Б.БОЛОР
Соёолонгийн тоосонд нь орж, хийморио сэргээхыг хүссэн наадамчин олон өнөөдөр Хүй долоон худгийн дэнжийг битүү бүрхээд байна. Зарим нь соёолонгийн уралдаан угтаж, ирж хоноглоод хүлээсэн бол зарим иргэд өглөө эртлэн гарсан хэмээн ярьж байлаа. Наадамчин олон соёолонгийн тоос алсаас босч, морьдын түрүүч гарч ирэх бараанаар Хүй долоон худгийг хөг эгшгээр дүүргэн уухайлан түрж байсан юм.
Наадамчин олны хамгийн их хүсэн хүлээдэг соёолон насны морьдын уралдаанд энэ жил 205 хурдан хүлэг бүртгүүлснээс 122 соёолон гарааны зурхайгаас гарсан юм.
Энэ жилийн соёолонгийн түрүү магнайд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр соёолон хурдалж наадамчин олноо баясгалаа. Хээр соёолон төрийн наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлсэн.
Харин аман хүзүүнд Орхон аймаг Баян-Өндөр сумын уугуул Аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын Зээрэн зээрд, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул “МБЧ” компанийн уяач С.Бямбасүрэнгийн хүрэн давхиж ирлээ.
Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа соёолон хурдалж наадамчин олноо баясгалаа.
Эх сурвалж: www.zms.mn