Д.БОЛОР
Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын Баярын хуралд Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь уншигч танд хүргэж байна.
ТӨВ АЙМАГЧУУДЫН ТҮҮХЭН ГАВЬЯА, ХӨГЖЛИЙН ҮНЭ ЦЭНЭ-ИЛТГЭЛ
Эрхэм хүндэт Төв сайхан нутгийн иргэд ээ
Эрхэм хүндэт Зочид оо,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадамд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт иргэд та бүхэндээ болон улс орон, хилийн чанадад оршин суугаа иргэддээ аймгийн ИТХ, Засаг даргын зөвлөл, Төв аймагчуудынхаа нэрийн өмнөөс баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бидний төрөлх сайхан нутаг Төв аймаг бол Монголын гал голомтыг түшиж ирсэн Түшээт хан аймгийн түүхийн үргэлжлэл, улсын хөгжлийн төв бүс нутаг билээ.
“Монголын үндэсний хувьсгалыг бэлтгэж явуулах бүхий л үйл явцыг Түшээт хан аймгийн харьяатууд голлон удирдсан бөгөөд Түр Засгийн газрын анхны бүрэлдэхүүн, ардын засгийн анхны долоо гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эрхмүүдийн зургаа нь Түшээт ханыхан байжээ.
Мөн 20-р зууны томоохон хувьсгалууд Төв аймгийн нутаг дэвсгэрт өрнөж, Төв аймгаас төр, нийгмийн зүтгэлтнүүд олноороо төрөн гарсан байна.
Энэ бол Төв аймаг Монгол төрийн гал голомт болж, нийгэм, улс төрийн бүхий л үйл явцад голлох үүрэг гүйцэтгэж ирснийг гэрчилж байна” гэж эрдэмтэн судлаачид дүгнэн бичсэн байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолоор аймгуудын нэрийг газар орны нэрээр нэрлэхээр шийдвэрлэж, Түшээтхан аймгийг Богдхан уулын аймаг гэж нэрлэсэн билээ.
Богдхан уулын аймаг нь зүүн талаараа Хэнтий нуруу хүрч, хойт талаараа ОХУ, өмнөт талаараа Хятад улсын хил хүрч Монгол улсын газар нутгийн дөрөвний нэгийг хамарсан өргөн уудам нутаг дээр 61,6 мянган хүн ам, 502,7 мянган толгой мал сүрэг, 21 хошуу, 82 сум, 1227 арван гэрийн захиргаатайгаар зохион байгуулагдаж, одоогийн Лүн сумын нутаг, Өвөр долоод гэдэг газар төвлөсөн түүхтэй.
Монгол Улсын ууган 4 аймаг байгуулагдаж, Түшээт хан аймаг, Богдхан уулын аймаг, Төв аймаг болон хөгжсөн түүхийн он цагийн дараалал бүрт бид улсын эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн хөгжлийг манлайлж, улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үүргээ тасралтгүй нэр төртэй хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч улс болох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болон хөгжиж түүхт 100 ойтойгоо золгож байна.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, улс орныхоо хөгжлийн замыг манлайлан түүчээлэхэд Төв аймагчууд, түүний эрэлхэг зоригт халуун эх орончид, төр нийгмийн зүтгэлтнүүд, нийгэм соёл, эдийн засгийн салбарын алдартан, гавьяатнуудын оруулсан хувь нэмэр асар их гэдгийг баярын хүндэт индрээс онцлон тэмдэглэхэд таатай байна.
Монгол төр, шашны нэрт зүтгэлтнүүд 2-р богд Лувсандамбий донмэ, Автономит Монгол Улсын Ерөнхий Сайд Бадамдорж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хангах, хувьсгалын үйл хэргийг эхлүүлж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэн, түүний дараагаар нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд манлайлан оролцсон:
• Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд, Манзушир хутагт Цэрэндорж,
• Монгол төрийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын Шадар Сайд, Дотоод хэргийг бүгд захирагч яамны Тэргүүн Сайд Да Лам Цэрэнчимэд,
• Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Дамбын Чагдаржав,
• Ерөнхий Сайдын орлогч Цэрэндоржийн Ширнэндамдин,
• Гадаад яамны Тэргүүн Сайд Да лам Дашжав,
• Дотоод яамны Тэргүүн Сайд Тогоочийн Пунцагдорж нарын байгуулсан гавьяаг бид үеийн үед дурсан санах учиртай.
Төв аймаг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгалын ялалтад хүргэхэд манлайлан оролцож, дайны жилүүдийн болон энх цагийн батлан хамгаалах үйл хэрэгт олон зуун эрэлхэг хөвгүүд охидоо илгээж байсан эх орончдыг өлгий нутаг билээ.
Борнуур сумын уугуул Улсын баатар Дуламдоржийн Самдан, Сэргэлэн сумын уугуул Улсын баатар, хурандаа генерал Бутачийн Цог, Баян-Өнжүүл сумын уугуул Улсын баатар, нэр дипломатич Пунцагдоржийн Шагдарсүрэн зэрэг эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан эрэлхэг эх орончдынхоо баатарлаг гавъяагаар үргэлж бахархаж байдаг билээ.
• Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, онц бөгөөд бүрэн эрхт элчин Сайд, Жамсрангийн Самбуу,
• Ардын Их хурлын дарга Бат-Очирын Алтангэрэл,
• Намын төв хорооны нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир,
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Човдронгийн Дашдэмбэрэл,
• УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд, Шадар Сайд Миеэгомбын Энхболд,
• Монгол Улсын Гадаад хэргийн Сайд, Батлан хамгаалах яамны Сайд Нямаагийн Энхболд,
• ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй дотоод хэргийн Сайд Сундуйн Батболд нарын төрийн нийгмийн олон нэрт зүтгэлтнүүдээрээ Төв аймагчууд бид үргэлжид бахархаж байдаг билээ.
Аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэл, бүх түүхэн цаг үед онцгой үүрэг гүйцэтгэж, аймгийн эдийн засаг, нийгмийн салбарын бүхий л ажлыг нуруундаа үүрч шинэ зуунтай золгуулсан үе үеийн Ардын Их хурлын депутатууд, Улсын Их Хурлын гишүүд, аймгийн удирдлагууд болон ахмад зүтгэлтнүүд, малчид, тариаланчид, баялаг бүтээгчид, нийт төрийн албан хаагчид Та бүхэндээ түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, өнөөдрийн ололт, амжилтын эхийг тавьж, шанг татаж, аймгийнхаа хөгжилд шингээсэн оюун ухаан, ур чадвар, хөдөлмөр бүтээл, мэргэжил туршлага тань хойч үеийн бидэнд өвлөгдөн, дэлгэрч амжилтын гэгээн зам дардан байгаад талархаж, чин сэтгэлийн ХҮНДЭТГЭЛ илэрхийлье.
Төв аймаг нь 20-р зууны Монголын улс төр, тусгаар тогтнолын төвөөс гадна соёл, боловсрол, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрэл, их бүтээн байгуулалтыг манлайлан тэргүүлж ирсэн түүхт аймаг юм.
Монгол Улсын ууган сургуулиуд, хүн эмнэлгийн анхны салбарууд манай аймагт байгуулагдсан бөгөөд энэхүү 100 жилийн хугацаанд манай ерөнхий боловсролын сургуулиуд 300 гаруй мянган иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлж, эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 10 гаруй сая иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Жаргалант суманд газар тариалангийн анхны шанг татаж, тухайн үедээ 150 га газрыг морин анжисаар хагалан тариалж, тариагаа ердийн хөсгөөр зөөж, морин тээрэмд гурил болгож байсан нь Монгол Улсын газар тариалангийн бие даасан салбарын үүсэл хөгжил байсан юм.
1930 аад оноос нутгийн малыг өндөр ашиг шимтэй сайн үүлдрийн малтай эрлийзжүүлэх ажил мөн манай аймагт, Жаргалантын сангийн аж ахуйгаас эхэлсэн байдаг.
1937 оны хавар Баянцогт сумын хэсэг иргэд Замтын нэгдлийг байгуулснаар хөдөө аж ахуйн нэгдлүүдийн эхлэл тавигдаж, улмаар Угтаалцайдам суманд Тээл, Халиугчин, Батсүмбэр суманд Зурамтай, Толгойт зэрэг нэгдлүүд үүсэн байгуулагдаж, нэгдэлжих хөдөлгөөнийг шинэ цагийн хөгжилтэй золгуулсан билээ.
1923 онд одоогийн Дэлгэрхаан сумын нутагт Ардын харилцан туслалцах хоршооны хэлтэс байгуулсан нь одоогийн худалдааны байгууллагын эхлэл байсан бөгөөд 1938 онд Лүн суманд оёдлын артель байгуулагдаж, аж үйлдвэрийн салбарын суурь тавигдаж, улмаар жилдээ 30 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аймгийн төвийн артел болон өргөжиж, 1941 онд Төв аймгийн хүнсний комбинат байгуулагдан, үйлдвэржилт, баялаг бүтээгчдийн түүхийн хуудас эхэлжээ.
Анхны САА, МААМС, ТАА-ууд манай аймагт байгуулагдаж, олон зуун залуусын хүсэл мөрөөдөл, амжилт бүтээл оргилсон, хөдөлмөрийн их талбар болж, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийг түүчээлж, Төв аймагчууд улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг түүхт ойн индэр дээрээс бахархан тэмдэглэж байна.
Улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-ээд оноос нийгэм, эдийн засгийн өөрчлөлт хийх төр, засгийн бодлого шийдвэрийг аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газар өөрийн аймгийн онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн, ард иргэдийнхээ амьжиргааны чанарыг дордуулахгүйгээр хадгалж, цаашид улам сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын зах зээл, эдийн засгийн хямралаас үүдэлтэй бууралт, доголдлыг богино хугацаанд зогсоож, даван туулах оновчтой бодлого, төлөвлөгөө гарган хэрэгжүүлснээр өнөөгийн амжилтад хүрсэн билээ.
Ийнхүү эдүгээгээс 100 жилийн тэртээ гал голомтоо бадрааж байсан манай аймаг өнөөдөр засаг захиргааны хувьд Монгол улсын хамгийн олон буюу 27 сум, 97 багтай аймаг болж, 94.5 мянган хүн амтай, 5.1 сая толгой мал сүрэгтэй, 306.8 мянган га талбайд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, нийгэм, соёл, дэд бүтэц, эдийн засаг, хөдөө аж ахуйн цогцолбор болж, улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэн хөгжиж байна.
Атрын I, II, Ш аянуудад Төв аймагчууд манлайлан оролцож, газар тариалангийн салбарын тогтвортой хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Газар тариалангийн салбарын уналт, түүнийг сэргээх сорилтуудыг амжилттай даван туулж, орчин үеийн техник, техинологийг үр дүнтэй нэвтрүүлж, хүнсний хангамж, үйлдвэрлэлийн хүндрэлийг даван туулахад бодитой хувь нэмэр оруулж чадсан бөгөөд жилдээ 350- 425 мян.тн ургац хураан авч, улсдаа тушаадаг, газар тариалангийн үйлдвэрлэлд тэргүүлэгч аймаг байсаар байна.
Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр газар тариалан хөгжүүлж ирсэн 63 жилийн түүхэн хөгжлийн хугацаанд Төв аймагчууд бид нийт 11,5 сая тонн ургац хураан авч, улсынхаа хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн байна.
Улсын хэмжээний жилийн нийт хэрэгцээт:
• үр тарианы 22 хувь,
• төмсний 62.9 хувь,
• хүнсний ногооны 16.5 хувь,
• таримал тэжээлийн 50.2 хувийг үйлдвэрлэж байна.
Манай аймаг Нийслэл хотын:
• сүүний хэрэгцээний 45 хувь,
• мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 40 хувь,
• төмс, хүнсний ногооны 56.5 хувь,
• өндөгний хэрэгцээний 65 хувийг дангаараа хангаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үндсэн зорилтод тусгагдсан дотооддоо үйлдвэрлэх гол нэрийн 19 бүтээгдэхүүний 15-ыг манай аймаг үйлдвэрлэж байгаа бөгөөд жилдээ:
• 100 сая литр сүү,
• 50.0 мянган тн мах,
• 154.5 мянган тн төмс,
• 23 мянган тн хүнсний ногоо, жимс жимсгэнэ,
• 90.0 мянган тн үр тариа,
• 94.0 мянган тн ногоон тэжээл бэлтгэн нийлүүлж байна.
Аймгийн эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохистой харьцаанд хөгжүүлэх, тус салбарт шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулан, өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах зорилтыг дэвшүүлэн, ХАА-н стратеги төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, хоршоо, дундын хоршоо, аж ахуйн нэгж байгууллагуудад тулгуурлан “Сумын эдийн засгийн бүтэц”-ийг тодорхойлж, тээвэр борлуулалтын сүлжээг өргөжүүлж байна.
Эдгээр ажлын үр дүнд манай аймаг зах зээлд өрсөлдөх чадвартай, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болж, сүүлийн жилүүдэд:
• малын тоо толгойгоор улсдаа 3-т,
• сүү бэлтгэн нийлүүлэлтээр улсдаа 1-рт
• эрчимжсэн аж ахуйн тоогоор улсдаа 1-т,
• төмсний үйлдвэрлээр улсдаа 1-т,
• таримал тэжээлийн үйлдвэрлэлээр улсдаа 1-рт тус тус эрэмбэлэгдэж байна.
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү цаг үед Төв аймагт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, Алт хөтөлбөрийг хэрэгжүүлэн, улсынхаа эдийн засгийг тэтгэж ирсэн бөгөөд зөвхөн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүд 150.0 гаруй тонн алт олборлож, Монгол Улсын эрдэнэсийн санд тушааж, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулж байсан түүхэн гавьяатай нутаг юм.
Үндэсний томоохон бүтээн байгуулалтууд, уул уурхай, дэд бүтэц, зам барилгын салбарын үйлдвэрлэлийн гол түүхий эд, бүтээгдэхүүнийг манай аймаг үйлдвэрлэн нийлүүлж байна.
Эдийн засгийн өсөлт, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн гадаад харилцаа, хамтыг ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна.
Манай аймаг гадаадын 5 улсын 8 муж хоттой шууд харилцаа хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байгаа бөгөөд Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын Засаг захиргаадын холбооны гишүүн, Зүүн азийн Аялал жуулчлалын ерөнхий чуулганы Монгол Улсыг төлөөлсөн албан ёсны гишүүн юм.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, түүнийг дунд хугацаанд хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд манай аймгийн нутаг дэвсгэрт Олон улсын шинэ нисэх онгоцны буудал баригдаж, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Богд хан төмөр зам төсөл хэрэгжүүлэх, Шинэ Зуунмод хот байгуулах Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүд гарч манай аймгийн эдийн засгийг тэтгэсэн бүтээн байгуулалтууд өрнөж, Төв аймаг хөгжлийн шинэ алтан боломжин дээр ирлээ.
Аймагт ҮНДЭСНИЙ хэмжээний томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ цаг үед Зуунмод хотод шинэ бүтээн байгуулалт нэмж хийх нөхцөл бүрдүүлэх зорилгоор хөгжлийг тэтгэсэн дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг системтэйгээр, бодлогоор, ээлж дараатай хэрэгжүүлэн дулаан, цахилгаан, цэвэр усны эх үүсвэрийн өргөтгөл, шинэчлэлд 84.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэн, бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлэн ажиллаж байна. Үүнд:
2016-2022 онуудад Эрдэнэсант, Алтанбулаг, Борнуур сумын Аглаг бүтээлийн хийд, Дуган хадны амралт сувилал, Мөнгөнморьт, Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын чиглэлд чиглэлд 223.5 км хатуу хучилттай авто зам баригдлаа.
Ингэснээр манай аймгийн 16 сум улсын чанартай авто замтай хатуу хучилттай автозамаар холбогдож байна.
Аймгийн төв рүү чиглэсэн таталцал, суурьшлыг бий болгох зорилгоор 2 дугаар ээлжийн 2000, 3 дугаар ээлжийн 1500, нийт 3500 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтийг хийж, хорооллын дэд бүтцэд 15.,3 тэрбум төгрөгийг улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэн, дэд бүтэц, барилгажилтын ажил идэвхтэй өрнөж, манай аймагт анхны 8, 12 давхар орон сууцны барилгууд баригдаж байна.
Сумдын хөгжлийг жигд хангах, иргэдийнхээ нутаг орондоо ая тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, үйлдвэр үйлчилгээний газар шинээр байгуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор байгууллагуудын бие даасан халаалтын системийг төвлөрсөн халаалтын системд шилжүүлэн, 25 сум төвлөрсөн халаалтын системд холбогдлоо.
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Сумын хөгжил- инженерийн дэд бүтцийн хангамж” төсөлд Борнуур, Сэргэлэн, Эрдэнэ, Баянчандмань, Дэлгэрхаан, Батсүмбэр, Жаргалант, Угтаацайдам, Эрдэнэсант, Алтанбулаг, Баян, Архуст, Лүн, Бүрэн зэрэг 14 сумын төв болон Зуунмод сумын 3,4,6-р баг хамрагдаж, Борнуур, Сэргэлэн, Эрдэнэ, Баянчандмань, Дэлгэрхаан суманд төслийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
2016-2023 онуудад 682.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд нийгмийн салбарын 84 барилга шинээр баригдаж, 148 барилга их засварт хамрагдсан байна.
Нэгэн зууны түүхийг хамтдаа бүтээж шинэ зууны түүхийг хамтдаа эхлүүлж байгаа Төв аймагчууд аа,
Зуунаас зуун, жарнаас жаран, жилээс жил, наадмаас наадмын хооронд хийж бүтээснээ дүгнэж, алдсан оносноо цэгнэн, ирээдүйгээ төлөвлөн их ажлын эхлэл, ирэх цагийн өнгөө тодорхойлох нь их ой, баяр цэнгэлийн бас нэгэн утга учир билээ.
Аймгийнхаа түүхт 90 жилийн ойг тэмдэглэснээс хойшхи 10 жилийн хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тааламжтай нөхцөл бүрдүүлэн ажиллаж, ажилсаг хөдөлмөрч малчин, тариаланч, баялаг бүтээгчдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд манай аймаг зах зээлд өрсөлдөх чадвартай, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болж сүүлийн жилүүдэд Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилд дунджаар 8-12 хувиар тогтмол өсч байна.
Дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг саарч, 2020 онд улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.1 хувиар агшсан цаг үед ч аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 703.8 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 12.4 хувиар өссөн билээ.
ДНБүтээгдэхүүн үйлдвэрлэл 2023 онд 925,4 тэрбум төгрөгт хүрч 90 жилийн түүхэн ой тэмдэглэж байсан 2013 оны түвшнээс 4 дахин өсөж, аймгийн эдийн засагт аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын эзлэх хувийн жин нэмэгдэж, эрчимжсэн аж ахуйнууд, мал амьтны гаралтай түүхий эд, газар тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд байгуулагдаж байна.
Түүхэн 100 жилийн хугацаанд Төв аймагчуудын дундаас:
• Улсын баатар 3,
• Хөдөлмөрийн бааар 65 ,
• Ардын жүжигчин 20,
• Ардын цолтон 32,
• Гавьяат цолтон 317,
• Улсын аварга тариаланч болон тариаланч хамт олон нийт 283,
• Улсын аварга малчин 209 төрөн гарсан байна.
Мөн Төв аймагчуудаас Чингис хаан одонгоор 2, төрийн шагналаар 31 эрхэм шагнагдаж, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртсэн байна.
Төв аймаг 100 жилийн түүхэн хугацаанд олон сайхан хүчтэнүүд, харваачид, уяачдыг төрүүлсэн бахдам түүх, бахархалт хүмүүний өлгий нутаг билээ.
Төв аймагчууд долоон хошуу даншиг, арван засгийн наадам, ардын хувьсгалын ойн баяруудад давтагдашгүй амжилтуудыг үзүүлж, монгол үндэстний өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Манай аймгаас Даншиг наадмын аварга, арслангууд олноороо төрж, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.
Төв аймагчуудын төдийгүй Монгол хүн бүрийн хүндэтгэлийг хүлээсэн, дэлхийн бөх, алдарт их аварга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн чөлөөт бөхийн хүрэл медальт Даяар дуурсагдах, Далай даян, Дархан аварга Жигжидийн Мөнхбат тэргүүтэй 3 Аварга, 65 улсын цолтой бөх төрж, төрийн их баяр наадмын 14 түрүү, 13 үзүүрийг авсан бахдам сайхан хүчтэнүүдийн өлгий нутаг юм. Өнөөдрийг хүртэл манай аймаг Ардын хувьсгалын баяр наадмын түүхэнд хоёр Дархан аварга төрсөн цорын ганц аймаг хэвээр байна.
Ардын хувьсгалын ойн баяр наадмын түүхэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, 20-р зууны манлай хүлэгч Данзаннямын Даваахүү тэргүүтэй Тод манлай уяач 17, Манлай уяач 24, Алдарт уяач 49 төрж, Ардын төрийн баяр наадмын 296 түрүү, 1232 айраг хүртсэн алдарт хүлэгчид, алтан тууртны өлгий нутаг юмаа.
Үндэсний сур харвааны Дархан мэргэн 2, Даян мэргэн 1, Улсын мэргэн 13, гарамгай мэргэн 2, Гоц харваач 2, Онч харваач 3 төрж, Ардын хувьсгалын их баяр наадмын Үндэсний сурын харваанаас цэц мэргэний манлай болж, 13 түрүүг хүртээд байна.
Үндэсний шагайн харваагаар Улсын Үлэмж дархан мэргэн 11, Дархан мэргэн 8, Гарамгай мэргэн 7, Хошой мэргэн 18, Мэргэн 31 нийт 75 улсын цолтой харваач төрөн гарсан бахархам сайхан амжилтын эзэд юм.
Төв аймагчуудын үндэсний хэмжээний эдийн засагт оруулсан үнэтэй хувь нэмэр, нийгэм хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилтыг Монгол Улсын төрөөс өндрөөр үнэлж,
• 1976 онд “Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одон”-гоор
• 2013 онд “Сүхбаатарын одон”-гоор тус тус шагнасан.
Төв аймагчууд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн бодлого шийдвэрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээ тогтмол өсгөж, хариуцлага, сахилга баттай ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж, Түүхт 100 жилийнхээ ойн босгон дээр 10 дахь удаагаа Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар шалгарлаа. Мөн Жаргалант, Алтанбулаг сумд “Улсын тэргүүний сум” болсон амжилт бүтээлийг дурдахад таатай байна.
Хүндэт наадамчид аа
Эрхэм зочид оо
Төв сайхан нутаг Төв аймгийн маань ирэх он жилүүдийн хөгжлийн чиглэл, өнгө төрх улам тодрон гэрэлтэж байна.
Төв аймагчууд бид:
• Хөдөө аж ахуйд түшиглэсэн экспортын баримжаатай, өрсөлдөх чадвартай үйлдвэрүүдийг хөгжүүлж, нийлүүлэгч аймгийн зэрэгцээ үйлдвэрлэгч аймаг болох,
• Хөгжлийг тэтгэсэн дэд бүтэцтэй, сумдын хөгжлийг жигд хангасан өсөлттэй, өгөөжтэй эдийн засагтай аймаг болон хөгжих аймгийн урт хугацааны хөгжлийн бодлого, алсын хараа, эрхэм зорилгынхоо хүрээнд олон улсын нисэх онгоцны буудал байгуулагдсан давуу талаа түшиглэн Эдийн засгийн чөлөөт бүс, Үйлдвэр технологийн парк байгуулах, Богд хан төмөр замын төслийг хэрэгжүүлэх, агаарын болон төмөр замын тээврийг дагасан Тээвэр логистикийн сүлжээ байгуулах, аймгийн нутаг дэвсгэр дээр байгуулагдах шинэ хотуудтай зэрэгцэн хөгжиж, сум орон нутагт дэд бүтэц, нийтийн аж ахуйн цогц хөгжил, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх их бүтээн байгуулалтыг бодит ажил болгож, Монгол Улсын хөгжил үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийн түүчээлэн ажиллах байна.
100 жилийн түүхийг бүтээлцэж, зуун жилийн шинэ түүхийг эхлүүлж байгаа ахмадууд, залуучууд, нийт иргэддээ ирж буй он жилүүдэд цаг хугацаатай уралдан, Төв сайхан нутгийнхаа цаашдын хөгжил цэцэглэлтийн төлөө холч ухаан, авъяас билэг, эрдэм чадлаа дайчлан ажиллаж, улам ихийг бүтээн байгуулж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Төв сайхан нутгийн:
• Хүчтэнүүдийн бяр, ур, ухаан тэгш,
• Шандаст хурдан хүлгүүдийн давхил хурдан,
• Эрхий мэргэн харваачдын оноо мэргэн байж, хотол түмнээрээ сэтгэл тэнүүн, баяр хөөр дүүрэн сайхан наадахын ерөөл өргөе.
Та бүхний маань сүлд хийморь, буян заяа дэлгэрч, Төв сайхан нутаг маань цэцэглэн хөгжих болтугай. Сайхан наадаарай.
Эх сурвалж: www.zms.mn