Б.БОЛОР

Наадамчин олон соёолонгийн тоосонд дарагдан “хийморио сэргээсэн”-ий дараа дааганы уралдааныг догдлон хүлээдэг. Учир нь дааганы уралдаан нь  хүмүүсийн хамгийн их хайрыг татаж, энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай болох даагыг өхөөрдөн дэнж хотойтол сайхан нааддаг билээ. 

Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 217 хурдан даага бүртгүүлэн мордож барианд орлоо.

Түрүүлж айрагдсан хурдан даагануудыг эрэмбэлвэл:

- Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар даага,.

- Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул,

- Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Болдын Гөлөгсайханы сартай хар,

- Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Чойжамцын Чинбатын халтар,

- Айргийн тавд Увс аймгийн Өлгий сумын уяач Лхагвын Даваанямын хээр даага шандсаа сорин барианд орж ирлээ.

Ийнхүү энэ жилийн наадам дэлгэр сайхан боллоо. Хүй долоон худгийн дэнжид даага, соёолонгийн түрүүчийг харж хөөрч догдолсон наадамчин олон дэнж хотойтол сайхан наадаж байна.

Эх сурвалж: www.zms.mn