Б.БОЛОР

Монгол Улсад үржлийн мал, амьтан импортлоход тавигдах шаардлагын талаар ГЕГ-ын Хорио цээрийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Д.Анхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улс үржлийн мал, амьтныг импортолдог. Үүнд ямар шаардлага тавьдаг вэ?

-Малын чанар үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу жилд орж ирэх  мал амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталж, квот олгодог. 

Мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохын өмнө импортын мэдэгдэл авах ёстой. Үүний тулд албан хүсэлт, худалдан худалдан авах гэрээ, олон улсын гэрчилгээ, мал амьтан импортлох тусгай зөвшөөрөл, импортлогч орны мал эмнэлгийн шинжилгээний бичиг зэргийг бүрдүүлдэг. 

-Энэ жил хэдий хэмжээний үржлийн мал, амьтан оруулж ирсэн бэ? 

-Эхний хагас жилийн байдлаар Польш, ОХУ, Францаас үржлийн адуу 140 толгой, үржлийн үхэр 162 толгой, 1062 бүл зөгий импортоор орж ирсэн байна.

-Импортын мал, амьтан орж ирэхэд танайхаас ямар хяналт шалгалт хийдэг вэ?

-Гаалийн байгууллага бичиг баримтын болон бусад хяналт шалгалтыг хийдэг. Мөн импортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүн, түүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн анхдагч үзлэг, шалгалт хийдэг. 

Үүний дараа  гаалийн бүрдүүлэлтийг хийж, татвараа орон нутгийн Мал эмнэлгийн газарт  шилжүүлж, хорио цээрийн дэглэмд оруулдаг. 

Эх сурвалж: www.zms.mn