Б.БОЛОР
Энэ жил Хүй долоон худагт уяачдын гал өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангүй цөөхөн, сэлүүхэн болсон байлаа. Томоохон уяачдын зарим нь морьдоо аваад аймаг, сумынхаа наадмыг зорьжээ.
Учир нь энэ онд улсын хэмжээнд 40 гаруй сум түүхт 100 жилийн тэгш ой тэмдэглэж байна. Иймд нутаг усандаа очиж наадахыг эрхэмлэж байгаагаа хэлж байсан. Тиймээс үндэсний баяр наадмын хурдан морьдын уралдаанд нас насанд урьд жилүүдтэй харьцуулахад цөөн морь бүртгүүлж уралдаж байлаа.
Нөгөөтэйгүүр Баяр наадмын тухай шинэчилсэн хууль, хурдан морины уралдааны дүрмээр сэрвээний өндрийн дээд хязгаарыг даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар тус тус тогтоосон.
Энэ нь цөөхөн морь уралдсаны нэг шалтгаан хэмээн уяачид, морь сонирхогчид хэлж байлаа. Жишээлбэл, хязаалан насны морьдын уралдаанд гэхэд л 240 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний хэмжилтээр 90 гаруй нь хасагдсан байна.
Азарганы уралдаанд 100 гаруй хурдан хүлэг бүртгүүлснээс дөнгөж 50 гаруй нь уралдаж, их насны морьд мөн 50 гаруй нь сэрвээний өндрөөр хасагдсанаар 100 гаруй нь уралдсан байна.
Эх сурвалж: www.zms.mn