Д.ДАРАМБАЗАР

 

Монголд хөгжсөн ууган спортын нэг бол ширээний теннис. “Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа ширээний теннисний спортын мастер М.Тэмүүлэнг урилаа. Тэрбээр улсын аваргын тэмцээнээс гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн амжилттай. Мөн оюутны спортын наадмын аварга бөгөөд 2023 оны ширээний теннисийн лигийн алтан медальтай багаар шалгарсан Монголын шигшээ багийн тамирчин юм. 

 

-Өнгөрсөн сард болсон ширээний теннисийн лигийн тэмцээнд багийн төрөлд түрүүлсэнд баяр хүргэе. Тус тэмцээн Азийн оюутны лигийн сонгон шалгаруулалттай холбоотой байв уу?

-Сагсан бөмбөг, волейболын спортын адил ширээний теннисийн үндэсний дээд лиг амжилттай болж өндөрлөсөн. Ганцаарчилсан төрөлд дээгүүр амжилт үзүүлээгүй ч багийн төрөлд түрүүллээ. Тамирчдын хувьд бэлтгэл өндөртэй болохоор амаргүй байсан. Энэ тэмцээний сонгон шалгаруулалтад тийм ч ач холбогдолгүй. Учир нь тэмцээний өмнө сонгон шалгаруулалт болж, чансааны оноо дээгүүр тамирчид шалгарсан.

-Таны чансааны оноо хэд вэ?

-Өмнө нь Азийн наадамд амжилттай оролцож байсан учраас төлөөлөхөөр болсон. Ойрын хэдэн жил цар тахлаас хамаарч тэмцээнд оролцож чадаагүй тул тийм ч өндөр оноотой биш. Харин энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож чадвал дэлхийн аваргын оноогоо нөхөж чадна. 

-Азийн оюутны наадамд Монгол Улсаа төлөөлж буй тамирчдын бэлтгэл ямар түвшинд байна вэ?

-Шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг үндэсний лигийн тэмцээнээр хэмжиж болох юм. Учир нь илүү чанартай, өрсөлдөөн ихтэй болсон. Энэ нь тамирчдын бэлтгэл сургуулилт ямар түвшинд байгааг илтгэж байна. Мөн шигшээ багийнхан маань өдөр бүр бэлтгэл сургуулилтаа өөрсдийн клуб дээр хийж байгаа. Би ч гэсэн өдрийн талыг бэлтгэлдээ зориулж байгаа. Монголынхоо шилдэг дасгалжуулагч нараар алдаа дутагдлаа хэлүүлж, түүнийг хэрхэн засаж сайжруулах тал дээр анхаарч байна. Тамирчид хоорондоо нөхөрсөг тоглолт хийж, нэгнийхээ хэр сайжирч байгааг мэдэрдэг.

-Тамирчин бүрт арга барил гэж бий. Өөрийн тань хувьд ямар техникийг  илүү ашигладаг вэ?

-Ширээний теннис олон оронд хөгжсөн. Тэр тусмаа Азийн орнуудад илүү байдаг. Хүчтэй, шилдэг тоглолттой тамирчдын хувьд довтлох, хамгаалах тал жигд хөгжсөн нь тоглолтын явцад харагддаг.  Миний хувьд хоёр талаасаа жигдхэн довтолж тоглодог. Манай монгол тамирчдын онцлог бол тоглолтын явцад бодож, тунгаах талдаа илүү байдаг.

-Өнгөрсөн жил ААШТ-д амжилттай оролцоод ирсэн. Дэлхийн мундаг тамирчидтай олон таарч тоглох үедээ их зүйлийг сурч мэдсэн байх?

-Өглөө босоод бие халаах,  тоглохоос өмнө бэлтгэл хийх нь өөр санагдсан.  Өндөр зэрэглэлийн дэлхийн хэмжээний  түвшний тамирчдыг хажуугаас нь харж, зарим нэгтэй нь харилцаж бэлтгэл хийж үзэхэд үнэхээр өөр санагдсан.

-Монгол тамирчдын онцлог давуу тал нь юу вэ?

-Монгол теннисчид аливаа зүйлийг маш хурдан сурдаг. Гадаадын тамирчид гурав, дөрвөн наснаасаа энэ спортоор хичээллэдэг юм билээ. Харин Монголчууд бүр хожуу 10 орчим наснаас эхэлдэг. Харин би 15 наснаасаа тоглож эхэлсэн. Хятад, Солонгос зэрэг теннис дэлхийн томоохон улсууд  ийм наснаас теннис тоглоод амжилт үзүүлнэ гэдэг ховор. Гэхдээ миний бодол өөр. Харин ч энэ онцлогоороо түвшин хурдан ахидаг байх гэж боддог.

 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 128, 129 (7113, 7114)