Б.БОЛОР
Монгол Улс өргөн уудам нутаг бүхий онгон төрхөө хадгалсан байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Энэхүү өргөн уудам талдаа тархан сууршсан, олон зуун жил хадгалагдан өвлөгдсөн нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёл бүхий түүхийн их өвийг зөвхөн Монголоос л харах боломжтой.
Тийм ч учраас Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй мандлын дэнжид албан байгууллага, салбар бүрийн төлөөллүүд оосор бүчгүй орд цагаан гэрээ барьж, гадаад дотоодын эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид, жуулчид, Хүй долоон худагт хурсан наадамчин олонд айраг, цайныхаа дээжийг барьж, баяр наадмын ерөөлтэй сайхан үгсийг хэлэлцэн ахуй соёл, ажил үйлсээ танилцуулдаг уламжлалтай.
Энэ удаа бид дэнж бэл даган буудалласан олон гэрүүдээс онцлох, сонирхох зүйл ихтэй хэдэн гэрүүдээр зочлов. Монголын Бизнесийн зөвлөл, “Улаанбаатар” групп хамтран Хүй мандлын дэнж дээр ханат цагаан гэрээ барьжээ.
Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Т.Түмэнцогт, Улаанбаатар группын захирал Ц.Батбаатар нар зочдоо хүлээн авч байсан юм. Тэд их гэрээ уран бичээч, зураач О.Ням-Очирын “Лхам” галерейд бүтээсэн уран бичлэг, калиграф зургаар чимэхийн зэрэгцээ зураач Т.Рэгзэнгийн урласан хээ, угалзан чимэгтэй авдраар гоёжээ.
Энэ тухай Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Т.Түмэнцогт хэлэхдээ “Бид үндэснийхээ зураач уран бүтээлчдийн бүтээлийг сурталчлан таниулах зорилгоор их гэрээ монгол зураач, урлаачдынхаа бүтээлээр чимсэн юм. Мэдээж манайхаар зочилсон зочид сонирхож байвал худалдаж авч болно. Ингэснээр тэдний бүтээлийг борлуулахад нь тус дэм болохыг зорьсон юм” гэж байлаа.
Дэлхийн олон улс орны үндэстнүүдийн амьдарч ирсэн уламжлалт байр сууцыг шалгаруулахад манай "монгол гэр" дээгүүр шалгарсан байдаг. Тиймдээ ч монгол гэрийг сонирхож, түүнд хонож үзэх гэсэн гадны жуулчид их болсон гэдэг. Манай гэрийг хэрийн хүн хараад барьчихдаггүй. "Монголчууд гэрээ 30 минутанд барьчих юм.
Үнэхээр нүүдэлчний сууц байхаас аргагүй юм" гэж япончууд шагширсан гэдэг. Бизнесийн салбарынханы барьсан гэр ч бас ур хийц, уран сийлбэр нь нарийн, өнгө донж нь энгийн бөгөөд эрхэмсэг гэр ажээ. Наадамчин олон хийгээд жуулчдын сонирхлыг эрхгүй татаж байлаа.
Эх сурвалж: www.zms.mn