WikiLeaks сайтын нийтлэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөх магадлал өндөр байгаатай холбогдуулан “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага Вашингтон ДиСи хотноо түүнийг нэн даруй суллахыг уриалж, долоо хоногийн нөлөөллийн уулзалтууд болон ралли зохион байгуулж эхэллээ. 

RSF нь #FreeAssange уриалгыг олон нийтийн анхааралд оруулах, тэднээр дэмжүүлэх зорилгоор долдугаар сарын 17-ны өдөр Вашингтон ДиСи хот дундуур ачааны тэрэг явуулж, кампанит ажил өрнүүлэхээр болжээ. Цагаан ордон, Хууль зүйн яам, Төрийн департамент, Капитолын байр, Австрали, Их Британийн Элчин сайдын яамд зэрэг төрийн болон олон улсын байгууллага, дипломат албадын ойр орчимд энэхүү арга хэмжээ үргэлжлэх бөгөөд Ассанжийг шилжүүлэн авч, яллах нь сэтгүүл зүй, олон нийтийн мэдэх эрхэд аюул занал учруулж болохыг илэрхийлсэн утга бүхий бичвэрүүдийг олон нийтэд зориулан бэлтгэжээ. 

Ачааны тэргэн дээр мөн Багдад хотын захын дүүрэгт АНУ-ын цэргийн Apache нисдэг тэрэг агаараас довтолж, 10 гаруй энгийн иргэн, түүний дотор “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлчийн амийг хороосон явдлыг "WikiLeaks" сайт олон нийтэд дэлгэсэн бичлэгийг үзүүлнэ. Энэхүү бичлэг нь дэлхий даяарх сэтгүүлчдэд мэдээ баримт болж, олон нийтийн ашиг сонирхол бүхий мэдээлэл дамжуулсны төлөө Ассанжийг мөрдөн шалгаж байгааг Вашингтонд сануулах зорилготой юм.

“Жулиан Ассанжийг шилжүүлэн өгөх магадлал өндөр байгаа учраас бид түгшүүр зарлаж байна. Ассанж 12 жилийн турш мөрдөлт, мөшгилтийг даван туулсан. Түүний хувь заяаг нааштайгаар шийдэх боломжтой. АНУ-ын эрх баригчдад энэ хэрэгт нөлөөлж, сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө зогсох эрх мэдэл, боломж бололцоо бий. Ж.Байдены засаг захиргаанд хандан “Ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгон, хэргийг хааж, Ассанжийг сулла!” гэсэн бидний уриалга урьд өмнөхөөсөө илүү чухал байна”  гэж RSF-ийн Кампанит ажил хариуцсан захирал Ребекка Винсент онцолжээ.  Тэрбээр RSF-ийн АНУ дахь багтай нэгдэж, энэхүү хойшлуулшгүй асуудалд яаралтай арга хэмжээ авахуулах  зорилгоор хууль тогтоогчид болон Засгийн газрын албан тушаалтнууд, бусад холбогдох талуудтай уулзалтуудыг хийснээр энэхүү нөлөөллийн үйл ажиллагаа эхэлнэ. Их Британийн шүүхээс Ассанжийг шилжүүлэн өгөх эцсийн шийдвэр гарч болзошгүй тул #FreeAssange кампанит ажил улам бүр хойшлуулшгүй чухал болж байгаа юм.

“Олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл нийтэлсэн хэргээр Жулиан Ассанжийг яллах ёсгүй бөгөөд тэрбээр АНУ буюу өөр аль ч газрын шоронд хоригдох учиргүй гэдгийг RSF аль болох далайцтай хүргэхээр чармайж байна. Ж.Байдены засаг захиргаа Ассанжид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг нэн даруй сулласнаар хэвлэлийн эрх чөлөөг дэлхий даяар хамгаалахад үлгэр жишээ үзүүлэх нь зүйтэй" гэж RSF-ийн АНУ дахь Гүйцэтгэх захирал Клэйтон Веймерс мэдэгдлээ.

Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгсөн тохиолдолд 2010 онд "WikiLeaks" сайт хэдэн зуун мянган нууцын зэрэглэлтэй баримт бичиг, түүний дотор дайны гэмт хэргүүд, хүний эрхийн зөрчлүүдийн баримт нотолгоог нийтэд дэлгэсэнтэй холбоотой 18 хэргээр 175 жилийн хорих ялаар шийтгүүлж болзошгүй. Ассанж нь тагнуулын тухай нийтийн эрх ашгийн хамгаалалт сул зэргээс болж хуулийн дагуу яллагдаж буй анхны хэвлэн нийтлэгч юм. Түүнийг ийнхүү яллах нь дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй ямар ч сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, эх сурвалжийг шийтгэх аюултай нөхцөл бүрдэх бөгөөд нийтийн эрх ашгийн төлөө мэдээ нийтлэл бэлтгэхэд сөргөөр нөлөөлнө.

АНУ нь RSF-ийн 2023 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 45-д эрэмбэлэгджээ.