Баатарын НЯМСҮРЭН

 

Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн  ойн хүрээнд цэргийн ёслолын жагсаал, хүндэтгэлийн тоглолт өчигдөр боллоо. Баярын ёслолд 2000 гаруй хилчин, дайчид жагсаал толилуулахдаа  хил хамгаалалтад ашигладаг техник хэрэгслээ сонирхуулсан юм. Тус үйл ажиллагаанд хилийн цэргийн харьяа байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар оролцов. Хил хамгаалах байгууллага  хөгжлийнхөө хүрээнд 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хил дээр болсон зэвсэгт дайнд амжилттай оролцсон. Мөн 1950 онд дайн дуусаж тайван цаг ирж, хил хамгаалах байгууллагыг хэсэгчлэн татан буулгажээ. Харин 1958 онд тухайн үеийн төр засгийн удирдлагууд шуурхай шийдвэр гаргаж, ОХУ-тай хилийн гэрээ байгуулахдаа Асгатын даваанаас Монгол шарын даваа хүртэл хилээ тогтоож байжээ. Хожим 1976 онд Монгол Алтайн нуруунаас Асгатын даваа, Монгол шарын даваанаас Тахийн шар нуруу хүртэл улсын хилээ тогтоож, газар орон дээр нь тэмдэглэж, 3543 хилийг тогтоосон юм. Харин 1962 онд БНХАУ-тай хилийн гэрээ байгуулж, Алтай Таванбогдоос Асгатын өвөр бэл, Халхын өмнөд овоо хүртэл, Орвог гашууны бор толгой, Соёлз уул, Тарваган тахийн овоо хүртэл 4709 км газар хүртэл улсын хилээ тогтоож, газар орноо тэмдэглэсэн түүхтэй.

Төр, засгаас хилчдийн үйлс, амжилтыг үнэлж Монгол Улсын баатар цолоор 14 хилчин, Сүхбаатарын одонгоор Хил хамгаалах байгууллагыг, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр анги болон салбар, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 15 анги, хоёр салбар шагнав,  19 анги, 15 салбарыг баатар хилчин, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн хилчин, генералуудын нэрэмжит болгосон байна.  Мөн салбарын сайд нь хил хамгаалах байгууллага нь 90 жилийн хугацаанд дотоодын хил хамгаалж, засгийн газрын тохируулагч агентлаг болж өргөжсөн гэдгийг онцолж байлаа.

Хил хамгаалах байгууллагын үе үеийн төлөөллийн сэтгэгдлийг хүргэе.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн   “Монгол Улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай албанд зүтгэж буй үе, үеийн хилчид дайчдадаа баярын мэнд дэвшүүлье. Өнгөрсөн зууны эхний хагас, Монгол Улс эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн жилүүд байсан.  1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, 1921 онд Ардын хувьсгал ялж, 1924 онд Үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхагласан” гэв.

Хурандаа н.Нямсүрэн “Монгол Улсын хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт ой тохиож буйд баяртай байна. Тиймээс хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа хилчдэдээ баярын мэнд хүргэе. Хилчид бол улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг. Би 1981 оноос 40 жил тасралтгүй хил хамгаалах байгууллагат үүрэг гүйцэтгэсэн. Хил манаагүй хүнийг эр хүн гэхгүй гэж сайхан үг бий. Ингээд бодохоор хилчдийн үйлс агуу билээ. Улсынхаа хилийг манаж байгаа залуучууддаа хандаж ахмад үеийнхээ сургаалыг хүндэтгэж, туршлагаас суралцаж ажил үйлсдээ шамдахыг хүсье” гэв.

Хилчин У.Анхбаяр “Би өнгөрсөн тавдугаар сараас Дорнод аймгийн Халх гол сумын хилийн цэргийн 0198 ангид  алба хааж эхэлсэн. Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойд оролцож байгаадаа талархаж байна. Улсынхаа үе үеийн хилчдээрээ бахархаж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 144 (7129)