Д.ДАРАМБАЗАР
Монгол хүний бие физиологид хамгийн тохиромжтой спорт бол хөл бөмбөг гэдэг. Гэвч албан ёсны мэдээллээр манай улс Олон улсын хөл бөмбөгийн холбоонд бүртгэлтэй дэлхийн 209 орноос рейтингээрээ 183-т бичигдэж байна. Ойрын жилүүдэд 10 байр урагшилсан нь сайшаалтай ч сүүлээсээ 26 дугаар байрт байгаа гэхээр өндөр түвшинд очих болоогүй гэж хэлж болно. Үүнийг засаж залруулахын тулд олон жил олон ч удирдлагууд энэ холбоонд ажилласан. Тиймдээ ч Монголын хөл бөмбөгийн холбооны ээлжит Их хурал ирэх сарын 3-нд болно. Энэ өдрүүдэд хэн нь сонгогдож, хэн нь ялагдахыг мэдэхгүй ч хөл бөмбөгийн хөгжилд хэрэгтэй хүн сонгогдох ёстой гэсэн байр сууриа хөл бөмбөгийн хорхойтнууд илэрхийлж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү сонгуульд бүрэн эрхээрээ хоёр удаа сонгогдсон А.Ганбаатар халаагаа өгч, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Болд болон Японд илч төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Алтай нар өрсөлдөхөөр болов. Харин дэд эрэгтэй ерөнхийлөгчид Г.Анархүү, Г.Мөнхчулуун, С.Жаргалсайхан нар өрсөлдөхөөр хүсэлтээ илгээсэн бол эмэгтэй дэд ерөнхийлөгчид Х.Азжаргал, И.Сарангэрэл нар өрсөлдөхөөр болжээ. “Зууны мэдээ” сонин эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Ө.Алтай
2002 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Хөл бөмбөг тоглохоо больсон үеэс эхлэн нутгийнхаа нэр дээр хөл бөмбөгийн баг байгуулжээ. Үүнийхээ үр дүнд МХБХ-ны Гадаад харилцааны хэлтэс болон Япон улсыг хариуцсан элч төлөөлөгчтэй уялдаа холбоотой ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, арга хэмжээ зохион байгуулахтай холбогдуулсан харилцааг зохицуулах шугамаар Японд илч төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай ажээ.
М.Болд
МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Болд холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр саналаа өгчээ. Түүний хувьд Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Л.Сандагдоржийн удирдлага дор бага наснаасаа эхлэн хөл бөмбөгөөр хичээллэж байжээ. Тэрбээр СП Фалконс клубын эзэн бөгөөд Азийн мастеруудын анхдугаар наадмын аварга, спортын мастер цолтой. Өнгөрсөн сонгуулиар ОУХМ С.Эрдэнэбат, ОУХМ С.Пүрэвсүх нартай өрсөлдөж байв. Ингэхдээ эв нэгдэл, хөл бөмбөгчдийн сэтгэл, зүтгэл, хүндлэлийн төлөө хамтран ажиллахаар болж нэрээ татан авч байв.
Г.Мөнхчулуун
Хөл бөмбөгийн спортод 40 гаруй жил сэтгэл зүрх, цаг заваа зарцуулж байгаа “Дэрэн наран” ХХК-ийн захирал Г.Мөнхчулуун хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр “Дэрэн” клубээ ажиллуулахын зэрэгцээ Монголдоо анх удаа олон улсын стандартад нийцсэн талбай байгуулсан. Хөл бөмбөгийн хоббигоо бизнес хэлбэрээр хөгжүүлэх болсноор спортын барилга, байгууламж, тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн чиглэлээр тус компани дагнан мэргэшжээ. Хамгийн сүүлд Төв аймагт Greenfields компанитай хамтран олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг бүтээгээд байгаа ажээ.
Г.Анархүү
Г.Анархүү дэд ерөнхийлөгчид нэр дэвших болсон талаараа ийн цахим хуудаснаа бичжээ. “Энэ хугацаанд өсвөрийн болон дээд лигийн тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцож, Хоромхон, Улаанбаатарын унаганууд, SP Falcons, Athletic 220 багуудад тоглож, өнөөдөр өвөөгийнхөө нутаг Төв аймгийн " Төв азарганууд", клуб мөн, Хоромхон клубын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж хөл бөмбөгөө гэсээр явна. Миний бие хөл бөмбөгт дуртай өсвөр насны хүүхэд, лигийн тамирчин, багийн менежер, спонсор, эзэн гээд бүхий л шат дамжлагыг дамжин явсны хувьд энэ спортынхоо зовлон жаргалыг хэнээс ч илүү ойлгоно. Мөн сурсан мэдсэнээ энэ спортдоо харамгүй зориулна. Ийм учраас Монголын хөл бөмбөгийн холбооны удирдлагын сонгуулиар тус холбооны дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байна” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
С.Жаргалсайхан
МХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан мөн холбооныхоо дэд ерөнхийлөгчид нэр дэвшжээ. Түүний хувьд Дархан-Уул аймгаас гаралтай бөгөөд бага наснаасаа эхлэн спортоо хичээллэсэн байна. Тэрбээр Дархан-Уул аймгийнхаа хөл бөмбөгийн холбоонд ажилладаг бөгөөд тамирчид нь олон тэмцээнд амжилттай оролцсон байна. Хүүхдийн спортын бүх наадамд өсвөр, залуу үеийн тамирчдыг дасгалжуулан оролцож байсан түүхтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 126 (7111)