Б.Нямсүрэн
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
“Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,
Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Эзэнт гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Хөх тэнгэр хураа хайрлаж, хөрст дэлхий шимээ хүртээсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр монгол түмний хосгүй их баяр цэнгэл – “Үндэсний их баяр наадам” ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.
Дэлхийд ганцхан монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэнэт хүмүүний гурамсан их баяр, хүн төрөлхтний үнэт өв, монгол төрийн ой санамж, монгол үндэстний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохуйн баталгаа билээ.
Өв соёл, өвөг дээдэс, үүх түүхээрээ бахархан, “Үндэсний их баяр наадам”-аа тэмдэглэж буй наадамчин олон түмэндээ, манай сайхан оронд морилон саатаж буй эрхэм хүндэт зочиддоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2232, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс эдүгээгээс хоёр мянганы тэртээ Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, хүмүүний ертөнцөд суу алдраа дуурьсгасан бахдам сайхан түүхтэй билээ.
Өнө эртний түүхтэй Хүннү гүрний бахдам түүх, баатарлаг гавьяаг Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний түүхэнд монгол түмний нэрийг тамгалан үлдээсэн аугаа үйл хэрэг нь монгол хүн бүрийн зүрх сэтгэлд дархлагдан, монгол төрийн гал голомтод бадамлан ассаар байна.
Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэв.