Норовын ПҮРЭВДАГВА /Зохиолч, орчуулагч/
МЗЭ будилж байснаа больж нэлээд ажил өрнөж байна. Энэ л жишгээр Сэлэнгийн зохиолчдын салбарт хөдөлгөөн орж, яруу найрагч, сэтгүүлч Д.Отгонцагаан гэх бүсгүй тэргүүлэх болжээ. Хойш суумтгай надтай хэд хэд ирж уулзлаа. Сэлэнгийн уугуул гэхээр миний хэрийн насны улс бараг үгүй болсон болоод тэр л дээ. Би ч тус болж юу чадав гэж байлаа. Гэтэл “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд Зүүн хошууны Утга, урлагийн холбоонд айлчилж, цаашдын хамтын ажиллагааны тухай тохирно. Багт явж өгөөч” гэлээ. Өнөөх л цааргалдаг зангаараа татгалзах янз гаргатал Отгонцагаан “Ийм үг сонсохгүй ээ... Нутгийн эрх ашгийн төлөө явахгүй гэсэн ч авч явна” гэснээр Сэлэнгийн Д.Отгонцагаан, С.Мөнхцэцэг, Б.Наранцэцэг, Б.Пүрэврэнцэн, Ц.Цогтжаргал, Н.Энхтайван, зураглаач М.Буянжаргал нартай Замын Үүд-Эрээн хүрч, хоёр машинд хуваагдан суугаад Сөнөд Зүүн хошууны төв Мандалт балгас руу зургадугаар сарын эхээр хөдөлсөн.
Арав гаруй жил очоогүй Эрээн хот өнгө засаж, байшин барилга нь өндөр, тохижилт нь өнгөлөг, зассан зам харгуй нь өөгүй толигор, хойш урагш холхидог байсан “хүн тэрэг”-ний оронд такси холхисон орчин үеийн хот болсныг харж явлаа. Манайхан сүүлийн үед Эрээнград гээд байх болсон нь ийм учиртай юмсанж.
Хилийн дээс алхмагц л нүдэнд туссан өөр нэг зүйл бол тарьсан мод бутны ургаж байгаа байдал. Лав л Эрээн хотоос гаран гартал замын хоёр талаар ургаж байгаа мод манайх шиг алаг цоог биш, аглаг шигүү ой шиг, санаа дагаад ч тэр үү илүү ногоон, 10-аад метр өргөн харагдсан. Хилийн хоёр талд хаяа дэрлэн байгаа хоёр боомт ялгарах юмгүй байсныг манайхан бүгд мэднэ. Хэдхэн жилд нүдэнд ийм ялгаа тусах болж... Зах зээл гэж наймаа арилжаа. Эрээнээс бараа зөөдөг улс нь манайхан. Холхих цөөхөн хүнтэй гундуухан сууринг орчин үеийн хот болгосон хөрөнгө оруулагчид нь манайхан шүү дээ гэсэн бодол толгойд өөрийн эрхгүй эргэлдэнэ.
Шилийн гол аймаг зүүн, баруун Сөнөд гэх хоёр хошуутай ажээ. Бидний зорьж яваа зүүн хошуу нь араараа манай улстай 316 км зурвасаар хиллэдэг. Бусад талаараа аймгийн хошууд болох Авга, Шулуун хөх, Шулуун хөвөөт цагаан хошуу, Сөнөд баруун хошуу болон Эрээн хоттой хиллэдэг. Мандалт, Баяннуур гэх хоёр балгастай хаяа хатгадаг. Баян-Уул, Сайхан говь, Цагаан овоо гэх гурван сумтай ажээ. Хот суурин газраа балгас гэж нэрлэдэг юм байна. Хүн ам нь 2007 онд 30 мянга, 2010 онд 33652 болжээ. Өөрөөр хэлбэл хүн амын жилийн цэвэр өсөлт нь 1.2 хувь, хот суурин руу шилжих хандлага ихтэй гэх мэдээ интернэтэд тавиатай байна.
За нэг ийм тойм төсөөлөлтэй, нүдэнд торох юм гэвэл нэг талаар холдож ойртон урсах төмөр зам, нөгөө талаар зэрэгцэн сунах эсрэг урсгалын хар зам, ойр ойрхон хашаалсан талд бэлчих хонь, үхэр, хаа нэг үзэгдэх морьтой хийгээд мотоцикльтэй малчин бололтой хүмүүс үзэгдэх. Тамчийн талаар 120-140 км/цагийн хурдтай наран ургах зүг жирийлгэж өгсөн. Хурдан явсан болоод ч тэр үү өндөр хүчдэлийн шугам жирэлзэж, гар утасны антен эрээлжилж байлаа. Газрын өнгө тун гандуу, бороо хур ойрд ороогүй тухай жолооч залуу ярьж явсан. Ердөө цаг хорин минут давхиад зорьсон газраа хүрсэн. “Монголын нууц товчоо” зэрэг түүхийн эх сурвалжид дурдагддаг, их далайн хурдас, динозавраас эхлээд хөрсөндөө эх дэлхийн онцлог цаг үеийн элдэв олдвор тээх, бараг 1000 км үргэлжилдэг энэ талын талаар эргэж өгүүлэх болно.
2023 оны 6 сарын 7. 11.00 жаахан л өнгөрч байсан байх. Сөнөд Зүүн хошууны Утга урлагийн нийгэмлэгийн тэргүүн Хайсангийн Улаанцэцэг, ӨМӨЗО-ны “Солонго” шагналт Ёндонгийн Эрдэнэтогтох, “Солонго” шагналт Галдуун Ч.Содбилэг, яруу найрагч Төгс, малчин яруу найрагч бүсгүй Алтансувд, М.Дурлал /Мөнхцэцэг/ зэрэг Утга урлагийн холбооны удирдах нөхөд, идэвхтэй гишүүд бидний дөрөө мултлах зочид буудлын үүдэнд угтан танилцаж, байрлуулж, төлөвлөсөн ажил их учир өдрийн зоог шавдуухан барьцгаагаад хошууны төвтэй танилцаж, зарим газраар орсон.
Мандалт балгаст хошууны хүн амын гуравны хоёр илүү нь буюу хорь гаруй мянган хүн суудаг, цомхон, цэвэрхэн мод зүлэг багагүй тарьж байгаа хот ажээ. Анхнаасаа төлөвлөлт сайтай баригдаж байгаа нь орох гарах авто зам шулуун шууд, хажуугаар өнгөрөх төмөр зам хотын цаашдын төлөвлөлт, хаяа тэлэлттэй нарийн уялдсан бололтой харагдана. Одоогоор өндөр шилэн байшин олонгүй ажээ. Гудамжаар нь цахилгаан автомашин, мотоцикль, дугуй сүлэлдэх нь БНХАУ цахилгаан машин үйлдвэрлэлээр тэргүүлэх орны нэг болж байгаа тухай өгүүлэх болсон нь санаанд бууж байлаа. Цахилгаан хөдөлгүүртэй нэгэн түнтгэр машиныг асуутал Ч.Содбилэг найрагч, орчуулагч:
-Өө энэ үү, тэтгэврийн над шиг хөгшчүүлд зориулан манай үйлдвэрлэж байгаа хямдхан машин. Үнэ нь 10 мянга орчим л юань.
-Та тэтгэврийн хүн болж байна уу? гэтэл
-Удаагүй ээ, тэтгэвэрт гарлаа ч гэж дээ. Би одоо эхнэр хүүхдийн жолооч болсон... гээд инээхэд нь
-Та энэ айхтар их албанаасаа өмнө юу хийж байв даа гэвэл
Улаанцэцэг хажуунаас:-Ээ манай ах, тэр болгон хэлээд байдаггүй алба хашиж явсан хүн шүү... гэхэд нь би гайхан харвал
Содбилэг гуай нүдээрээ инээснээ:-Яахав дээ цагдаа байсан. Танайхаар бол цагдаагийн генерал. Гэхдээ би уран бүтээл, бичих туурвихаа огт орхиогүй хүн.
Улаанцэцэг:-Тэр ч харин үнэн шүү, манай Содбилэг ах 1987 оноос уран бүтээлээ эхэлж, бичсэн шүлэг найраглал, шүүмж өгүүлэл, дууны үгээ нэгтгэн 12 дэвтэр хэвлүүлээд байгаа гэлээ.
Тэгэхэд нь Содбилэг найрагч уруулаа үлээх мэт урагш шөмбийлгэн, нүдээ онигор дээр нь онийлгож байгаад шүхэрдэн инээснээ:-Тийм ээ, жаахан онгирвол... гэж байсан.
Ингээд бид гурав дөрвөн давхар сүрхий том байшинд явж хүртэл Эрдэнэтогтох “За энэ манай хошууны Биет бус соёлын өв уламжлагчдын нэг Төв” гэлээ. ЮНЕСКО-гийн нэр томъёо хэрэглэж, бүр “нэг” гэж байгааг дотроо гайхасхийн орлоо. Үүдний цэлийсэн том танхимд Монгол дээл хувцас, гутал хэрэгсэл, за тэгээд гэр ахуйн элдэв хэрэгсэл гээд олон үзмэр тавиастай байх ажээ. Дээл хувцас, гутал, гоёл чимэглэл нь Сөнөд нутгийнх голлосон байлгүй яахав. Энд бас нэг анхаарал татсан үзмэр бол миний хатгуур тоонотой гэр байлаа. Гол тайлбарлагчийн үүрэг гүйцэтгэж явсан Эрдэнэтогтохоосоо асуувал “Энэ гэрийг манайхан хэлхээ тоонотой хатгуур гэр гэдэг. Танайд байх л ёстой. Жинхэнэ нүүдэл ялангуяа тууврын үед өргөн хэрэглэдэг гэр” гэлээ. Тэр үнэн. Тооно нь дундуураа нугастай. Унь, тооно хоёрыг сураар холбон бэхэлсэн, ганц хүн барьж болдог, зарим газар сархинаган тоонотой гэр гэдэг.
Эрдэнэтогтох найрагч биднийг танхимаар яаруухан тойруулсанаа “Эхлээд ийш нэг ороодхъё. Хүсвэл гарч ирээд үзээрэй гээд баруун талын танхим руу орсон. Мөн л дутахгүй уужим цэлгэр танхимд олон авгай хүүхэн доош тонгойн тун завгүй сууцгаах ажээ. Эрдэнэтогтох маань “За энд оёж шидэх, урлах, утас шөрмөсөө имэрч ээрэхийг хөгшчүүл хүссэн залууст зааж сургадаг газар. Орчин үеийн хэллэгээр дугуйлан гэх үү дээ. Тэтгэврийн хөгшчүүл ирж залууст багшилбал хөлстэй, залуус ирж энд юм заалгавал сурсны урамшуулал өгдөг ийм газар. Хийсэн урласан ажлыг нь эхний ээлжинд үзэсгэлэн болгоод, сонирхсон хүн авъя гэвэл борлуулан жаахан орлого олно.
Та нар хар даа, энд ширмэл ширдэг гэхэд л хэд хэдэн янзаар, орчин үеийн урлагийн хэв донж оруулан хийх гэж ч оролдож байна. Эсгий ер нь хүний хөл, биеийн дор юм уу дулаалга төдий дандаа байх ёсгүй. Хорвоо ертөнц дээр суурин бас нүүдлийн гэсэн соёл иргэншил байгаа гэж их ярих болоод байгаа биз дээ. Уугуул соёлоороо бид гоёх л ёстой. Ноос ч, ноолуур ч ялгаагүй бидний уламжлалт ахуй соёлын нэг бүтээгдэхүүн. Манайхан янз бүрээр оролдож байна” гэж товч танилцуулсан. Ингээд дотуур нь яван харвал нэг хөгшнөөр заалган дээл эсгэж байна, хажууд нь оёж байна. Товч шилбэ имхэрдэж байна. Цааш хэд алхвал ноос имхэрдэн утас ээрч байгаа хэдэн залуу бүсгүй сууж байлаа. Хажууд нь мөн л нэг хөгшин суужээ. Танхимын голд байрлуулсан томоо тавцан дээр дэлгэсэн эсгийг ширэх, зээгт наамал хоёрыг хослуулан томоохон хэмжээний уран бүтээл хийж байгаа харагдсан. Сурах, сургахыг бүтээл туурвилтай хослуулж байгаа юм байна.
Оёж байгаа залууст зааж байгаа нэг хөгшний утас дууссан бололтой ядаж байхыг Отгонцагаан анзааран дөхөж очоод зүүг нь сүвлэж өгөхөд ихэд талархаж байгаа харагдсан. Чаддагаа заах гэж чармайж байгаа хөгшчүүл, сураад авахсан гэж мачийж байгаа залуусыг хараад баймаар байсан ч саад болохгүй гэсэн дээ бид яаран гарахыг илүүд үзсэн. Ингээд үүдний танхим өнгөрөн эсрэг талын хэд хэдэн өрөө орлоо. Нэгэнд нь хэсэг залуус сур харваж байлаа. Хажуугийн өрөөнд нас хүйсээр ялгаатай олон улс шагай харваж суусан. Манайхаас уригдан очсон Галсан гэдэг хүн зааж байгаа гэж байна билээ.
Дараа нь бид нутгийн музейгээр орох төлөвлөгөөтэй байсан ч засвар хийж байгаа тул орж чадсангүй. Хажуу толгой дээрх Гилгүүдэй баатрын морьтой хөшөөг хараад “Цомцог” гэрийн үйлдвэрийн цогцолбор руу явсан. Харин энэ үед чих дэлссэн нэг сонин үг бол морины тамгаар тусгайлан үзмэр бүхий танхим байгуулж байгаа гэсэн үг байсан юм. Буцаж ирсэн хойноо сонссоноо нэгэн эрхэмд хэлтэл
-Манайд морины талаар хэвлэгдсэн 2000-аад ном байдаг. Тэр бүрийг цуглуулаад явж байна гэж сонсогдсон. Тийм л сүрхий бодолтой улс гэж байсан.
Бид тоохгүй байхад эмхэлж, хамгаалах сэтгэл гаргаж байгааг буруутгах юу байна. Үүнийг орхиод үйл явдлаа хөөе. Хоёр давхар багагүй байшингийн талыг эзлэн байрших тэмээний чулуун болон модон сийлбэр зонхилсон үзмэртэй, сургалт-урлан маягаар үйл ажиллагаа явуулдаг. Хүрэлбаатар гэх залуу багштай өөр нэгэн төвд явж хүрсэн. Байрны нөгөө хэсэгт цомцог гэрийн мод, бусад хэрэгслийн бэлдэц хийдэг цех байрладаг юм байна. Бид цагийн хувьд оройтож очсон болохоор хичээллэгсэд тарчихсан. Хүрэлбээтар багш л ганцаараа ажлаа үзүүлсэн. Зэрэгцээ хашаанд дэлхийн содон амжилтыг бүртгэн мэдээлдэг “Геннисийн номонд 2018 оны наймдугаарсард бүртгэгдсэн” хамгийн том Цомцог гэр байх ажээ. Хажууд нь арай бага хэдэн гэр бас харагдсан.
Том гэхээр хэмжээ дамжааг нь асуух байх. Гэрийн дотор талбай нь 800 ам.метр, гэрийн модыг нарсаар хийсэн. 192 нарийн, 24 бүдүүн уньтай. Дотор баганыг дөрвөн метр урт гурван мод залган хийсэн гэж цогцолборыг санаачлагч Эрдэнэтогтох маань бахдалтай ярьж явсан.
Цааш нь тэрбээр “Гэрийн модны үнэ гэхэд нэг сая юань болсон. Манай хошуу модгүй болохоор тийм болж байгаа юм.
Дулаан цагт найр хуримд ашигладаг. Манайхан ч их дуртай байдаг болохоор бүр “Дэлгэр найрын өргөө” гэх болоод байгаа. Өртгөө барьсан шүү” гэж байсан. Том гэр л лав тайз, дэлгэц, хөгжим, гэрэл чийдэн, бусад тавилгаар бүрэн тоноглогдсон байна билээ.
Дараа нь бидний очсон газар бол “Сүү цагаан идээний үйлдвэр” гэх гурван давхар сунайсан байшин байлаа. Хажуудаа, холгүй байрны нэг, хоёрдугаар давхарт дэлгүүртэй, Сөнөд хошууны Утга урлалын нийгэмлэгийн гишүүн байууллага юм байна. “Алтан унага” гэх энэ цогцолборын захирал Дашийн Оюунбилэг гэх эмэгтэй биднийг угтаад ийн хүүрнэсэн:
-Манай үйлдвэрийн барилгыг улсаас барьж өгсөн. Долоон гэр бүл аж ахуйн зохион байгуулалтад орон ажиллуулдаг. Байрны түрээс, дулааны үнээс улс чөлөөлдөг. Ус, цахилгааны хөлсөө л бид төлдөг гэхэд нь
-Та нар тэгээд юу хийдэг юм бэ дээ гэхэд нэг хаалга татан биднийг оруулснаа
-За энэ бидний хийсэн бүтээгдэхүүн гээд тавиур дээр өрсөн савласан сүү, шар сүүний чихэр, өрөм, ааруул, тараг, аарц, ээзгий, цөцгийг заалаа.
Тэгсэнээ хажуу өрөөний хаалга татан орж шилэн хананы цаана ажиллаж байгаа хүмүүсийг зааснаа:-Манай үйлдвэр 2000 гаруй ам.метр талбайтай энэ байшинд байрладаг. Манай хүчин чадал хамгийн товчоор нэг цагт 1000 кг сүү, цагаан идээ гаргах хүчин чадалтай гэхэд нь бид
-Та нарт ийм хөнгөлөлттэй нөхцлөөр үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж яагаад олгов гэхэд хошуу захиргаанд алба хашдаг залуу найрагч Төгс:
-Хөдөө орон нутгийн иргэдийг тогтвор суурьшилтай, ажилтай, орлоготой байлгахад нам, засгаас сүүлийн үед анхаарч, хоршин нийлж, аж ахуй эрхлэхийг дэмжиж байгаагийн нэг жишээ. Нутгийн хүн ардыг баталгаатай ажилтай, орлоготой болгоход сүүлийн үед их анхаарч янз бүрийн ажил хийх болсны нэг жишээ. Хөдөөгийн хүн амын тоо өсөхгүй байгааг тогтвор суурьшилтай холбон орон нутгийн засаг захиргааны ажлыг дүгнэх нэг үндсэн үзүүлэлт болгоод байгаа учраас ийм санаачлага манай улсад их гарч гарч байна.
-Яадаг гэсэн үг вэ, жаахан тодруулаач... гэвэл хошигнох янзтай инээмсэглэснээ
-Юу л даа, жил жилийн хүн амын судалгаагаар хошууны хүн ам буурч байгааг зогсоож нутаг орноо тархан эзэмшин суух ёстой гэсэн бодлого хэрэгжиж байна. Жилийн дүнгээр нутгийн хүн амын тоо буурвал эрх баригчдыг ажил үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэн халдаг болсон.
-Тэгвэл хүссэн хичээл зүтгэлтэй хүмүүст боломж олгодог гэсэн үг үү?
-Яг тийм. Сүүлийн хэдэн жил малчдад хүсвэл улсаас байр барьж, худаг гаргаж өгөх болсон. Ингэснээр нутгийн залуус айл гэр болцгоон мал дээр гарах нь олшроод байгаа. Зах зээл дээр мал аж ахуйн бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа нь ч нөлөөтэй байгаа.
-Захирал түрүүн долоон гэр бүл энэ үйлдвэрийг ажиллуулдаг гэсэн. Үүнийгээ тодруулж болох уу? гэхэд Оюунбилэг захирал:
-Малчид хол суудаг. Зориулалтын машингүй болохоор сүү тогтмол авч ирж чадахгүй байна. Үнэнийг хэлэхэд манай хэдэн айл зориг шулуудан ажиллуулъя гэхэд сум орон нутгийн удирдлага итгэж боломж олгосон хэрэг. Ажиллаад удаагүй. Мандалтаасаа хальж чадахгүй байна гээд дагуулан гурван давхарт гарснаа шилэн хаалтны цаана сүү загсааж байгааг харууллаа. Таван литрийн олон тогоог нэг удирдлагатай цахилгаан тулган дээр эрийтэл тавьжээ. Сүүгээ нэг зэрэг хөөрүүлж, нэг зэрэг галаа татдаг юм байна.
Хэлсэн үг, хийж байгаа ажлыг нь хараад би дотроо манай эрх баригчдын яриад байдаг жижиг, дунд үйлдвэрлэл гэдэг энэ юм байна. Зөв зохион байгуулж гол нь малчиддаа итгэсэн бол ядаж махны үнийг... гэсэн бодол төрж байлаа. Нэг ийм сэтгэгдэлтэй эхний өдрийн ажил өндөрлөж орой 20:00 цагт буудалдаа ирцгээсэн.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 145 (7130)