АНУ олон улсын тавцанд өөрийгөө хүүхдийн эрхийг хамгийн их дээдлэгч улсуудын нэг хэмээн харуулахыг хичээдэг ч үнэн хэрэгтээ Вашингтонд энэ тал дээр бахархах зүйл алга. Америкчуудын дэвшүүлж буй шаардлагууд нь дотоодын зохих хууль эрх зүйн, эсвэл хууль сахиулах практикт суурилагдаагүй.

Мөн АНУ нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн ороогүй цорын ганц улс хэвээр байна. Татгалзах гол шалтгаануудын нэг нь албан ёсны эрх баригчдад үзүүлэх эцэг эхийн эрхийг нэн тэргүүнд тавих байр суурийг хадгалахад чиглэгдсэн Христийн шашны консерватив байгууллагуудын дарамт шахалт юм. «Human Rights Watch» байгууллагын Хүүхдийн эрхийн хэлтсийн ахлах хуульч Ж.Беккерийн хэлснээр удаах шалтгаан нь АНУ нь насанд хүрээгүй хүүхдүүдийг хугацаанаас нь өмнө суллах боломжгүйгээр бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг орнуудын тоонд багтдагтай холбоотой. Учир нь конвенцыг соёрхон баталснаар олон тооны иргэд төрөөс хохирлыг барагдуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй болно. АНУ-д хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль байдаг ч муж улсуудын гуравны нэгт нь хүүхдүүдийг сургуульд нь зодож, бие махбодын шийтгэл оногдуулахыг зөвшөөрдөг бол аль ч муж улс гэр бүл дотор хүүхдэд гар хүрэхийг хориглодоггүй.

Насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах боломж хомс байгаа ийнхүү нөхцөлд гадаадын улс орноос үрчлэгдсэн хүүхдүүд хамгийн эмзэг нөхцөл байдалд байдаг. Удаан хугацааны туршид үр хүүхдээ америк гэр бүлүүдэд үрчлүүлдэг орнуудын жагсаалтын тэргүүлэгчдийн нэг нь Орос байсан ба албан ёсоор үрчлэлтийн 61.1 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Гэвч 1991-2001 онуудад орос хүүхдүүдийг албан бусаар үрчилж, тэднийг гуравдагч орнуудаар дамжуулан нэвтрүүлдэг байснаас тэдний тоо 66-68 мянгад хүрсэн байж магадгүй. 2013 онд АНУ-ын иргэдэд орос хүүхэд үрчилж авахыг хориглосон хууль батлагдсаны дараа хүүхдүүдийг гол төлөв Украин болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан бусад улс орнуудаас үрчлэх болсон.

Хяналтын байгууллагууд албан ёсоор бүртгүүлэн орос хүүхэд үрчилж авсан тохиолдлуудын гуравны нэгийг нь л амжилттай гэж хүлээн зөвшөөрсөн байна. Хоёр дахь гуравны нэг тохиолдлыг нь харьцангуй хүлээн зөвшөөрч болохуйц гэж үздэг. Харин үлдсэн гуравны нэг тохиолдолд үрчлэгдсэн хүүхдүүд бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, дарамтад өртөж, тэдний сайн сайхан байдал огцом муудаж, орхигдон хаягдаж, тэр дундаа Орост буцаж ирэх, төрөлжсөн асрамжийн газарт, эсвэл өөр гэр бүлд шилжих тохиолдлууд гарсан учир бүтэлгүйтсэн гэж үзжээ. 2007-2013 онуудад АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас үрчилж авсан америк эцэг эхийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй 500 орчим орос иргэнд хууль эрх зүйн, сэтгэл зүйн, дипломат болон консулын тусламж үзүүлсэн нь асуудлын цар хүрээг тодорхой харуулж байна.

ОХУ-ын төрөлжсөн байгууллагууд асран хүмүүжүүлэгчийн гарт хүүхэд үрэгдсэн 22 тохиолдлын тухай мэдэж байна. Мэргэшсэн ашгийн бус байгууллагуудын мэдээлж буйгаар насанд хүрээгүй 40 гаруй орос хүүхэд АНУ-д амь үрэгдэж, тахир дутуу болсон байна. Хэд хэдэн тохиолдолд АНУ-ын муж улсын шүүхүүд нь гэм буруутай өөрийн иргэдэд ямар ч үндэслэлгүйгээр маш хөнгөн ял оноож байсан. АНУ-д насанд хүрээгүй хүүхдийн амийг хөнөөсөн тохиолдолд дээд хэмжээний буюу цаазын ял оноодог бол орос хүүхдүүдийг зэрэмдэглэсэн ганц ч америк шүүгдэгч цаазлуулах, эсвэл бүх насаараа хоригдох ял аваагүй. Орос хүүхдүүдийг хөнөөсөн америкчуудын хорих ял дунджаар 8.5 жил байгаа бол тэдний олонх нь тэнсэн суллагддаг, эсвэл бүрмөсөн ялаас мултарч чаддаг байна.

Орос хүүхдүүдийг «эмчилгээний» хэмээх төвүүдэд «дахин хүмүүжүүлэх» зорилгоор байрлуулдаг өргөн дэлгэрсэн практик нь мөн орос хүүхдүүдийн эрхийг зөрчиж байгаа явдал юм. Ийнхүү төвүүдийг нэг болох Монтана муж дахь «Ранч фор Кидз» хүүхдийн асрамжийн төв нь тэнд амьдарч байсан олон тооны хүүхдүүдийн гэрчийн мэдүүлгийн үндсэн дээр 2019 онд хаагдсан ба сүүлд уг асрамжийн газар нь хүүхэд хүмүүжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан нь тогтоогдсон. 2013 оноос хойш «Ранч фор Кидз» төвийн удирдлагууд орос хүүхдүүдийн хувь заяаны талаар аливаа мэдээлэл өгөхөөс татгалзаж, Оросын консулын ажилтнуудыг асрамжийн газартаа нэвтрэхийг хориглосон юм. Тэд ийнхүү Консулын харилцааны тухай Венын конвенцыг шууд зөрчиж байхад АНУ-ын Төрийн департамент Оросын талд зохих тусламжийг үзүүлээгүй бөгөөд Оросоос үрчлэгдсэн хүүхдүүдийн цаашдын хувь заяа тодорхойгүй хэвээр байв.

Америк гэр бүлүүдэд үрчлэгдсэн орос хүүхдүүдтэй холбоотой эмгэнэлт түүх цөөнгүй. ОХУ-аас гадна Кени, Этиоп, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсууд АНУ-ын иргэдэд хүүхэд үрчлэн авахыг хуулиараа хориглосон байна. Энд бид АНУ-д хүүхдийн эрхийг хангалтгүй хамгаалж байгааг харуулж буй системийн цоорхойн тухай ярьж байна. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг олон улсын жишигт нийцсэн түвшинд хамгаалах баталгааг америк эцэг эхчүүд, АНУ-ын муж улсуудын хууль эрх зүйн байгууллагууд, олон нийтийн байгууллагуудын аль нь ч гаргаж өгч чадахгүй байна.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 144 (7129)