Д.ДАРАМБАЗАР

 

МИАТ ТӨХК анхны зорчигч шуудан тээврийн нислэгээ 1956 оны долдугаар сарын 7-ны өдөр “АН-2” агаарын хөлгөөр хийж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 2008 онд зогсоосон орон нутгийн нислэгээ сэргээж, найман аймгийн чиглэлд шууд нислэг дахин үйлдэж эхэллээ. Тус компанийн зүгээс орон нутгийн нислэгтээ зориулан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын “CEM AIR” компаниас CRJ-200 маягийн агаарын хөлгийг түрээсээр авч, агаарын хөлгийг анх удаа нислэг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа юм. Орон нутгийн нислэгийг сэргээснээр баруунаас зүүн тийш 2392 км, хойноосоо урагш 1269 км газар нутагтай манай улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутаг дахь иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх, компаниудын өрсөлдөөн дунд үнэ тариф буурах гээд олон ач холбогдолтой юм. Тиймээс орон нутгийн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар "МИАТ" ТӨХК нислэгийг эхлүүлэв. Орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг болсноор гадаадын жуулчид аялал жуулчлалын гол бүс нутгууд руу аялах боломж бүрдэж байгааг тус компанийн зүгээс онцолж байв.

 

“Орон нутгийн нислэг үйлдэхэд төсвөөс татаас, хөнгөлөлт авахгүй”

 

Орон нутгийн нислэгийг өнгөрсөн сарын 30-ны өдөр эхлүүллээ. Нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов. Тэрбээр “Энэ оны аравдугаар сард МИАТ ТӨХК-ийн өөрийн худалдан авч байгаа 70-90 хүний суудалтай агаарын хөлгүүд ирж, нислэг үйлдэх юм. Ингэснээр өнөөдрийн үнэ тариф 30-40 хувь буурах нөхцөл бүрдэнэ. Орон нутаг руу зорчигчдын 0,1 хувь нь агаарын тээврээр үйлчлүүлж байгаа бол “МИАТ” ТӨХК нислэг үйлдсэнээр 30 хувьд хүргэх боломжтой. Хувийн агаарын тээврийн компаниуд иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн нөөц боломжид таарсан үнэ тарифыг хэрэгжүүлж чадаагүй. Үнэ нэмдэг, зохиомол хомсдол үүсгэдэг байдлыг арилгахын тулд “МИАТ” ТӨХК-ийн орон нутгийн нислэгийг сэргээж байна. Орон нутгийн эдгээр нислэгийг тогтмол үйлдэхэд төсвөөс ямар нэгэн татаас, хөнгөлөлт авах шаардлага үүсээгүй гэдгийг энэ үеэр онцолсон юм. Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа "Тус компани 15 жилийн дараа орон нутгийн хуваарьт нислэгээ эхлүүллээ. Нийт найман чиглэлийн нислэгийн хуваарь төлөвлөсөн. Мөн Засгийн газраас иргэний нисэх тээврийн олон улсын статустай буюу Ховд, Мөрөн, Чойбалсан, Алтай, Даланзадгадын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах байх гэсэн хүлээлттэй байгаа" гэв.

 

МИАТ нислэгээ 2-2.5 дахин бууруулна

 

Харин үнэ тарифын талаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир "Орон нутгийн нислэгийн үнэ бусад авиа компаниудаас 2-2.5 дахин бага буюу ашиг авахгүй, алдагдал гаргахгүй байхаар ажиллана. Алдагдалтай ниснэ гэдэг тооцоолол гаргаагүй. Агаарын тээвэрлэгчдийн хувьд зорчигч урсгал хамгийн чухал асуудал байдаг. Агаарын хөлгийн суудал дүүргэлтэд үндэслэж тухайн авиа компани зардлаа тэгш хуваарилдаг. Бид орон нутгийн нислэгийн суудал дүүргэлт 80 хувьтай байна гэсэн тооцоолол гаргасан. Нислэгийн тасалбарыг эрт авснаар хямд захиалах боломжтой байдаг. Орон нутгийн нислэгийн тарифт мөн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдоно. Мөн нислэгийн тийз маш олон төрлөөс бүрэлддэг. Нэгдүгээрт, тухайн агаарын тээвэрлэгчийн үндсэн тариф дээр нисэх буудлуудын такс, аюулгүй ажиллагааны ажилчдын хураамж нэмэгдэнэ. Эдгээр хураамжийг тийзийн үнэд шингээж аваад буцаагаад нисэх буудлуудад дамжуулан өгдөг. Өөрөөр хэлбэл, авиа компаниуд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Нөгөө талдаа, 250 хүний суудалтай агаарын хөлгөөр нислэг үйлдлээ гэж тооцоход 17 төрлийн тийз байдаг. Нөхцөл, хэрэгцээ шаардлагаас хамааран тус бүр өөр үнэтэй байна. Энэ систем нь зөвхөн МИАТ ТӨХК дээр хэрэгждэг зүйл биш. Олон Улсын агаарын тээврийн холбооноос баталсан журам тул дэлхийн бүх агаарын тээвэрлэгчид хэрэглэдэг. Иргэд ажлаа төлөвлөн, тийзээ эрт захиалан авах нь зорчигч, тээвэрлэгч хоёуланд нь давуу талтай. Зорчигч тийзээ хямд үнээр худалдан авч байгаа бол тээвэрлэгчид суудлын ачаалал, дүүргэлтээ төлөвлөх боломж олгодог. Орон нутгийн зам тээвэр хөгжиж байгаа хэдий ч өндөр настай, нялх балчир, өвчтэй зовлонтой хүмүүс онгоцоор зорчих боломж хомс олддог. COVID-19 цар тахлын улмаас орон нутагт нислэг үйлдэж буй авиа компаниуд төдийгүй МИАТ ТӨХК ч санхүүгийн чадавхын хувьд хүндрэлтэй цаг үеийг туулж гарсан. Мөн орон нутгийн нислэгийг сэргээх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймдээ ч өнөөдөр удаан хугацааны дараах анхны нислэгээ үйлдэхээр цуглалаа" гэсэн юм.

Эхний ээлжид Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр МИАТ ТӨХК-аас төлөвлөжээ. Үнэ тарифын тухай мэдээллийг хүргэе.

 

Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд, хоёр талын тийзийн үнэ:

• Ховд аймгийн Ховд хот руу 810-902 мянга төгрөг,

• Баян-Өлгий аймгийн Өлгий хот руу 810-902 мянга төгрөг

• Увс аймгийн Улаангом хот руу 800-852 мянган төгрөг

• Завхан аймгийн Улиастай хот руу 633-752 мянган төгрөг

• Говь-Алтай аймгийн Алтай хот руу 733-852 мянган төгрөг

• Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу 500-680 мянган төгрөг

• Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу 500-680 мянган төгрөг

• Дорнод аймгийн Чойбалсан хот руу 537-617 мянган төгрөгөөр хоёр талдаа нисэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 131 (7116)