Доржийн ОЮУНЧИМЭГ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт хоёр өдөр үргэлжилж, наадамчин олныг баясгалаа. Энэ жил бороо хур элбэг, газрын гарц сайн, сэрүүхэн байв. Энэ нь хурдан морь, уралдаанч хүүхэд хоёрын хувьд аль алинд нь сайнаар нөлөөлж байгааг уяачид хэлж байлаа.
Уяачид нутгаа зорьжээ
Хүй мандлын дэнжид уяачдын гал цөөрч сэлүүхэн болсон байв. Тэгш ой тэр дундаа 100 жилийн ойтой аймаг, сумдын наадамд хурдан хүлгийнхээ тоосыг өргүүлж, шандасыг сорихоор төрсөн нутгийн зүг жолоо залсан нь тэр ажээ. Учир нь улсын хэмжээнд 40 гаруй сум түүхт 100 жилийн тэгш ой тэмдэглэж байна. Иймд нутаг усандаа очиж наадахыг эрхэмлэн зорих нь хэн хүний хүсэл байх нь зүйн хэрэг. Тиймээс энэ жилийн үндэсний баяр наадмын хурдан морьдын уралдаанд нас насанд цөөн морь бүртгүүлж, уралдаж байлаа. Түүнээс гадна Баяр наадмын тухай шинэчилсэн хууль, хурдан морины уралдааны дүрмээр сэрвээний өндрийн дээд хязгаарыг даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар тус тус тогтоосон. Энэ нь цөөхөн морь уралдсаны нэг шалтгаан болж буйг уяачид ярьж байна. Жишээлбэл, хязаалан насны морьдын уралдаанд гэхэд л 240 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний хэмжилтээр 90 гаруй нь хасагдсан аж. Түүнчлэн азарганы уралдаанд 100 гаруй хурдан хүлэг бүртгүүлснээс дөнгөж 50 гаруй нь уралдаж, их насны морьд мөн 50 гаруй нь сэрвээний өндрөөр хасагдсанаар 100 гаруй нь уралдсан байна.
Уралдааны үеэр “хэрүүл” тасарсангүй
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан долдугаар сарын 10-нд Хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн. Хязаалан насны хурдан морины уралдаанд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Д.Жаргалсайханы халтар үрээ тод магнай, торгон жолоо өргүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группын захирал Пүрэвийн Батсайханы тогоруу халзан үрээ аман хүзүүдсэн юм. Айргийн гуравт Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Жигмэдийн Дэмбэрэлсайханы бор үрээ, айргийн тавд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын бор хязаалан тус тус хурдлав. Шүдлэн насны хурдан морины уралдаанд УБ, СХД, Партизаны хорооны уяач Б.Пунцагбалжирын хар үрээ аман хүзүүдэж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга үрээ аман хүзүүдсэн. Морь бариачийн шийдэл маргаан дагуулж түрүү, аман хүзүүнд ирсэн морьдын асуудлыг Морины салбар хороо, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороогоор асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь олны эгдүүцлийг төрүүлж чамгүй шуугиан дэгдээж амжив. Энэ талаар Монгол Улсын тод манлай уяач Д.Онон “Морь бариач адгуу хүн байж болохгүй” гэсэн юм. Мөн З.Мэндсайхан өөрөө хүсэлт гаргасан тухайгаа мэдээлсэн. Айргийн гуравт Архангайн Өндөр-Улаан сумын харьяат Ч.Энхбатын сартай хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтайн Халиун сумын харьяат Г.Жавхлантөгсийн хээр, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Ч.Уламбаярын буган халтар тус тус хурдлав.
Түмний эх дүүгүүр хээр хасагдсан төрийн наадам
Хурдан азарганы уралдаанд дөнгөж 124-хөн азарга бүртгүүлснээс нь 67 нь шүдэлгээ, сэрвээ хэмжилтээр хасагдсан. Ингээд 57 азарга уралдсан юм. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн гоё хээр азарга үрээ түрүүлсэн бол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Д.Даяндэмид хонгор азарга аман хүзүүнд хурдалсан. Айргийн гуравт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Т.Ууганбаярын уулс хүрэн, айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан, айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ц.Буянбаатарын хүрэн халзан тус тус орлоо.
Их насны хурдан морины уралдаанд 220 гаруй хурдан морь бүртгүүлснээс 150 нь уралдаж 70 нь сэрвээний өндрөөр хасагджээ. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ганбатын Даваадалай хавчиг саарал морь түрүүлснээр хөвсгөлчүүд хоёр жил дараалан Үндэсний их баяр наадмын их насны уралдаанд түрүүллээ. Тэгвэл төрийн наадамд торгон жолоо өргүүлж “Дүүгүүр хээр” гэж алдаршсан хээрийг сэрвээний өндрөөр хассан нь мөн л хэл ам дагуулаад байна. Уяач С.Энхтөр “Ардын хүүхэд уралдаж болдоггүй юм байна, шүүхдэнэ” хэмээн мэдэгдсэн юм. Дүүгүүр хээр өмнө нь Үндэсний их баяр наадам болон "Их хурд", Ховд аймгийн наадамд тус тус түрүүлээд байсан юм. Их насны уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ганбатын Даваадалайн хавчиг саарал морь түрүүлж, аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Доржийн Баттөгсийн бор халзан морь орж тод манлай торгон жолоо өргүүлсэн. Айргийн гуравт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Гомбожавын Баярцогтын хээр морь, айргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Төмөрийн Мөнхбаярын хулгар хээр морь, айргийн тавд, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул морь тус тус хурдалсан юм.
Ташрамд сонирхуулахад улсын наадмын түүхэнд шүдлэндээ түрүүлж хязааландаа аман хүзүүдсэн 13 хүлэг бий. Үүнээс зургаа нь тойруулга угшилтай ажээ. Мөн сүүлийн гурав нь “Түмний Эх” галын нэг уяаны морь юм байна.
Шүдлэндээ түрүүлж хязааландаа аман хүзүүдсэн 13 хүлэг
2023 онд
П.Батсайханы Тогоруу халзан
2007 онд
Г.Алтангэрэлийн Сүлд хүрэн
2004 онд
Ц.Энхбаярын Хамар цагаан
1998 онд
Ч.Дугарсүрэнгийн Саарал
1985 онд
С.Жамсранжавын Сарт
1982 онд
Морин тойруулгын Солонго
1977 онд
Морин тойруулгын Тайван зээрд
1972 онд
Морин тойруулгын Зээрд халзан
1968 онд
Б.Төгс-Очирын Хар бор
1957 онд
Ж.Сүрэнжавын Зээрд халзан
1950 онд
Т.Гомбо-Очирын Цавьдар
1936 онд
Г.Дагмид-Очирын Шил зээрд
Улсын наадамд шүдлэн, хязааландаа дараалан торгон жолоо өргүүлж байжээ.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын Хувьсгалын 102, ардчилсан хувьсгалын 33 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд
Морьдын нас |
Бүрт-гүүлсэн |
Уралд-сан |
Түрүү магнай |
Аман хүзүү |
Айргийн гурав |
Айргийн дөрөв |
Айргийн тав |
ХЯЗААЛАН |
240 |
133 |
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Д.Жаргалсайханы Халтар үрээ |
Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул “Шунхлай” группын захирал П.Батсайханы Тогоруу халзан |
Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Х.Бөхбатын Хүрэн |
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ж.Дэмбэрэлсайханы Бор үрээ |
Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын Бор хязаалан |
ШҮДЛЭН |
192 |
75 |
СХД-ийн Партизаны хорооны уяач Б.Пунцагбалжирын Хар үрээ |
Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы Шарга үрээ |
Архангайн Өндөр-Улаан сумын уугуул Ч.Энхбатын Сартай хүрэн |
Говь-Алтайн Халиун сумын харьяат Г.Жавхлантөгсийн Хээр |
Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Ч.Уламбаярын Буган халтар |
АЗАРГА |
124 |
57 |
Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн Гоё хээр |
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Нийслэлийн алдарт уяач Д.Даяндэмидийн Хонгор |
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Т.Ууганбаярын Улс хүрэн |
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн Хүрэн халзан |
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ц.Буянбаатарын Хүрэн халзан |
ИХ НАС |
220 |
150 |
Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Г.Даваадалай Хавчиг саарал
|
Аман хүзүү Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Д.Баттөгсийн Бор халзан
|
Айргийн гурав Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Баярцогтын Хээр
|
Айргийн дөрөв Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Т.Мөнхбаярын Хулгар хээр
|
Айргийн тав Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн Хул
|
СОЁОЛОН |
205 |
112 |
Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын Гоё хээр |
Орхон аймаг Баян-Өндөр сумын уугуул Аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын Зээрэн зээрд |
Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын Халтар
|
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул “МБЧ” компанийн уяач С.Бямбасүрэнгийн Хүрэн |
Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач О.Болдсүхийн Ухаа соёлон |
ДААГА |
243 |
113 |
Өвөрхангайн Тарагт сумын уяач Б.Наранбатын Халтар |
Өвөрхангай аймгийн Хархорин сумын сумын харьяат Дагвасүрэнгийн Хул |
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М.Ононгийн Бор |
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Мөнх-Эрдэнийн Шарга |
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ч.Батжаргалын Цавьдар |
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 139 (7124)