Г.АНУЖИН
“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарьд Д.Рагчааг урилаа.
-Бөхбилэгт дэвжээ “Алтан цом”-ын эзэн болсон. Багийн бэлтгэл сайн байсан нь харагдаж байсан?
-Монголын үндэсний бөхийн холбоо “Premier sports network” хамтран “Алтан цом”-ын төлөөх барилдаан зохион байгууллаа. Нутаг нутгийн шилдэг хүчтэнээс бүрдсэн багууд бүтэн найман сарын турш өрсөлдсөн юм. Архангай аймгийн баг тэргүүлж “Алтан цом” гардан авсандаа баяртай байна. Бөхчүүд маань энэ жилийн хувьд амжилттай барилдаж түрүүлсэн. Мөн “Алтан цом”-ын барилдаандаа зориулж бэлтгэлээ ч сайн базаасан.
-Энэ цаг үед үзэгчдийг уран барилдаанаар цэнгүүлж буй хүчтэнүүд арын сайхан хангай нутагт олон бий дээ?
-Архангай аймаг үндэсний бөхийн өлгий нутаг шүү дээ. Зүлэг ногоон дэвжээндээ алдар, амжилтаа мандуулсан хүчтэн олон байгааг онцолмоор байна. Манай аймгаас төрсөн улсын цолтнуудыг тоолоод баршгүй олон бий. Ардын хувьсгалаас хойш улсын цолтой 120 гаруй бөх төрсөн.
-Улсын баяр наадам ойртож байна. Танай нутгаас төрийн наадмын түрүү бөх тодрох болов уу?
-Нутгийнхаа залуусын дээлний захыг мушгиж, амжилт гаргахыг нь хүлээж байна даа. Манай арын сайхан хангай нутгаас энэ жил аймгийн арслан цолтой, улсын цолонд тулчихсан таван залуу бөх бий. Мөн улсын заан, гарьд цолонд зүтгэх хэд хэдэн ирээдүйтэй хүчтэн байгаа шүү. Төрийн наадамдаа түрүүлэх чансаатай байгаа гэдэгт итгэж байна. Улсын баяр наадамд бөх хүний бүтэн жилийн хөдөлмөрийн үр шим гардаг. Тиймээс хэн илүү хичээж, ухаан зарсан нь цолонд хүрнэ.
-Амжилт гаргахын тулд бэлтгэл чухал. Архангай аймгийн бөхчүүд хэзээнээс бэлтгэлдээ гарсан бэ?
-Мэдээж бэлтгэл, сэтгэлзүй чухал нөлөөтэй. Манай нутгийн бөхчүүд энэ сарын 14-нөөс улсын баяр наадмын бэлтгэлдээ гарсан. Наадмаас өмнөхөн бэлтгэлээсээ бууна даа. Тэгээд л улсын наадамдаа зодоглоно. Нутгийнхаа хүчтэнүүдийг өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
-Улсын баяр наадмын дараа бөхчүүд бусад наадмуудад очиж барилддаг юм билээ?
-Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг болох Архангайн түүхт 100 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан баяр наадам ирэх сарын 26,27,28-ны өдрүүдэд болно. Одоогоор 256 бөх барилдах төлөвтэй байгаа боловч, бусад аймгийн бөхчүүд өргөнөөр оролцож 512 бөх барилдах боломжтой. Нутгийн 100 жилийн ойгоор олон сайхан цолтон төрөөсэй гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 126 (7111)