Б.ТУУЛ

Улсын баяр наадмын дараа хэд хоногтоо “эзгүйрдэг” нийслэл хот дахин замын түгжрэлтэйгээ залгаад байна.  Учир нь, цэвэр ус, цэнгэг агаар мөрөөдсөн Улаанбаатарчууд төрсөн нутаг ус, тэгш ой тохиож буй аймгуудыг зорьж, наадамлаад иржээ. Гэсэн ч иргэдийн амралт ингээд дууссангүй, хотоо сахиж үлдсэн нийслэлчүүдийн зарим нь гэр бүлээрээ эвент арга хэмжээ сонирхож, хотоор зугаалж амарч байгаа бол, зарим нь Горхи-Тэрэлжийн зүг хүлгийн жолоо залсаар байна.  Хотын зүүн жигүүр замын түгжрэл ихтэй,  худалдааны томоохон төвүүд хөл ихтэй өнжиж байна.

Харин Тэрэлж рүү амарч зугаалахаар явсан хүмүүсийн олонх нь Туул голын хөвөөнд байрлан отоглож, гэр майхандаа тухлаж, гарын хоол, хорхог боодог хийж тухлахыг илүүд үзэж байгааг голын хөвөөгөөр гэр түрээслэдэг айлууд хэлж байсан юм.

Харин хүүхэд, залуус олонтой аялагчид аялал жуулчлалын компаниудаас зохион байгуулж буй Мэлхий хад орчмыг зорьж,  "Морьтой аялал", "Малчин айлтай танилцах" аялал зэргийг сонирхож байгаагаа дуулгасан юм. Тэрэлж, Туул голын орчимд морь унуулах, морьтой гол гатлах, усанд норсон машин татах зэрэг төлбөрт үйлчилгээнүүд цогцолсон байлаа. Ингээд нийслэлчүүдийн амралтыг дурандав. 

Эх сурвалж: www.zms.mn