О.МИНЖИНСОР
Үндэсний соёл амралтын хүрээлэнд боловсрол, соёл урлаг, сайн дурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд “update” хийв. Фестивалыг зорьж очсон залуусын сонирхлыг ихэд татсан бүтээл нь паркийн төв хэсэгт байрлах “Дахин бод” хог хаягдлаар хийсэн төөрдөг байшин байв. Төөрдөг байшингийн нээлтийг Б. Дуулим гэх залуу гал тогооны хаягдал сав суулгаар хөгжим тоглож эхлүүлсэн юм. Өнгө өнгөөр алаглуулан будсан хуванцар савнуудыг тойрог хэлбэрт оруулан засжээ. Тойруулан барьсан байшин дотор орвол цаасан хайрцгаар тасалсан тойрог замууд угтлаа. Мөн цаасан хайрцагнууд дээр хог хаягдлын сөрөг нөлөө болон байгаль эхийн доройтлын талаар бичсэн харагдана. Цаасан хайрцагны эсрэг талын ханыг хувцасны хаягдлуудаар хийсэн нь төөрдөг байшинг үзэж буй хүмүүст өвөрмөц санагдсаныг хэлж байв. Тухайлбал, төмрийн хаягдлуудыг цуглуулж гагнаад байшингийхаа хүрээг хийсэн байв. Төв хэсэг буюу хамгийн голын тойрогт хар даавуугаар хана босгож дотор талд нь архи, вискиний шил тойруулан өлгөжээ. Тэдгээр шилний дунд мод байрлуулж байгалийн дуу чимээний намуухан ая эшиглүүлж байв. Ийнхүү байгалийн ая эшиглүүлсний учир нь хүмүүст хог хаягдалдаа хяналт тавьж байгаль эхээ хайрлах сэдлийг төрүүлэх зорилготой хэмээн төслийг хэрэгжүүлэгч дизайнар И. Урангоо ярилаа. Тэрбээр “Европын холбоо” болон “Киратис” байгууллагуудын санхүүжилтээр "Төөрдөг байшин" төслийг “Re.move.ment” компани хэрэгжүүлж байна. "Бид хоёр сарын хугацаанд уг төсөл дээр ажиллаад олон нийтийн хүртээл болголоо. Хогийг үйлдвэрлэхээсээ өмнө дахин бод, бид хогон дундаа төөрчихөөд байгаа юм биш биз гэдэг санааг гол агуулгаа болгохийг зорьсон” хэмээв.
Фестивалын хүрээнд “Ойм ногоон урлан” хог хаягдалд хяналт тавьж ажиллав. Зургаан цэгүүдэд том хэмжээтэй хогийн савнуудыг тавьсан байв. “Манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа бол хог хаягдлыг хэдэн төрлөөр ангилж ямар үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой вэ гэдэг систем төлөвлөгөөг гаргадаг. Энэ фестивальд ногоон байгууламжийг хэрхэн тарьж ургуулах, Монгол Улсад дахин боловсруулах боломжтой хэчнээн хог хаягдал байдаг талаар хүмүүст мэдээлэл өгөхөөр ажиллаж байна” гэж "Ойм ногоон урлан" компанийн менежер н.Наранцэцэг ярьж байна.
ярилаа. Том багтаамжтай хогийн саван дээр хог хаягдлын нэрийг ангилж бичсэн нь хогоо ялгаж хаяхад илүү амар байсан хэмээн тэнд очсон залуусын зарим нь хэлсэн юм. Фестивалд оролцогчдын хувьд хог хаягдлын талаарх мэдлэг, хандлага, дадалд шинэчлэл хийсэн өдрүүд болж өнгөрлөө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 130 (7115)