Б.Нямсүрэн

Баяр наадам үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадуур цагаан, цэнхэр өнгийн асарт иргэд худалдаа үйлчилгээ явуулж байлаа. Тэнд Монгол үндэсний хувцсаараа гоёсон наадамчид урт дараалал үүсгэн зогсохдоо “Хэдэн хуушуур авах уу” хэмээн хоорондоо ярилцаж зогсоно.Наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл энэ жилийн хуушуурын амт чанар, ханшийн талаар сурвалжлан хүргэж байна. 

Наадам үзэхдээ хуушуур хэмээх үндэсний хоолоо иддэг уламжлал тогтсон нь бий. Энэ жилийн хуушуур амт чанар сайтай байгааг иргэд ам уралдан ярьж байлаа. Мөн айраг амт чанар сайтай байгааг хэлж байсан юм. Наадмын хуушуур 2500-3000 төгрөгөөр худалдаалж байлаа. Харин өнгөрсөн жил хуушуур 2000 төгрөг байсан. Хуушуурын худалдаа эрхлэгчид мах үнэд орсон болохоор өнгөрсөн жилээс үнэ нь нэмэгдсэн хэмээн тайлбарлаж байна. Үхэр, хонь, ямааны махаар хийсэн гэдгийг хуушуурын худалдаа эрхлэгчид ярьж байв. Мөн халиартай, сыр, тусгай амталгаагаар хийгдсэн хуушуур зарагдах аж. Иргэд ихэвчлэн асрын өмнө байрлах ширээнд сууж, эсвэл стадион руу авч орж байна хэмээн тогоочид хэлсэн юм. 

 

Цааш явж айраг зарж буй асарт зочиллоо. Хуванцар саванд хийж эгнүүлэн тавьсан айраг угтсан юм. Булган болон Архангайн айраг энэ жил худалдаалагдаж байгаа гэнэ. Тиймээс айраг нэг литр нь 10000 төгрөгийн ханштай байгааг дуулгая. Мөн нэг удаагийн аягаар 5000 төгрөгөөр үйлчилж байгаа юм.

Ингээд наадамчин олны сэтгэгдлийг хүргэж байна. 

Б.Энх-Очир “Энэ жил анх удаа улсын наадмаа үзэж байна. Өмнө нь телевизээр л үздэг байлаа. Зорьж үзэх сайхан мэдрэмж өгдөг юм байна. Наадмын хуушуур, хорхог, айраг амт чанар сайтай байгааг онцолмоор байна. Худалдаа эрхлэгчид их хурдан шуурхай үйлчилж байна. Үнийн хувьд хямд гэж хэлэхгүй. Баяр болж байгаа болохоор авч идэж байна” гэв. 

н.Сарантуяа “Жил бүрийн наадам өөр өөрийн онцлогтой байдаг. Энэ жил хөл ихтэй, үзэж харах зүйл ч арвин байна. Наадамд ирсэн хүн бүр хуушуур авч идэж баярын уур амьсгалыг мэдэрдэг шүү дээ. Энэ жил дугуй хуушуур “трэнд” болжээ. Нэг үеэ бодвол худалдаа үйлчилгээ эрхлэгчид амт чанар сайтай хуушуур хийдэг болсон байна” гэлээ. 

Тиймээс худалдаа эрхлэгчид ариун цэврийг чандлан сахиж хуушуураар үйлчилж байгаагаа хэлж байлаа. Иргэдийн хуушуурыг тэр дорно хайрч өгч байгаа гэнэ. Мөн сүүлийн үед олширсон түргэн хоолны газрууд ч үйлчилгээ эрхэлж харагдах ба үйлчлүүлэх иргэд ч цөөнгүй байх. Нийслэлээс энэ жил 185 аж ахуй нэгжид хуушуур хийж зарах зөвшөөрөл олгожээ. Харин 20 цэгт түргэн хоолоор үйлчлэх ажээ. Тиймээс хүнсний аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж ажиллаж байна. 

Эх сурвалж: zms.mn