Норовын ПҮРЭВДАГВА 

 

/Зохиолч, орчуулагч/

 

Түрүү нь Зүүн Сөнөдөөр зорчсон тэмдэглэл

 

Нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оройн зоог барьсан. Энэ үед ирсэн зохиолч, найрагч малчин голдуу залуучууд Монголоос тогтвортой хамтын ажиллагаа тогтоохоор бидний ирсэнд үнэн сэтгэлээсээ баярлаж хөөрч байгаа нь харагдаж байлаа.  

 Хоёр дахь өдөр хамтын ажиллагааны санамж бичигт Сөнөд Зүүн хошууны Утга урлагийн нийгэмлэгийн тэргүүн Х.Улаанцэцэг, манай талаас Д.Отгонцагаан нар гарын үсэг зурах ёслолын ажлаар эхэлсэн. Энэ ажиллагаанд Шилийн гол аймгийн Утга урлагийн нийгэмлэгийн тэргүүн Эрдэмтү (хорчин болов уу) гэх дунд эргэм насны тохитой залуу ирж, баяр хүргэж, амжилт хүсэж байсан. Уран бүтээлчид дор дорын сэтгэгдэлээ хэлж, шүлэг найргаа уншиж, ном бүтээлээ солилцсон. Бид ч авч очсон номоо түүний дотор дэлхийн ХIХ, ХХ зууны тайзны бүтээлийн их онолчид болох Станиславский, Мейерхольд, П.Брук, Ё.Гротовски, Б.Брехт нарын бүтээлийн орчуулгын цуврал эмхтгэлээр бүрдүүлсэн номын сангаа гардуулсан.

Олон хүн санаа бодлоо хэлсний дотор малчин яруу найрагч Дурлал (М.Мөнхцэцэг) гэх бүсгүй: “...өнөөдрийн бидний сэдэж байгаа ажилд аймгийн нам, захиргаа их анхаарал тавьж байгаа юм байна. Бидний ажилд тэр болгон оролцоод байдаггүй Эрдэмтү дарга ирсэн байгааг хараад би зочиддоо зориуд хэлж байна...” гэсэн нь содон байсан. Д.Отгонцагаан маань Эрдэмтү даргад нэг иж бүрдэл өгч харагдсан. Их л сэтгэл хангалуун янзтай хамтын ажиллагааны хүрээг өргөтгөх талд аймгийн зүгээс анхаарал тавина гэнэ билээ. Ёслолын энэ ажилд Сөнөдийн талаас лав 18 зохиолч, найрагч ирсэн байсан. Өөр нэг анхаарал татсан зүйл гэвэл бараг бүгд 40 эргэм насны малчин залуус байлаа. Ахуй амьдрал нь өөдрөг, бодсон санаснаа шуудхан хэлсэн, өөртөө итгэлтэй, эрэгтэй нь ч эмэгтэй нь ч сайн унаа тэрэгтэй харагдсан. Нүүдлийн малчин ахуй, хөлгүй тал, хөх тэнгэрээсээ гэдсээ биш оюунаа тэжээх эрч хүч хайхдаа шүлэг найраг гэх болсон юм байна гэж санагдсан. 

Дараах ажил бас л шахаж, өдрийн хоолоо яаруу амжуулаад лам гөрөөсний аж ахуй үзэхээр хөдөлсөн. Хурдны замаар цаг гаруй давхиад замаас гаран хэсэгхэн яваад нэлээн тохитой байшин саванд тулж очлоо. Давхар хашааны үүдэнд угтсан залуус ариутгагч уусмалтай ширдгэн дээр гишгүүлэн биднийг дотогш орууллаа. Задгай хашаанд өнөө хэлээд байсан амьтад налайж байлаа. Ах дүүсээрээ хоршин маллаад хэдэн жил болж байгаа гэнэ. Хонин тэмээ гэж нэрлэжээ. Нээрээ харахад хонь ч юм шиг, тэмээ ч юм шиг.

Өмнөд Америкийн Аргентин, Боливи, Перу, Чили, Эквадор зэрэг орны уугуул иргэд болох инкүүд гаршуулж тэжээн ачаа уналгад хэрэглэдэг гэрийн тэжээмэл амьтан. Дунджаар 113 кг жинтэй, 45-60 кг ачаа өдөрт 25-30 км зайд зөөж чаддаг. Мах, ноос, арьс ширийг нь ашигладаг. Ус бага хэрэглэдэг, олон янзын өвс ургамлаар хооллодог ч идэш багатай, номхон дөлгөөн авиртай амьтан гэсэн товч мэдээлэл интернэтэд байх ажээ. 

Энэ аж ахуйн ахлагч болох залуу бидэнд танилцуулж эхэлсэн. Тэрбээр:

-Хонин тэмээ маллаад бид удаагүй. Олон жилийн өмнөөс манай нэг эрдэмтэн энийг л авч ирж нутагшуулах ёстой гэдэг байсан юм билээ. Тав зургаан жилийн өмнөөс цөөн цөөнөөр Австралиас оруулж ирэн тэжээж байна.

-Хоол тэжээл яах юм. Тусгай зүйл шаардах уу?

-Үгүй, та нар тэр хар даа, идэж байгаа өвсийг нь. Ноднин бэлдсэн өвс. Манай эндэхийн өвс билчээрт тун дуртай. Идэш багатай, ус ч их уухгүй, ер нь л говийн мал даа.

Харваас урд жилийн өвс тавьсныг тамшаалан идэх ажээ. 

-Овоо олон харагдаж байна. Тоо толгой хэд вэ?

-Мянга хоёр зуу. Энэ жил 600 төл авна. Төллөөд эхэлчихсэн. Хашаагаа дагаад ийш явбал та нарт харагдана аа гэлээ. Энэ үед өнөө олон хонин тэмээ хашаанд шахаж ирээд л биднийг хошуугаараа шөргөөж эхэлсэн. Мөнөөх залуу:

-Ямар сонин юм бэ, Олон л хүн ирдэг. Ингэж байхыг би үзээгүй юм байна. Та нарт их л элгэмсүү байна даа. Тун сонин амьтан шүү. Маш эрх, яг л жаахан хүүхэд шиг...

-А-ан, гомддог эрхэлдэг гэсэн үг үү?..

-Яг тийм. Жаахан чанга дуугарахад гомдоод хэвтчихнэ. Аргадаж, аятайхан дуугарахгүй бол босно гэж байхгүй, хэвтээд л байна. Зодож цохивол бүр сүйд болно...

Биднээс тун холгүй харагдах тусгаар нэг хашаанд саяхан гарсан бололтой нэг төл босож ядан хөл дээрээ дэндэгнэж байгааг залуу зааснаа:

-Тэр, та нарыг ирэхийн өмнөхөн гараад босож, амлаж ч амжаагүй байгаа юм гэлээ.

-Энэ тэгээд ашиг шим нь юу юм бэ, Яагаад тэр холоос авч ирэн тэжээх болов?

-Би нарийн сайн мэдэхгүй. Бага идэштэй болохоор бэлчээрт сүйтгэл багатай. Ноос нь нарийн зөөлөн учраас ямааны ноолуурыг орлох боломжтой гэж байсан. Тэр нь үнэн байх, ингээд өссөнөөр бид энэ жилээс ноос нийлүүлэлтийн гэрээ хийж байна. Нэг килограммыг нь 1000 юаниар өгөх болоод байгаа.

-Гарц нь их юм уу?

-Гайгүй ээ, нэг хонин тэмээнээс дунджаар таван кг гарч байна.

-Хэд хүрч нас бие гүйцдэг юм, Та нар оруулж ирээд удаагүй гээ биз дээ?

-Тийм, дээд тал нь зургаан нас хүрч байна. Найм хүрч нас бие гүйцдэг гэсэн. Бид оруулж ирвэл болох эсэх, ашиг орлого юу болохыг туршиж байгаа улс. Бидэнтэй ноосны гэрээ хийж, нэмж оруулж ирнэ гэж байхыг бодоход туршилт үр дүнтэй болж байх шиг байна...

-Ямаатай жишэхээр үс ноостой амьтан гэсэн үг үү, Мах, арьс ширийг нь яах вэ?..

-Ээ бид ийм амьтныг яаж нядлаж зүрхлэхэв, бодохоос хайран...

Би ч ингэсгээд мөнөөх залуугийн амыг татлахаа зогсон хажууханд тулаад ирсэн хонин тэмээд рүү харвал цагаан голдуу зүстэй ч хүрэн, хар, цоохор зүстэй бас харагдах ажээ. Энэ үед Улаанцэцэг дөхөж ирсэнээ “За шалгааж дуусав уу” гэхэд нь:

-Сонин юм байна. Сүргийн бүтэц алдагдах аюулаас сэргийлж, ямааны тоогоо ихэсгэхгүй бэлчээрээ хамгаалах бодлого гэсэн үг үү гэхэд инээмсэглэснээ

-Үнэн. Ноолуурын хэрэгцээ зах зээл дээр хорогдох биш өсөж байна шүү дээ... гэв.

Манайхан энд тэндгүй таран хонин тэмээ, саяхан гарсан энд тэнд байгаа нялх төлийг харан тун таатай байлаа. Тэгтэл Содбилэг дөхөж ирээд:

-Дараагийн ажлын цаг боллоо хөдөлье гэхэд нь асуух маягтай харвал

-Одоо бид жаахан ийшээ Авгын хошууны нутаг руу орж, Батмөнх, сүүлд Богд хан уул гэх болсон шүтээнд ёслоно гэхэд надад хэлэх юу байхав толгой л дохисон.

Ингээд бид унаандаа суун цааш хөдөллөө. Явсаар замын хажууд харагдах тахил ёслолын бололтой зассан талбайд хүрээд буув.

Эрдэнэтогтох, Эрдэмтү хоёр хэдийнэ машинаасаа буучихсан Эрдэмтү:

-За тэр, бидний өмнө хойшоо харан хэвтэж байгаа баатарыг харж байна уу, Энийг эхлээд Батмөнх уул гэдэг байснаа сүүлдээ Богд уул гэх болсон. Зарим хүн Чингисхаан гэж байгаа ч сонсогддог. Юутай ч сахал үс, дуулга гээд үнэхээр л тухайн үеийн баатар хэвтэж байна гэмээр уул байгаа биз. Эндээс хүмүүс арц хүж уугиулж, идээнийхээ дээжийг өргөдөг юм гэж байв. Тэгтэл төдөлгүй Авгын хошууны Утга урлагийн нийгэмлэгийн нөхөд хэдэн машинтай хүрч ирсэн. Ингээд мөнөөх монгол зангаараа идээ ундаа, яриа хөөрөө болсон.

Хараа тавихад уул уурхай байдаг болов уу гэмээр санагдаж байлаа. Авгын хошууны төвийн бараа ч харагдаж байсан. Шилийн гол аймгийн төв ч холгүй бололтой байсан. Цаг оройтож байсан болохоор тэгсгээд бид нутгийн олонтой салах ёс гүйцэтгэсэн. Буцаад төв зам руу ирэхэд нэг машинд хамт явсан Содбилэг:

-Энд буух хэрэгтэй. Эрдэмтү дарга эндээс аймгийн төв рүү, бид баруун тийш буцах болохоор баяртай гэцгээе дээ гэлээ.

Эрдэмтү дарга уулзалт ярилцлага сонин сайхан болж байна, цаашдаа улам ажил хэрэгч болохоор янзтай өрнөж байгаад талархаж байна. Бидний уулзалт, хамтын ажиллагаа илүү өргөн дэлгэр болно гэж итгэж байна гээд гар барьсанаар энэ удаагийн уулзалт өндөрлөсөн.

Мандалт балгасын зүг явах замд монгол, семинталь үхэр таарч байлаа. Эрээнээс баруун тийш явахад харагддаг тогоо шиг дэлэнтэй алаг үнээ үзэгдэхгүй ажээ. Хэрэгт дурлан Содбилэгээсээ асуувал:

-Тэр үнэн, манай ийшээ тийм үхэр байхгүй. Италиас авчирсан ашиг шим өндөртэй өөр нэг үүлдрийн үхэр тэжээх болсон гээд замын хажууд харагдах улаан зүсмийн хэдэн үхэр рүү заагаад "Энэ явж байна. Харахад бие томгүй, хөх дэлэн ч сүйдтэй биш. Чухам ашиг шим гэж юу хэлээд байгааг нь би мэдэхгүй ээ..." гэлээ.

Манайд санаа авмаар ялангуяа хөдөө аж ахуйнхан маань бодохоор зүйл их байна даа гэж санагдаж явлаа. Ямаагаа цөөлнө гэдэг яриад шийдэх зүйл биш. Ашиг орлого өндөр ноолуураа орлуулах арга зам бий бололтой... Туршлага, хэрэгтэй санааг дэвэн дэлхий тойрч биш, дэвтэр ном эргүүлсэн эрдэмтэдээсээ асуух хэрэгтэй юм биш үү.. 

Ийнхүү явсаар есөн цагийн үед буудалдаа ирээд оройн хоолонд орсон. Өглөө “Санамж бичиг” үзэглэх үед байсан хэдэн залуус хүлээж байсан. Нэлээн халуун, сэтгэлийн хөөрөлтэй уулзалт зоог болсон.

 

Сүмтэй будрын чулуу

Гурав дахь өдрийн төлөвлөгөөнд Сүмтэй бударын чулуугаар очино гэсэн байхыг хараад нэг өрөөний Цогтжаргал бид хоёр Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс баруун урагш Монгол-Хятадын хил орчим оршдог сонин содон боржин цохионуудыг Бударын чулуу гэдэг талаар ярилцаж байлаа. Хоёр талаас болохоос биш нэг газрын тухай яриад байх шиг. Алдарт найрагч Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” түүвэртэй холбоотой ингэж нэрлэх болсон юм болов уу гэж ярьцгаалаа. Юутай ч Сүхбаатар аймгийн өмнөд болон Сөнөд Зүүн хошууны нутгаар өөрөөр хэлбэл хоёр орны хил дамнан оршдог газар юм байна. Өглөө нь мөн л эртлэн Мандалт балгасаас хойш 175 км зайд орших Баруун бударын чулуу руу хөдлөсөн. Орон нутгийн  гэх боловч мөнөөх л өөгүй замаараа, хойд зүг рүү хурдалж гарсан. Замд хоёр гурван суурин харагдсан ч шидсэн чулуу шиг довтолгож явсаар замаасаа гарч ялигүй яваад хашааны хаалган дээр очоод бууцгаасан. Мөнөөх л тогтсон жишгээрээ Эрдэнэтогтох маань:

-За бид Сөнөд зүүн хошууны байгалийн үзэмжит газар ирлээ. Нутгийн олон баруун бударын чулуу гэдэг. Бударын чулуу зүүн, баруун хоёр хуваагдан дундад, монгол хоёр улсын хилийг сундалж оршдог. Баруун хэсэг нь Сөнөд зүүн хошууны Хонгор сумын Шинэ амьдрал гацааны нутагт оршдог юм. Сүмтэй бударын чулуу геологийн тогтоцоороо чулуун нүүрсний хурдасын дээд салаанд багтаж, жонш, хавтгай хөх занар,  хатуу хайр чулуулагт цардмал, үнсэн чулуулаг зэргээс бүрдсэн их далайн ёроолын хурдасын бүх шинжийг агуулдаг; бас сонин содон хэлбэр дүрстэй хад чулуугаараа “чулуун шугуй” гэж алдаршсан газар.

За тэр бидний өмнө бүргэд хад харагдаж байна гээд тийш алхсан. Тэгсэнээ үргэлжлүүлэн "Бас хэлбэрээр нь мэлхий хад, шувуун хад, тэмээн хад, гэр хад, арслан хад... гэхчилэн нэрлэдэг. Сүмтэй бударын чулуу гэх энэ газрыг Өвөрмонголын өөртөө засах орны газар зүйн  цэцэрлэг гэж 2016 оноос албан ёсоор нэрлэх болсон. Байгалийн энэ тогтоц манай хоёр улсын нутаг дамнан, ихэнх тал нь Монголд байдаг юм шүү дээ. Бас нэмж хэлэх ёстой зүйл бол манай хууччуул, хуучны ном сударт “Цөнтэй бударын чулуу” гэдэг. Цөн гэж хавар голын мөс ханзарч түрэгдэн эрэг рүүгээ хаягддаг мөсийг хэлдэг шүү дээ. Учиртай л санагддаг..." гэж байлаа.  

Ингээд манайхан өнөө ойрхон харагдах янз янзын хад руу сонирхон тарж очин авирах нь авирч, зураг хөрөг авах нь авч эхэлсэн. Тэгтэл Улаанцэцэг:

-Энэ газар эрт дээр үед хүн сууж байсан хоёр агуй байдаг. Одоо энүүхэнд сэнжит хад, эхийн агуй байгаа. Манайхан шүтэн дээдэлдэг домогтой газар. Эхийн агуйгаар шургасан хүний нүгэл хилэнц, бузар нь арилдаг, галзуу нохойд уруулсан хүн шургавал зүгээр болно гэх зэргээр олон зүйл ярьдаг гэхийг сонсоод дээш хартал манайхан аль хэдийнэ хадан дээр гарчихсан агуйн амнаас цухуйж байснаа төдөлгүй цувран гарч харагдсан. Өмнөөсөө сүрхий өндөр харагдавч араасаа төвөггүй гардаг хад байна билээ.

Холгүй орших ханан хадыг Эрдэнэтогтох маань "Энийг найргийн хад гэдэг. Одоо энд онгодоо юүлж шүлэг найрагаа унш даа" гэхэд манайхан төрсөн сэтгэгдэлээ голдуу хэд хэдэн мөр уншиж тайлж эхэлсэн.

Харин Цогтжаргал:

-Сэтгэгдэлээ яаран асгаж болохгүй бишрэм газар байна. Би дууны шүлэгч хүн. Сайн бодож, судалж байгаад гайгүй дуу хийж эргэж та нарт барина аа хэмээн ам алдаж байлаа.

Тэр ханан хад дундуураа хагархай, дээр нь элдэв зураг харагдаж байсан. Барьж явсан усаа цацахад бүдэг бадаг байсан нь тодорч харагдана лээ. Их л сонин газар. Тогтож харвал газрын хөрс нь улаандуу, бас бараан өнгийн хөлөөр хөглөрөх элс. Хад чулууг харвал салхи, бороо, цагийн уртад үйрэн элс болж байгаа яг тийм өнгийн боржин хад.

Улаанцэцэг "Сөнөдийн хадны зураг судлаач Д.Цагаан гэж хүн бий. 1980-аад оноос судлагаагаа хэвлүүлж эхэлсэн байх. Бударын чулууны хадны зурагт нохой, адуу, тэмээ, ямаа, шувууны дүрс байх хэрнээ хүний дүрс байхгүй гэх юм билээ..." гэж байсан.

Иймэрхүү төсөөлөлтэй ирээд энэ бичвэрийг нухах үедээ зарим нэг зүйл сөхөж үзлээ. Дээр дурдсан Онгон сумын нутагт орших Бударын чулуу буюу нутгийнхан Догшин бударын чулуу гэдэг ажээ. Эндэхийн хоёр хэсэг газрын ханан хадан дээр хүн, адуу мал, ан амьтдын дүрсийг бүх талбайд нь хонхойлгон сийлсэн... зурагт хүний дүрс хамгийн олон... ямар нэгэн үйл хөдлөлийг илэрхийлсэн байдаг” гэж онцолсон байх ажээ. Энэ зургийг бас “...НТӨ II мянганы сүүл үеэс НТӨ I мянган жилийн эхэн үед хамаарна” гэх ажээ. Үүнийг уншаад гараа ар өврөөс нь харчихаад харсанаа тэс өөр зүйлийн тухай ярьж байгаа юм шиг санагдаж байлаа. Гарал угсаа, ахуй соёл нэг мөртлөө хэдий болтол ийм тусдаа юм шиг явах юм бол.. гэж бодогдсон.

 

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 146 (7131)