П.АМГАЛАН
Олон улсын уран илтгэгчийн 15 дугаар тэмцээн Мастерсхаузен хотод зохиолч, уран илтгэгч Херман Шерэрийн удирдлага доор өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэмцээний эцсийн шатанд 15 орны 127 авьяаслаг илтгэгчид өрсөлдөв. Zezge Life and Love Coach нэрээр олноо танигдсан П.Нямцэцэг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Түүний герман хэл дээр тавьсан “Хариу нэхээгүй хайр”-ын тухай илтгэл шагналт байранд орж, цомын эзэн боллоо. Уг олон улсын уран илтгэгчдийн тэмцээн нь сорилт, өрсөлдөөнтэй төдийгүй илтгэгчид ердөө дөрвөн минутын дотор хамгийн товч тодорхойгоор шүүгч шинжээчдийн багийн сэтгэлийг хөдөлтөл сэдвийнхээ хамгийн чухлыг ойлгуулах шалгууртай юм.
П.Нямцэцэг илтгэлээ “хайр гэж юу вэ, хайрын жинхэнэ мөн чанарыг олж мэдэрч чадсан гэдэгтээ чи өөртөө бат итгэлтэй байна уу?” хэмээх асуултаар эхлүүлсэн бөгөөд хариу нэхээгүй хайрт бүх хүн суралцах боломжтой гээд өөрийн болон бусдын амьдралд хайрын гэрэл түгээгч, аз жаргалтай амар амгалан ээж болсон тухайгаа үгийн хүч, сэтгэлийн хөдлөл биеийн хэлээр шүүгчдийн сэтгэлд хүртэл хүүрнэж. чаджээ.
Шүүгчдийн бүрэлдхүүний ахлагч Жосуа Лауфер түүний илтгэл “үзэгчдийг хайрын тухай гүн бодолд автуулж, нулимсаа арчих хүртэл сэтгэлийг нь хөндөж, уран үгийн сангаар баяжуулж, амьдралыг бүхэлд нь ухааруулж чадлаа” хэмээн дүгнэжээ.
Zezge Life and Love Coach буюу П.Нямцэцэг нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй, санхүүгийн хувьд хараат бус, нүдний түвшний харилцааны соёлд суралцсан хүчирхэг эмэгтэй байх арга замыг сургалтаараа заадаг байна. Мөн жил бүрийн 12 сард “Уцаарын мацаг” сургалтынхаа хүрээнд хандив цуглуулан хэрэгцээт байгууллагуудад түгээдэг сайн үйлсийн аян хийдэг уламжлалтай юм.