Б.ТУУЛ
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулалт сайтай ажиллаж байна. Наадамчин олон Хүй долоон худаг дахь баяр наадмын үйл ажиллагаа, хурдан морины уралдааны дэг журам сахиулах үйл ажиллагаанд сэтгэл ханамж өндөр, тухтай сайхан наадамлаж байна.
Ялангуяа, Хүй мандлын дэнжид хурсан олон монголчуудыг огшоож, омогшоож байдаг зүйл бол хурдан морины уралдаан, тэр дундаа “Соёолонгийн тоосонд орж, хийморио сэргээнэ” хэмээн хошуурдаг наадамчин олныг дэгтэй, тайван сайхан наадахад энэхүү өндөржүүлсэн бэлэн байдал, хамгаалалтын дэг журам, зохион байгуулалт илүү эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж байлаа.
Мөн соёолонгийн уралдааныг үзэхийн тулд өмнөх шөнө нь "Хүй долоон худаг"-т хонохоор майхан савтайгаа ирсэн наадамчид их олон байлаа. Хот "Хүй долоон худаг"-ийн хооронд байн, байн явахаас илүүтэй, наадмын талбайдаа хонох майхнаа байрлуулчихаад тухтай баярлахыг илүүд үзсэн иргэд энэ жил эрс нэмэгджээ.
Иймд иргэдийн эрүүл аюулгүй орчин, амгалан тайван байдлыг бүрдүүлэхэд тэдний хараа хяналт маш их тус дэм болж байлаа. Наадамчин олныхоо өмнөөс тэдэнд "БАЯРЛАЛАА" гэж хэлмээр санагдав. Дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
Эх сурвалж: www.zms.mn