Баатарын НЯМСҮРЭН

 

Нэгэн худалдааны төвд идэр насны хоёр эмэгтэй өөрсдөдөө хэрэгтэй гоо сайхны бүтээгдэхүүн авахаар алхах аж. Тэд нэг лангуунаас худалдан авалт хийх гэж байснаа худалдагчийг нь хараад “Эрэгтэй хүн гоо сайхны бүтээгдэхүүний талаар юу мэдэх юм” хэмээн цааш явав. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүний худалдааны зөвлөхөөр зөвхөн эмэгтэйчүүд ажилладаг үе ард хоцорчээ. Үйлчлүүлэхээр орж ирсэн хүн бүртэй “Сайн байна уу” хэмээн найрсгаар мэндэлж, хайсан бүтээгдэхүүнээр нь тусалдаг  худалдааны зөвлөхийг Э.Сайнзориг гэнэ. Түүнийг  “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцолж байна.

 

Солонгос хэлтэй байсан нь давуу тал болжээ

 

Э.Сайнзориг  өмнө нь төрийн албаны өндөр албан тушаалд  ажиллаж байжээ. Ингээд таван жилийн өмнөөс гэр бүлийнхээ бизнесийг өргөжүүлэхээр ажлаа хүлээлгэн өгчээ.  Гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа нь түүний гэр бүлийн бизнес бөгөөд анх аав ээж нь 23 жилийн өмнө эхлүүлсэн гэнэ. Тэд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирсэн анхдагч хүмүүсийн нэг аж. Э.Сайнзориг  аав ээжийнхээ үйлсийг үргэлжлүүлж байгаа нь энэ. Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүний зөвлөхүүд солонгос хэл мэддэггүй байх нь бий. Харин Э.Сайнзориг багаасаа Солонгос, Англи хэл сурсан нь гоо сайхны зөвлөгчөөр ажиллахад нь давуу тал болсон гэдэг. Тиймээс үйлчлүүлэгч нартаа бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг төвөггүй уншиж, тайлбарлаж өгдөг байна. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийн арьсны онцлог болоод өөрийн авахыг хүссэн бүтээгдэхүүнээ хэлэхэд Э.Сайнзориг тухайн хүнд тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг санал болгодог аж. Түүнд ажиглагддаг нэг зүйл нь орон нутгаас ирсэн хүмүүс үйлчлүүлэхдээ “Эрэгтэй хүн юу мэдэх вэ” гэдэг хандлага. Тэдгээр хүмүүсийн зарим нь өөр газраас арьсны онцлогтоо тохироогүй бүтээгдэхүүн авахыг үгүйсгэхгүй гэж онцолж байсан юм.  Тиймээс эрэгтэй хүн ч гоо сайхны салбарт үнэнч зөвлөгч байж чадна гэдгийг хүмүүст ойлгуулахыг эрмэлздэг байна. Гэтэл зарим гоо сайхны бүтээгдэхүүний зөвлөгчөөр ажилладаг  эмэгтэйчүүд мөнгө л олж байвал хамаагүй гэсэн байдлаар ханддаг нь түүнд таалагддаггүй ажээ. Энэ л тохирно, үйлчилгээ сайтай гээд зарсан бүтээгдэхүүн нь арьсанд нь таардаггүй тохиолдол түгээмэл гэнэ.

Э.Сайнзориг нэгэнт өөрт нь гоо сайхнаа даатгадаг, итгэдэг, үнэнч худалдан авагчидтай болоод амжжээ. Мөн бараа бүтээгдэхүүн авахгүй ч зөвлөгөө авахаар ирдэг хүн ч бий гэж байв. Тэрбээр “Манайх долоон салбартайгаас гурав дээр нь эрэгтэй худалдааны зөвлөхтэй. Солонгос хэлтэй хүмүүст өндөр цалин өгч ажиллуулдаг. Мөн гоо сайхны салбарт ажиллах хүн  мэдрэмж, хэлний боловсрол сайн байх хэрэгтэй.” гэсэн юм. Хэрэглэгчдэд баталгаатай,  сайн чанарын  бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа нь ажиллах эрч хүч урам зоригийг нь нэмдэг байна. Мөн их хариуцлагатай ажил гэдгийг ч онцлов.

 

Сэтгэлээсээ зөвлөдөг

Худалдааны зөвлөх Э.Сайнзориг бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглээд дахин авахаар ирсэн хүмүүсийн хэлдэг урмын үгнээс ажилдаа шамдах сайхан мэдрэмжийг авдаг байна.  Нэг үйлчлүүлсэн хүн нь дараа ирэхдээ  ээж, найз, хамаатнаа дагуулж ирж худалдан авалт хийх нь элбэг гэнэ. 

Түүнтэй ярилцаж байх хооронд үйлчлүүлэхээр орж ирсэн хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе. . 

Үйлчлүүлэгч Х.Ганцэцэг “Зарим гоо сайхны бараа зардаг худалдагч нар бүтээгдэхүүнийхээ үйлчилгээг сайн мэддэггүй. Мөн харилцааны соёл муутай байдаг. Авахыг хүссэн бүтээгдэхүүнээ асуухаар үл тоох хандлага түгээмэл харагдах нь бий. Харин эрэгтэй худалдааны зөвлөхөөр үйлчлүүлэх нь олон давуу талтай. Учир нь бүтээгдэхүүн бүрээ үнэнчээр тайлбарлаж өгдөг. Тухайлбал, нүүрний тос хэрэгтэй байна гэж асуухад “Та надад арьсны онцлогоо хэлээд өгөөч” гээд сэтгэлээсээ зөвлөдөг. Өмнө нь энэ зөвлөхөөр хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан. Бүтээгдэхүүнүүд нь ч их чанартай санагддаг” гэв. 

Иргэн Б.Цацрал “Зарим хүмүүс зөвхөн эмэгтэй хүн гоо сайхны барааны худалдагч байх ёстой гэж боддог юм билээ. Энэ нь хоцрогдсон ойлголт шүү дээ. Цаг үе, нийгэм, амьдралаас хамаараад хүн ямар ч ажил хийж болно. Гагцхүү хийж буй ажлаа сайн мэддэг байх нь чухал. Гоо сайхны бүтээгдэхүүн авахыг нь хувцас худалдаж авахтай зүйрлэшгүй. Миний сайхан харагдах, эрүүл арьстай  байх нь хэрэглэж буй бүтээгдэхүүнээс минь хамаарна.  Би өмнө нь эмэгтэй худалдагчаар үйлчлүүлж байсан. Харин эрэгтэй хүнээр үйлчлүүлэх нь илүү, итгэлтэй, харилцахад хялбар санагдлаа” гэсэн юм. 

 

“Худалдааны зөвлөх байх нь их тэвчээр шаарддаг”

 

Э.Сайнзоригийг анх гоо сайхны салбарт ороход ойр дотны хүмүүс нь түүнийг төрийн албандаа ажиллаж байхгүй хэмээн зэмлэж байжээ. Харин түүнд төрийн албаны цалингаар амьдрахад амаргүй байсан учир бизнесийн ажлаа үргэлжлүүлжээ. Харин өөрийн гаргасан шийдвэртээ үнэнч байж, сонгосон ажлаа хийсээр байгаа тууштай зан чанараар нь бахархах сэтгэгдэл төрж байсан юм. Түүний ажлыг хажуугаас нь хэсэг ажиглахад орж ирсэн хүн бүртэй найрсаг харьцах нь үйлчилгээний газар ийм л байх ёстой гэсэн мэдрэмжийг төрүүлж байв. Мөн хүн бүр харилцан адилгүй хандлага, ааш зантай. Тиймээс үйлчилгээний соёлыг харуулж, зарим тохиолдолд их тэвчээр гаргадаг нь  ажиглагдаж байлаа. Тэрбээр  цаашид агуулах худалдаа, гоо сайхны эмнэлэг байгуулах төлөвлөгөөтэй  байгаагаа хэлж байв. Э.Сайнзориг “Манай ихэнх үйлчилгээний газрууд их орой нээдэг. Энэ нь бэрхшээлтэй санагддаг. Би өглөө бүр 06:00 цагт босож, 10:00 цагт ажил дээрээ бэлэн байдаг. Харин худалдааны төв  амардаг өдрөө бусад салбартаа бараа бүтээгдэхүүнээ түгээдэг” гэлээ. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний зөвлөхөөр ажиллах хүсэлтэй хүмүүст ажлын байр нээлттэй ажээ. Харин хамгийн чухал нь ажилдаа сэтгэлтэй, үнэнч хүнтэй хамтарч ажиллах хүсэлтэй гэдгээ онцолж байсан юм. 

Эх сурвалж: “Зуун мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 142 (7127)