярьдаг. Хуучны улсуудын хэлснээр мэдрэлийн цочмог өвчнөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй хүн үхэх тохиолдол гарч байжээ. Энэ эмчлэгдэхгүй өвчнийг жинхэнэ сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчилж болдог. Энэ бүгд нь хий хоосон яриа мэт санагдах боловч одоо болтол эл өвчнийг энэ аргаар эмчилдэг юм шүү.

-Таны урласан хөөрөг бусдаас ямар онцлогтой вэ. Чулууг бүтээл болгоно гэдэг хэцүү байх?

-Би хавтгай голдуу хөөрөг хийж байна. Хөөрөг хийх нь маш их мэдрэмж шаарддаг юм билээ. Хэт өрөмдөж ухвал чулуу нь хагарчихна. Эсвэл чулууных нь гоё хэсэг арилчихна. Тиймээс нягт нямбай ажиллах хэрэгтэй. Мөн хөөргийг усан өрмөөр засаж хийдэг. Чулууг чулуу биш ус дийлдэг гэдэг үг үнэн юм даа гэж бодож суудаг даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 149 (7134)