Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Хүүхдүүд 10 жил сурсан мэдсэнэээ шалгуулж, зорьсон мэргэжлээ эзэмшиж чадах эсэх нь ЭЕШ-аас шууд хамааралтай. Энэ жил Монгол Улсын хэмжээнд 31874 сурагч ЭЕШ өгсөн. Удахгүй хичээлийн шинэ жил ч эхэллээ. Тэгвэл энэ цаг үед олон улсын ямар тэтгэлгүүд зарлагдсан байгаа тухай товч мэдээллийг хүргэе.
Солонгост эрчим хүчний чиглэлээр суралцаарай
БНСУ-ын Ханьян Их Сургууль 2024 оны гуравдугаар сарын 2-нд эхлэх “Global Energy Technology Policy Professionals” хөтөлбөрт гишүүн орнуудаас тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг магистр, докторын хөтөлбөртөө урьж байгаа юм байна. Энэхүү тэтгэлгийн зорилго нь эрчим хүчний салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, олон улсын түвшинд судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэгдсэн сүлжээг бий болгоход оршиж байгаа аж. Тэтгэлэгт хамрагдахын тулд БНСУ-аас бусад орны иргэншилтэй байх.Үүнд нэр дэвшигчийн эцэг эх нь хамаарах бөгөөд БНСУ-ын иргэншилтэй тохиолдолд өргөдөл гаргах үед тухайн иргэншлээс татгалзсан байх гэсэн шалгуурыг тавьж байгаа юм байна. Хэрэв академик түвшинд суралцахыг хүсвэл хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй байх, докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистр болон бакалаврын зэрэгтэй байх ёстой ажээ. Тус тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын төлбөрийг 100 хувь даахаас гадна сар бүр 1.800.000 вонын тэтгэмж олгох юм байна. Тэтгэлэгт хамрагдах цахим өргөдлийг энэ оны есдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаатай хүлээж авах юм байна.
Вьетнам улсад аялал жуулчлалын чиглэлээр суралцаарай
2023-2024 оны хичээлийн жилд Бүгд найрамдах Вьетнам улс нь бакалавр,магистр, докторын хөтөлбөрт тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлажээ. Хүсэлт гаргагч нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II дамжааны суралцагч, голч дүн нь 3.0 ба түүнээс дээш байх ёстой аж. Үүнээс гадна магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй, голч дүн нь 3.2 ба түүнээс дээш, хоёроос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насных байх бол Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй, голч дүн нь 3.2 ба түүнээс дээш, хоёроос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насных байх гэсэн шалгуурыг тавьсан байна. Тус улсад олон улсын харилцаа, аялал жуулчлал, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, соёлын өвийн сэргээн засварлах зэрэг мэргэжлээр суралцах боломжтой юм. Бүртгэл зургаадугаар сарын 20-ноос эхэлжээ.
Энэтхэгт инженерийн чиглэлээр суралцаарай
Энэтхэгийн засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс 2023-2024 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. Хүсэлт гаргагч нь 18-30 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх ёстой бол докторын зэрэгт суралцах хүн 45 хүртэл насных байж болох юм. Та энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл англи хэлний түвшин тогтоох шалгалт, англи хэл дээрх 500 үгтэй эссэ бичих шаардлагатай аж. Мөн өргөдөл гаргагч нь тав хүртэлх их, дээд сургуулиас өөрийн суралцахыг хүссэн дарааллаар эрэмбэлэн сонгож өргөдөл гаргах боломжтой гэнэ. Үүнээс гадна TOEFL IELTS зэрэг стандарт шалгалтын оноотой бол түүнийгээ илгээж болно. Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөл нь анагаах ухаан, шүдний эмчилгээ, судалгааны ажил, дипломын ажил болон богино хугацааны сургалтад тэтгэлэг олгодоггүй ажээ.
Унгарт сэтгэл судлалаар суралцаарай
Унгар улс нь 2023-2024 оны хичээлийн жилд Засгийн газрын тэтгэлгээр суралцах ээлжит сонгон шалгаруулалтаа зарлаад байна. “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондоо санамж бичигт гарын үсэг зуржээ. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, сүүлийн шатны шалгаруулалтыг Унгар Улсын Темпус олон нийтийн сан хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулж, тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгар Улсын Темпусаас гаргах юм байна. Хэрэв та бакалаврын түвшин сонирхож байвал хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас унгар хэл, сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал, нийгмийн ухааны салбараас харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл зэрэг мэргэжлээр суралцах боломжтой юм байна.Харин магистрын түвшинд суралцах хүсэлтэй бол хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас кино судлал, сэтгэл судлал, археологи зэрэг мэргэжлээс сонгох боломжтой гэнэ.
ОХУ-д анагаахын чиглэлээр суралцаарай
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг 2013 оноос эхлэлтэй ажээ. Энэ цагаас хойш жил бүр оюутан суралцуулсаар байгаа юм. Тус тэтгэлэгт хамрагдахад нас харгалздаггүй онцлогтой. Мөн орос хэлний оноо шаарддаггүй гэнэ. Та ОХУ-д нийгмийн салбарын мэргэжлүүд болон урлаг судлал, анагаах зэрэг 600 гаруй мэргэжлээр суралцахад нээлттэй аж. Мөн 500 гаруй сургуулиас сонголт хийх боломжтой юм байна. Бас нэг давуу тал нь сургууль болон байр нь нэгдсэн кампус хотхонд байрладаг ажээ. Харин бакалаврын түвшинд хүсэлт гаргагч нь дунд сургууль төгссөн, гэрчилгээний дүн нь “A”, “B” байх. I, II дамжааны оюутнуудад голч оноо нь 2.8-аас доошгүй байх гэсэн шалгуурыг тавьж байна. Хэрэв та 100 хувийн тэтгэлгээр суралцах хүсэлтэй ч хэрхэн шалгаруулалтад оролцох, ямар бичиг баримт бүрдүүлэх, тэтгэлгийн сайтдаа бүртгүүлэх, баримт бичгүүдээ орчуулах зэргээ мэдэхгүй байвал,“Тэтгэлгийн Ментор Хөтөлбөр”-т хамрагдаж нэгдсэн мэдээллийг авах боломжтой юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 146 (7131)