Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтыг урилаа.
“Хөхөө Намжил” дуурийн гол дүрд ажилласан
-Сүүлд УДБЭТ энэ улирлын сүүлийн тоглолтоо Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг тавьсан. Туршлагатай, чадварлаг найруулагч Л.Эрдэнэбулган найруулсан. Тус дуурийг өмнө нь дөрвөн удаа шинэчлэн найруулж Чимэд, Ванган хэмээх хоёр хүний бичсэн цомнолоор хийсэн. Сонгодог урлагийг уран бүтээлчид театртаа тоглож, түмэн олон нь үзэж, сонссоноор хөгжинө. “Хөхөө Намжил” дуурь нь энэ сарын 10,11-ны өдөр үзэгч олонд хүргэсэн. Би энэ удаад тус дуурийн гол дүрд ажилласан. Өмнө нь 2019 онд туслах найруулагчаар нь ажилласан2020 онд тус дуурьд тоглож байсан. Дуурийн гол болон гоцлол дүрд ажиллах нь хариуцлагатай. Уран бүтээлчид бид дүрээ хэрхэн гаргах, хүмүүст ямар хэлбэрээр сонирхолтой хүргэх, чанартай хийх зорилго тээж хичээдэг. Дуурь нь нэг хүний бүтээл биш. Олон хүний ур чадвар, хөдөлмөр шаарддаг. Тиймээс уран бүтээлчид сэтгэл гаргаж ажилласныг онцолмоор байна. Нэг уран бүтээлд ажилласнаар цаашид юун дээр анхаарах ёстойгоо мэдэж авдаг юм билээ.
"Дэлхийн сонгодог монголд" концерт амжилттай зохион байгуулсан
-Би СУИС-ийг төгссөн. Үүний дараа ОХУ-ын Санкт Петербург хотод сургууль төгссөн. Тэгээд Буриад улсын дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн. Буриадын уран бүтээлчидтэй ойр байж, уран бүтээл дээр хамтарч дуулдаг байлаа. Үндэстэн ястныхаа уран бүтээлийг олонд таниулж, сэргээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж боддог. ОХУ-ын Красноярск хотын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин Александр Геннадьевич Михалев, БНХАУ-ын Шаньси мужийн дуурийн дуучин Жан Лэй нар сонгодог уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн ба Япон улсын балетчин Саки Токишима бүжиглэсэн. Тиймээс “Дэлхийн сонгодог Монголд” концертоо зохион байгуулж төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Тус концерт нь манай улсад нээлтээ хийсэн юм. Учир нь дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монголд хэрхэн хэрэгжүүлж, сонгодог бүтээлүүд, бүтээгчид нь хэрхэн бэлтгэж байгааг үзүүлэх зорилготой. Дараа нь ОХУ, Хятад болон цаашлаад боломжтой бүх улсад тоглох төлөвлөгөө гарсан.
УДБЭТ аравдугаар сард "Аттила" дуурийг толилуулна
- Би хоёр чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ уран бүтээлд ажиллана. Мөн шашны бүтээлийг аялгуут тарни, бясалгал хэлбэрээр ард түмэндээ толилуулж байгаа юм. Бас дуурийн дуулаачийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүст өөрийн сурч мэдсэнээ заадаг. Төлөвлөсөн уран бүтээлийн ажил багагүй бий. Төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх нь цаг хугацаа, санхүүгээс хамааралтай болохоор тухай бүрт нь мэдээллээд явах нь зохимжтой. Энэ жил Вердийн 210 насны ой тохиож байгаа. Тиймээс манай театр Вердигийн Аттила дуурийг аравдугаар сард тоглох төлөвлөгөө гаргасан. Би тус дуурийн Порестад тоглоно. Харин хувь уран бүтээлийн хувьд санаачилсан “Дэлхийн сонгодог Монголд” концертоо “Азийн дуу хоолой” нэртэйгээр үргэлжлүүлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 131 (7116)