Д.ЦЭРЭННАДМИД
"Эгэл Монгол" булангийн минь энэ удаагийн зочин бол Чоймоогийн Наранцэцэг гэдэг эмэгтэй юм. Түүнийг спортын хүрээнийхэн андахгүй юм билээ. Даангүй Монголын волейболчид, мэргэн буучид бүр сайн мэднэ. Тэдний хэнээс ч Наранцэцэгийг таних уу гэхэд,
-Танилгүй дээ. Нэртэй волейболч, мэргэн буучийн нэг болоод байгаа хүн. Спортыг насны хамааралтай гэдэг. Тийм ч тал бий. Гэхдээ хүн чин хүсэл, зорилготой байж чадвал "Спортоос тэтгэвэрт гарахгүй" байж болно гэдгийг харуулж яваа хүний нэг нь Нараа л даа гэх.
Нөгөө нэгэн бидний яриан дээр үг нэмэхдээ,
-Наранцэцэг цаг ямагт өөрийнхөөрөө л явсан даа. Идрийн цог золбоогоор гялалзаж шагнал урамшил хүртэж явахдаа ч аваар осолд өртөж зовж зүдэрч байхдаа ч Наранцэцэг л явсан. Зориг тэвчээрийн дээд нь юу байдгийг харуулж чадсан ховорхон эмэгтэй гэж магтах нь түүнтэй уулзах хүслийг улам төрүүлсэн юм. Тэгээд эрлийг сургаар гэгчээр явж Улаанбаатарын хөдөө Сэлхийн амны эцэст шахуу байх тэднийд очлоо. Цэлгэр сайхан хашаанд нь мод сөөг алаглаж уртаа гэгчийн шилэн дарлага, нар наашаа гэх шиг өмнө тал нь нэлдээ цонхтой давхар сууцны байшинг харахад эзэн нь яасан ажилсаг юм бэ гэсэн бодол төрүүлнэ.
Байшинд нь ороход эргэн тойронд өнгө бүрийн цэцэг алаглан, хоймор талдаа Төрийн далбаа дэлгэсэн хажуугаар нь алаг тууз дүүрэн медалиуд, өнгө зүс нь хосолсон цомууд харагдана.
Энэ бүхнийг хараад сэтгүүлч миний хувьд зөв хүнтэйгээ уулзлаа шүү гэж бодогдлоо. Түүний яриаг сонсохуйд сэтгэл аяндаа тунгалагшаад байх шиг. Тамирчин хүний туулсан зам мөр бүхэн өнгөтэй бас аялгуутай байдаг юм байна. Бас дотроосоо гадагшаа ажилладаг хүн байдаг бол гаднах үйл хөдлөлөөрөө дотогшоо нэвтэрдэг хүн бас бий. Тэрний нэг нь Наранцэцэг юм байна л даа.
Өөрийн оронд ч юмуу гадаадад ямар нэг тэмцээнд оролцоод медаль, шагнал хүртэх бүртээ омогшихоос илүүтэй өөртөө "Би хэн бэ" гэсэн асуулт тавьж ирж. Энэ нь спортын амьдралынх нь луужин болж явсан байх юм.
Наранцэцэг ярьж байна.
-Хүн амьдралаас гэрэлтэй, гэгээтэйг нь авч хорвоогийн жамаас сайныг өөртөө шингээж, элдэв саад бэрхшээлийг даван харж явж чадваас зорилгодоо хүрнэ. Өөрөөр хэлбэл өөрийгөө зөв замаар хөтөлсөн хүн уулын бэлээс оргилд нь хүрэхтэй адил гэсэн санаа юм. Миний хувьд өөрийгөө олон удаа "ялсан" даа. Энэ маань спортод гаргасан амжилттай минь дүйнэ байх. Би өдий хүртэл зүтгэж яваагаа өнгөрсөн нэгэн жаран илүү хугацаанд спорт гэдэг өргөө гэрийг барилцаж унь юуг нь өлгөлцөж, дээвэр туургыг нь бөхлөөд хаалга үүдийг нь ямагт нээлттэй байлгаж чадсан гэж боддог гэсэн юм.
Энэ яриа туйлын философилаг сонсогдох бөгөөд спортод зүрх сэтгэлээ бүрэн зориулсан хүнлэг чанарын илэрхийлэл юм л даа. Ч.Наранцэцэг хар бага наснаасаа буюу сургуульд орсон үеэсээ л тамирчин гэгдэх замаа зассан хүн юм билээ. Хүний амьдралд сайн сайхны хажуугаар өвчин шаналал, хагацал зовлон, ханиасаа салах гээд юу эс тохиолдох билээ. Түүнд тэр бүхэн бүгд тааралдсан ч спортоо огтхон ч орхиогүй яваа юм байна.
Тэмцэлдээд аварга болчихлоо, алтан медаль хүртлээ гээд хэзээ ч онгирч сагсайж явсангүй. Миний үүрэг, орчлонг аргадаж амьдрах зорилго минь энэ гэж л бодож явж. Харин олон жил дэндүү даруухан явсныг сонсоод өөрийнх нь өмнөөс онгирмоор бас хашгирмаар санагдснаа нуумгүй л байлаа. Гэвч даруу хүний өмнө басхүү даруу байхыг хичээсэн дээ. Нэрт тамирчин олон улсын хэмжээний мастер Чойноогийн Наранцэцэг хэдэн арваныг тамирчны амьдралаар туулахдаа өөрөө үлгэрлэн бас багшлан олон шавьтай болсон тэд нар нь алдраа үнэлүүлж Монголынхоо нэр төрийг тив, дэлхийд өргөж яваа нь мэдээжийн хэрэг учир нуршимгүй ээ.
* * *
Ч.Наранцэцэгийн намтраас товчлон хэлбэл аав, ижий нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумынх. Харин өөрөө Улаанбаатарт төрж өссөн нэгэн. Гэхдээ "би Хөвсгөлийнх" гэж хэлэх дуртай гэнэ. Яагаад гэхээр зундаа аав, ижийнхээ нутагт очиж амардаг байж. Тун эршүүд зантай охин болохоор голдуу эрэгтэй хүүхдүүдтэй тоглоно. Морь мал зайдан унана. Хулгана зурам харахаараа чулуун дүүгүүр сүнгэнүүлнэ. Энэ бүхэн надад гоц зан чанар суулгасан байх гэж ярьдаг юм билээ. Анх Нийслэлийн 14 дүгээр сургуульд элсэн орсон бол сурагч насаа бараг бүхэлд нь Биокомбинатын 10 дугаар дунд сургуульд өнгөрүүлсэн байна. Дээр цухас хэлсэн дээ. Хар багаасаа л спортод хорхойссон гэж. Сургуулийнхаа биеийн тамирын багш Л.Цэрэн-Очирыгоо спортын цагаан толгой заасан багш гэж хүндэтгэж явдаг гэсэн.
Нарацэцэгт спортын хувьд оролдоогүй төрөл цөөн гэхээр. Гүйлт, харайлт, сагсан бөмбөг, волейбол гээд сургууль дээр зохиогддог тэмцээн бүхэнд орно. Болж өгвөл түрүүлчих, заримд нь эхний байрууд эзэлнэ. Цана, тэшүүрээр ч тэмцээнд орно. Адтай охин гэгдэг л байв гэнэ. Цаашлаад ажилчны районы хэмжээний тэмцээнүүдэд оролцдог болов. Амжилт нь ч ахиж байж.
Гэтэл аравдугаар ангиа төгсөх жилээ хөлөө гэмтээгээд Багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангид элсэх хүслээ биелүүлж чадсангүй. Конкурсээс хоцорчихож. Дараа жилийг хүлээхээр Биоүйлдвэрт ажилчин болдог юм. Гэвч спортоо орхиогүйгээр барахгүй намар нь Хоршооллын волейболын шигшээ багт тоглох болов. "Энэ багийн хамгийн залуу нь Солонгоо бид хоёр байсан даа" гэж ярина лээ.Тэгээд анхны том тэмцээн нь 1977 онд Дундговь аймагт болсон улсын аварга шалгаруулах тэмцээн байж. Энд "Алдар", "Хөдөлмөр"-ийн хүчтэй багтай тэднийх ач тач үзэлцэж хүрэл медалийн эзэн болсон нь их урам нэмсэн гэдэг. Ер нь уралдаан тэмцээнд ороод амжилт гаргаад явж болох юм чинь сургуульд суралцах нь тийм ч чухал биш санагддаг болж л дээ.
Харин тун удалгүй нөхөртэй болж ээж болсон гэнэ. Үүний дараа бодлоо өөрчлөн Политехникийн дээр сургуулийн барилгын инженерийн ангид элссэн байна. Энэ үедээ хоёр хүүхэдтэй болсон байж. Энэ сургуулиа гуравдугаар дамжаанаасаа орхичихож. Яагаад гэхээр том хүүхэд нь тун удаан өвчилж. Наранцэцэг өөрөө "За ер нь сургууль мэргэжил яамай, үр хүүхдээ бодъё" гэсэн санаагаар хариугүй төгсөх дөхсөн сургуулиа хатуухан хэлэхэд "хаясан" байдаг. Ингэх нь басхүү учир шалтгаан бий. Наранцэцэгийн том хүүхэд ижийг нь өөд болсны дараа гарсан. Гарахдаа ижийд нь тавьсан тэмдгийг авч ирсэн гэсэн бодол байсаар байж. Тиймээс ижий минь надад "гомдоод байна" гэж бодсон бололтой юм билээ.
* * *
Тамирчны замаа үргэлжлүүлсээр байх зуурт нэг удаа хэдэн хүний хамт Унгарт мэргэжил дээшлүүлэх болж. Биокомбинатын ажилчид жил бүр л тийшээ явдаг байж л дээ.
Гурван сар тэнд суралцаад буцах замдаа Киевийн гэлт тэрэгний буудалд зогсоход хэдүүлээ мухлаг хэсч явтал вагон нь хөдөлж байгаа харагдаж. Тэд сандралдан гүйхэд Наранцэцэг гавшгайлан гүйсээр сүүлчийн вагоны хаалганд хальт хүрээд л дараа нь юу болсныг мэдсэнгүй. Киевийн гэмтлийн эмнэлэгт ухаан орсон үедээ л вагоны хойд дугуйд дайруулснаа сонссон байна. Гурван сар эмчилүүлэхдээ гурван удаа хагалгаанд орж. Энэ үедээ "Миний спортын амьдрал ингээд дууслаа" гэж бодсон гэдэг. Санаагаар жаахан унавч "би босно оо" гэж өөрийгөө зоригжуулж байв. Дараа нь гэрийн эзэгтэйн амьдралд шилжсэн төдийгүй гурав дахиа төржээ. Түүнээсээ зургаахан сарын дараа Параолимпийн тухай мэдээлэл аваад нөгөө л спортдоо эргэн орж параволейболоор хичээллэж хэдэн охидын хамт ОХУ-д болох тэмцээнийг зорьсон байна. Тэд анхны тэмцээндээ түрүүлж алтан медаль авснаас эхлээд Наранцэцэг багийн ахлагч, дасгалжуулагчаар олон жил болж. Параволейболын багийнхан гадаад, дотоодын олон тэмцээнээс медаль хүртсэн нь түүний хичээл зүтгэлийн үр дүнг харуулж байлаа.
Нэг мэдэхнээ параволейболын багт 10 гаруй жил тоглочихож. Угаасаа мэргэшсэн төрөл нь волейбол юм болохоор амжилт ч өссөөр. Гэтэл буудлагын спортын дасгалжуулагч Л.Ундралбат Наранцэцэг гэж нэг дайчин эмэгтэй байдаг гэж дуулаад ирж уулзахдаа,
-Чамайг буудлагын тамирчнаар би сонгож авмаар байна гэхэд
-Би спорт тоглоомын хүн. Чадах болов уу гэж тээнгэлзэнгүй хариу хэлж. Тэгсэн чинь Ундралбатын
-Чи чадна аа гэсэн итгэлтэй үг Нараад үзээд алдъя гэсэн бодол төрүүлсэн байдаг.
Ингээд л буудлагын спортын тамирчин болов. Алдартай тамирчин О.Гүндэгмаатай хамт ердөө хэдхэн сарын бэлтгэл хийж байгаад 2002 онд БНСУ-д болсон Азийн наадамд оролцож хийн бууны 10 метрийн төрөлд шагналт тавдугаар байр эзэлж улмаар Афины олимпод оролцох эрх авч. Уг нь параволейбол энэ наадмын хөтөлбөрт байсан бол хоёр ч төрөлд тэмцэлдэх байсан ч болж мэдэх байв.
Ингээд буудлагын тамирчнаар бүтэн хоёр жил байнгын бэлтгэлд хамрагдаж байгаад Афиныг зорьж. Гэтэл Монголын багийн Наранцэцэгийн эрхийг түдгэлзүүлчихсэн байж. Багш, дасгалжуулагчид нь олимп зохион байгуулах хорооныхонтой шаггүй хэл ам хийж эцэст хувийн амжилтаараа оролцсон гэдэг. Муугүй ч буудаж есдүгээр байрт оржээ. Тэр олон орны тамирчид дундаас эхний 10-т багтана гэдэг ховорхон л амжилт. Даанч албан ёсны байранд бичигдсэнгүй. Ер нь тамирчин хүний амьдралд иймэрхүү азгүй ч гэхээр юм уу золгүй ч гэж болох тохиолдол байдаг л юм гэдгийг тэнд л ухаарч. Тэгээд бас нэг азгүйдсэн тухайгаа Нараа ярьсан юм.
-Бид 2016 онд АНУ-д болох "Дэлхийн цом"-д оролцохоор явлаа. Коронагийн эхлэл үе л дээ. Зургуулаа явсан юм. Германаар дамжаад буутай, буугүйгээрээ хоёр хэсэг болж цааш ниссэн. Гэтэл коронагаас шалтгаалаад биднийг Америкт нэвтрүүлээгүй учир буцаад Германд ирж олон хоног саатуулагдан нисэх буудлын зааланд цөөнгүй хоногийг өнгөрүүлж байж ирж билээ.
Спорттой түүх минь ийм. Одоо ч тэр түүх үргэлжилж улам баяжсаар явна. Бурхан надад тамирчин байхын хувь заяаг бэлэглэсэн болов уу гэж л боддог. Хааяа золгүй явдал тохиолдох, аз дутах явдал гардаг, тэрэндээ сэтгэл санааны түр зуурын цохилт авдаг ч би гутралыг аль болох хаяж сурсан.
Аваарт ороод олон сар хэвтэрт байхдаа ч би босноо гэж боддог байлаа. Хүнд ямар их боломж байдгийг амьдралаараа харуулж яваадаа урам нэмдэг дээ гэж хэлнэ лээ.
Энэ бол спортод үнэнч тэндээс тэвчээр хатуужил гэдэг юмыг бүрэн авч нэг үгээр хэлэхэд хатаагдсан хүний үг юм даа. За тийм ээ. Хүн ухаарал хийгээд тэвчээр хатуужил гэдэг юмыг олж авдаг олон арга зам бий. Тамирчин Ч.Наранцэцэгийн спортын амьдрал тэр бүхний үнэнийг харуулсан гэж болно.
Тэр оросын зохиолчдын "Болд хэрхэн хатаагдсан нь", "Ёстой хүний тухай тууж" зэрэг номыг олон дахин уншсан гэнэ лээ.
Тэгээд тэр номоос хүн чанд зориг тэвчээртэй байвал ямар ч зовлон бэрхшээлийг давж болно шүү гэсэн бодлоор хүн өөрийгөө удирдаж чадахын тухай мэдсэн байна. Бас Японы дэлхийн аварга болсон эмэгтэй волейболчдын багийн дасгалжуулагч нэгэн гайхамшигт хүн Даймацүгийн "Намайг дуурайхтун" гэдэг номыг амтархан уншиж нэгэн ёсны сурах бичгээ болгосон гэдэг юм билээ.
Саявтархан бас дэлхийн цомд оролцохоор уйгагүй бэлтгэсэн ч явж чадсангүй. Учир нь зардалгүйдсэн гэнэ. 12 сая төгрөг хэрэгтэй болсны зургаан саяыг нь өөрөө бүтээсэн ч улсын талаас мөнгө өгсөнгүй л дээ. Зардал дутагдсаны учир тийм. Гэвч энэ тухайгаа ярихдаа Наранцэцэг угийн юм үзсэн хүний зангаар бас л нэг ийм юм боллоо. За яахав дахиад цаана нь тэмцээн байгаа, боломж ч олдоно.. биз дээ гэж байна лээ.
Бас нэмж тэр "Би өөрийгөө олон удаа ялсан хүн. Энэ нь олон тэмцээнд амжилттай оролцож цом, медальтай ирсэнтэй минь тэнцэх үйл юм шүү" гэж ярьсан юм. Өргөө гэрийнх нь хоймор дүүрэн гэхээр цом, медальтайг дээр дурдсан даа. Тэгвэл түүний зарим амжилтыг нь хэлэх ёстой байх л даа. Бээжин, Тайланд, Японд болсон Азийн наадмын мөнгө хүрэл, Шанхайд бол аваргалж алт, нэг мөнгөн медаль авч байж.
Буудлагын тамирчин болоод 2005 онд Канадад, 2013 онд Азийн мастеруудын тэмцээнээс алт, 2016 онд АНУ-д болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль гээд тоочоод байвал хэлээд барахгүй бахархал бий. Алтан, мөнгөн цомууд ч өрөөтэй харагдана лээ.
Ч.Наранцэцэг олон сайн багш, дасгалжуулагчаа хүндэтгэж явдаг юм байна. Алдарт тамирчин волейболын амьд домог Х.Доржжүгдэр, "Хөдөлмөр" нийгэмлэгийн дасгалжуулагч Б.Даваасамбуу нараас эхлээд гавьяат мастер Ц.Шоовдор болон нэг талбарт өрсөлдөж, нөхөрлөж явсан волейболч Х.Хандсүрэн, С.Ганболд, Д.Солонгоо гээд л хөврүүлж өгнө.
Би тэднээсээ тамирчны хувьд ч тэр, амьдралын талдаа ч их юм сурсандаа гэж хэлнэ лээ Наранцэцэг. Түүний ярьсан спортын амьдрал тэр чигээрээ залуу хүмүүст сайхан сургамж ажээ.
* * *
Ахмад тамирчин Ч.Наранцэцэг нас жарыг давсан, хөгжлийн бэрхшээлтэй гэгдсэн ч спортоо хэзээ ч орхихгүй гэсэн сэтгэлээр өөрийгөө жавхаажуулж нэг үе иртэй, элдэвтэй тамирчин явсан төдий биш бүр тод гялалзаж явахын төлөө би тэмцсэн. Тэгээд ч даваа бүхнийг ялж чадсан. Хөлгүй болоод мөлхөх үе байсан ч спортын их хүчээр одоо би босоо явна. Амьдрал гэдэг сайхан шүү дээ гэсэн юм.
Урь унаж ус гэсэж, ургамал ногоо ургаж хавар болох, наран ээж хүн амьтан жаргах зун цаг ирэх, ургацын дээд халиурч алтан тариа шаагих намар налайх, цас бударч цан хүүрэг үлээх өвөл зочлох гээд жилийн дөрвөн улирал ээлжлэх цаг хугацаа жирэлзэн өнгөрөхийг тамирчин хүн мэдэмгүй зөвхөн тэмцээний талбартаа л ид хаваа гайхуулж явдгийн жишээг энэхүү ОУХМ Ч.Наранцэцэг гэдэг гайхамшигтай эмэгтэйгээс олон хүн олж хараасай билээ.
Николай Островскийн бүтээсэн Павел Корчагены дүрийн хувилбар буюу "Монгол Корчаген" бол нэрт тамирчин Чойноогийн Наранцэцэг юм сан уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 144 (7129)