Б.ТУУЛ
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт Уяачдын наадмаар үргэлжилж байна.
Уяачдын наадамд зориулсан сонгомол ангиллын гурван насны морьд өнөөдөр Хүйн долоон худагт уралдана. Тодруулбал, өглөө7.00-9.00 цагийн хооронд сонгомол дээд, 9.30-11.30 цагийн хооронд сонгомол дунд, 12.00-15.00 цагийн хооронд сонгомол бага насны морьдын уралдаан болох хуваарьтай.
Сонгомол дээд насанд нийт 87 хурдан хүлэг бүртгүүлснээс 71 морь гараанаас гарсан билээ. Хэдхэн хормын өмнө сонгомол дээд насны ангиллын хурдан хүлгүүд барианд орж ирлээ.
Сонгомол дээд насны морьдын уралдааны айргийн тавт ирсэн хурдан хүлгүүдийг танилцуулъя.
-Түрүү магнайд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн буган халтар хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
-Аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын алдарт уяач Гансүхийн Хадбаатарын бор халзан ирлээ.
-Айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор ирэв.
Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Хэрлэн сумын уяач Жавын Бэгзийн хээр
-Айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Элбэг хээр тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, үзсэн олноо баясгалаа.
Эх сурвалж: www.zms.mn