Хүмүүс алхам тутамдаа бэртэх эрсдэлтэй нүүр тулсаар байна. Хүн бүр өөрсдийн аюулгүй байдлаа хангаж чадвал үүнээс сэргийлэх боломжтой. Гэмтэж бэртсэн тохиолдолд хэрхэн анхны тусламж авахыг мэддэг байх хэрэгтэй. Тиймээс  ГССҮТ-ийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэе.

 

Хүүхдээ сэгсрэх нь буруу

 

Бага насны хүүхдийг сэгсэрснээс үүссэн тархины гэмтлийн талаар ГССҮТ-ийн Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Б.Лхамсүрэн:

-Бага насны гэж 0-5 насны хүүхдийг хэлдэг.  Монголчууд хүүхдээ унахаар, уйлахаар нь шууд аваад сэгсэрдэг.  Эцэг эхчүүд хүүхдээ уйлсан үед нь аргадахдаа хүчтэй сэгсрэх нь буруу.  Учир нь энэ үед хүүхдийн тархинд хүчтэй гэмтэл үүсэх эрсдэлтэй. Тухайн хүүхдийн биеийн онцлогтой холбоотойгоор тархины гэмтэл үүснэ. Тухайн хүүхдийн өсөлт, хөгжлөөс шалтгаалан толгой нь том, бие нь жижиг мөн хүзүүний булчингийн хөгжил муу байх нь бий. Хүүхдийн тархи нь  гавлын ясныхаа 3/2 хэсгийг дүүргэдэг. Сэгсрэлтээс үүдэж тархи доргиж, хавагнадаг. Бас хялгасан судас гэмтсэнээр цус харвана. Эдгээр гэмтлийг авсан хүүхэд сурах идэвх буурч, хараа, сонсгол муудаж, байнгын унаж татдаг болдог. Илрэх шинж тэмдэг нь шалтгаангүй уйлж, өндөр халуурах, унаж татах, ухаан алдах. Хэрэв эдгээр  шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө, тусламж авах хэрэгтэй.

 

Тамирчид ахиллын шөрмөсөө гэмтээж байна

 

Ахиллын шөрмөс буюу шилбэний шандас шөрмөсний гэмтэлийн шалтгааны талаар ГССҮТ-ийн насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч О.Отгонболд:

-Ахиллын шөрмөс нь шилбэний ар хэсэгт байрлана. Амьдралын хэв маяг болон спортоос шалтгаалсан бэртэл, болзошгүй эрсдэлийн улмаас энэ шөрмөс гэмтэх нь элбэг. Ихэвчлэн тамирчид ахиллын шөрмөсөө гэмтээдэг. Мөн эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гуталнаас болж гэмтэх нь бий. Одоогоос долоон жилийн өмнө гарсан судалгаагаар  антибиотик удаан хугацаагаар хэрэглэх, үе мөчний архаг үрэвсэл, удаан хугацаанд гармоны эмчилгээ хийлгэснээс ахиллын шөрмөс тасардаг. Ахиллын шөрмөс гэмтсэн үед хүн араас өшиглөсөн мэт мэдрэмж төрнө. Хөлийн ард чимээ гараад өвдөлт багасдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам хаван нэмэгдэж өвдөлт эрчимжинэ. Өлмий дээрээ зогсож чадахгүйд хүрдэг. Гэмтсэн тохиолдолд эмнэлэгт хандахад дөрвөн төрлийн шинжилгээ авдаг. Тухайн хэсэгт дараад үзэхэд дотогшоо хонхойсон байх ба эко оношилгоо хийнэ. Шаардлагатай тохиолдол рентген болон MRA хийлгэдэг. Гэмтлийн  зэргээс хамаарч эмчилгээ нь харилцан адилгүй. Мөн шөрмөс гэмтсэн үед тарилга, физик, нөхөн сэргээх эмчилгээнд орно. Тасарсан тохиолдолд мэс засал эмчилгээ хийдэг. Мэс заслын эмчилгээ хэд хэдэн аргатай. Нээлттэйгээр шөрмөсөө сэргээх мөн арьсан доогуур залгах боломжтой. Зөөлөн эдийг  эхогоор засна. Ахиллын шөрмөсний мэс засалд орсны  дараа  нөхөн сэргээх эмчилгээг сайн хийлгэх нь зөв. Энэ нь бүрэн  гишгэхийг аажмаар нэмэх, эдгэрэлт, сорвийг багасна. Ахиллын шөрмөс гэмтээхээс сэргийлэхийн тулд жингээ барих, шилбэний арын булчин, гуяны дөрвөн толгойт, нурууны булчинг байнга хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн байдлаар  шөрмөсөө гэмтээсэн, шилбэний ар хэсэгт зовиур илэрсэн  бол  мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв. Сэмэрч урагдсан тасралыг оношлоод зөв эмчилгээ хийснээр тасрах, үрэвслээс сэргийлэх бүрэн боломжтой.

 

Шархыг дур мэдэж эмчлэх нь эрсдэл дагуулдаг

 

Шархны халдварын шалтгаан, хүндрэх тохиолдол, урьдчилан сэргийлэх аргуудыг ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн ахлах зэргийн эмч Т.Золжаргал:

-Сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд бэртэл гэмтлээс шалтгаалсан шарх нь халдвар авч, үрэвсэх тохиолдол их байна. Унаж гэмтсэн, мал болон амьтанд хазуулах, хутга мэс хөрөө, шил, бусад зүйлийн нөлөөгөөр зүсэгдэж гэмтсэн шарх нь нян бактериас халдвар авдаг. Шархны ойролцоох арьс зөөлөн эдийн бүтэц, ясандаа халдвар дамжсанаар үрэвсэл, бүтцийн өөрчлөлт явагдана. Шархны хүндрэл үүсэхэд ажил болон амьдарч буй орчны ариун цэвэр нөлөөлнө. Мөн хөрсний бохирдлоос хамаарна. Дархлаа дутмагшил, чихрийн шижин, захын судасны эмгэг, архи тамхины их хэрэглээнээс үүддэг. Халдвар авч үрэвссэн эрхтэн хүндэрвэл тухайн хүн хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлтэй. Мөн амь насаа алдах ч тохиолдол бий.  Тиймээс иргэдэд сонор сэрэмж чухал. Хэрэв гэмтэж бэртээд шарх авсан бол эмнэлэгт хандах. Эмнэлэгт хандах боломжгүй нөхцөлд бактерийн эсрэг савангаар угаах, гар ариутгах уусмалаар цэвэрлэх. Цэвэр самбайгаар боох, үүний дараа түргэн хугацаанд эмчид хандахыг зөвлөмөөр байна. Гэрийн нөхцөлд өөрөө  дур мэдэн эмчлэх, мэргэжлийн бус хүний зөвлөгөөг дагах нь халдвар авч, хүндрэл үүсгэж, эдгэрэлтийг  удаашруулдаг.

 

 

Чангалууртай боолт ашиглаж цусыг тогтоох боломжтой

 

Осол гэмтлийн үед цус тогтоох, тасарсан мөчийг зөв хадгалж, тээвэрлэхийг ГГСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн зөвлөх эмч Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав:

-ГГСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар жилд 150 мянга гаруй хүн үйлчлүүлдэг. Үүний 1.3 хувь нь гар, хуруу, хөл, мөчдийн тасарсан гэмтлээр ирж байна. Ажлын байр, ахуйн нөхцөлд гэмтэл авах нь түгээмэл. Тасарсан эрхтэний хэсгээ зөв тээвэрлэх шаардлагатай. Халдвар авахгүйгээр тээвэрлэж ирэх нь чухал. Хадгалж авч ирсэн хугацаа, температур нь эргүүлж залгахад эрхтэн нөхөн сэргэх явцад нөлөөлдөг. Тээвэрлэж авч ирэхдээ ариун цэвэр чухал ба тухайн тасарсан эрхтнээ ариутгасан самбай, цэвэр цаасанд ороогоод уутанд хийх ёстой. Үүний дараа мөстэй сав, эмнэлгийн тусгай зориулалтын саванд хийж тээвэрлэх. Харин орчны температур нь +2-+6 градус байх ёстой. Шарх үүссэн хэсэгтээ зузаан самбайгаар даралттай боолт хийнэ. Тасарсан хэсгээс дээш чангалууртай боолт хийх шаардлагатай. Цус тогтсон бол чангалууртай боолтоос татгалзахыг зөвлөж байна. Тухайн эрхтэнг дээш өргөж сойгоорой. Үүнийг гарын доорх материал болон гурвалжин алчуур ашиглаж хийх боломжтой. Эмнэлгүүд анхны тусламж үзүүлэхдээ цахилгаанаар түлж цус тогтоохгүй байх, халдвараас сэргийлж ариун уусмалаар угааж цэвэрлэх, оёдол тавихаас татгалзах хэрэгтэй.

 

Түлэгдэлтийн анхны тусламжийг мэддэг байх хэрэгтэй

 

Түлэгдэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх талаар ГССҮТ-ийн салбар эмнэлгийн түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн ахлах зэргийн эмч А.Ерлан:

-Өндөр температур, химийн бодис, цахилгаан гүйдэл, цацраг идэвх, дулааны нөлөөгөөр арьсны давхарга болон эд эрхтэнд үүсэж буй гэмтлийг түлэгдэлт гэнэ. Түлэгдэлтийг зэргээр тодорхойлдог ба дөрөв ангилна. Арьсан дээр тодорхой хэмжээний улайлт үүсэхийг нэгдүгээр зэрэг гэнэ. Харин арьсанд цэврүү үүсвэл хоёрдугаар зэргийн түлэгдэлт юм. Хэрэв арьс хууларсан байвал гуравдугаар зэрэг, арьс, зөөлөн эд, булцуу, яс хүртлээ түлэгдэх нь дөрөв дүгээр зэрэг. Сүүлийн үед түлэгдэлтэнд 0-5 насны хүүхэд их өртөж байгаа нь амьдралын хэв маяг, хүүхдэдээ тавьж буй асран хамгаалагчийн анхаарал сонор сэрэмжтэй шууд холбоотой. Түлэгдэлт нь олон шалтгаантай.  Тиймээс иргэд түлэгдэлтээс сэргийлэх, түлэгдсэн тохиолдолд анхны тусламж хэрхэн авахаа мэддэг байх хэрэгтэй. Халуун тогоо, ус буцалгагчинд түлэгдсэн бол нэн даруй хувцасаа тайлах. Дараа нь өвдөлт намдаах эм хэрэглэх, тасалгааны температурын усаар шүрших. Хүмүүс усаар шүршихдээ хүйтэн ус ашигладаг. Энэ нь буруу, хүний биеийн дулааны температуртай  дүйцэхүйц ус тохиромжтой. Арьс их хэмжээтэй түлэгдсэн бол эрүүл мэндийн тусламж авах, шаардлагатай тохиолдолд цэвэр давуугаар боолт хий. Мөн түлэгдсэн хүүхдийг дааруулж болохгүй. Харин тээвэрлэхдээ гар хөлийг сойж, шингэн зүйл сайтар уулгах хэрэгтэй. Хүмүүс түлэгдээд өөрсдөө дур мэдээд гутлын тос, цавуу, гурил, сахар, нохой болон хүний цус  түрхээд байдаг. Энэ үйлдэл нь түлэгдсэн хэсэгт  халдвар өгдөг.

 

Шөрмөсний хүндрэлд архаг гэмтэл нөлөөлж байна

 

ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн тасгийн их эмч С.Батсүх "Мөрний үений шөрмөсний гэмтэл бэртэл болон тэдгээрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх арга"-уудын талаар зөвлөж байна.

-Мөрний үеийн шөрмөс нь нийт дөрвөн багцаас бүтсэн нийлмэл бүтэцтэй аяган шөрмөс  байдаг. Энэ шөрмөсний төгсгөл нь ясны дээд хэсэгт бэхлэгддэг. Далны тойгон дээр ясны үеийг чөлөөтэй хөдлөхөөр мөрний үеийг ард, урд, дээд, доод бүхий л хэсгээс нь барьж байдаг шөрмөс юм. Мөрний үе нь хүний биед байдаг хамгийн хөдөлгөөнтэй, далайц их хийгддэг үе. Дээрх шөрмөсний гэмтэл нь архаг болон гэмтлийн шалтгаантай гэсэн замаар үүсгэгдэж байна. Архаг хэлбэрийн гэмтэл нь ихэвчлэн 50-аас дээш насанд болон зарим хүмүүст дээрх шөрмөсний цусан хангамж багассанаас үүдэн шохойжилт үүссэнээр илэрдэг. Мөн дээрээс нь шөрмөсний ойр орчмын зөөлөн эдүүдэд яс ургаж холгосноос  үүдэн архаг урагдлууд үүсэж шөрмөс гэмтдэг. Энэхүү гэмтэл мэс заслын болон эмийн эмчилгээний аргаар эмчлэгдэнэ. Гэмтлийн шалтгаан нь спортын гэмтэл элбэг. Бас нэгэн гэмтлийн шалтгаанд настай хүмүүст, цусан хангамжийн алдагдал үүссэн нөхцөл байдал дээр бага зэргийн шүргэлт үүсэхэд архаг явцтай гэмтэл үүсч байдаг. Архаг явцтай гэмтэл үүсэхэд иргэд би гэмтээгүй, миний мөрөнд ямар нэгэн асуудал байхгүй хэмээн өөр эмчилгээ хийлгэж цаг ихээр алдсны дараагаар ирдэг.  Гэтэл үүний цаана нарийн шинжилгээ хийлгээгүй мэргэжлийн эмчид хандаагүйгээс мэс засал хийсэн ч шөрмөс хүрэхгүй байх зэрэг олон эрсдэл дагуулна. Гэмтлийн үе шат болгонд авах арга хэмжээ эмчилгээ нь өөр өөр байдаг.  Тиймээс урьдчилан сэргийлэлт, эрүүл зөв амьдралын хэвшил болоод зовиуртай байгаа нөхцөлд зөв гаргалгаа эмчилгээг хийлгэх  хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 143 (7128)