Б.НЯМСҮРЭН

 Олимпын өдрийн 129 жилийн ойг угтсан цуврал арга хэмжээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал боллоо.  Хэвлэлийн бага хуралд Азийн олимпын зөвлөлийн Хэвлэл мэдээлэл болон телевизийн албаны захирал Жинс Жоу Жиен олимпын өдрөөр Сүхбаатарын талбайд зохиогдох “Fun Run” хөгжөөнт гүйлтийн талаар, Азийн олимпын зөвлөлийн хүний нөөцийн албаны захирал И Шу Хуа “Ханжоу-2022” Азийн наадмын бэлтгэл ажлын талаар, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар олимпын өдрийн цуврал арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Азийн наадамд зориулсан “Fun run” хөгжөөнт гүйлт өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд гүйлт зохион байгуулах 27 дахь улс нь Монгол болохыг Азийн олимпын зөвлөлийн хэвлэл мэдээлэл болон телевизийн албаны захирал Жинс Жоу Жиен онцлов. Мөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяр Ханжоугийн Азийн наадамд оролцох Монголын багийн талаар, “Нью Жуулчин Турс” ХХК-ийн Азийн газрын захирал З.Мөнхтөгс Азийн наадмын үеэр үзэгч, жуулчдыг хэрхэн зохион байгуулж аялуулах талаар тус тус мэдээлэл хийлээ.  БНХАУ Азийн наадамд зориулан спортын барилга байгууламж, цогцолбор 56, бэлтгэлийн 31 заал, талбай, тамирчны таван дэд тосгон байгуулаад байна. Наадмын бүх цогцолбор, байгууламж хэдийн ашиглалтад орж, туршилтын тэмцээнүүдийг зохиож эхлээд байгаа юм. Мөн Азийн наадмыг зохион байгуулахдаа ногоон, ухаалаг, эдийн засагт хэмнэлттэй, ёс зүйтэй байх гэсэн үндсэн дөрвөн зарчим баримталж байгаа болохыг хатагтай И Шу Хуа тайлбарлав. 2008 оны Бээжингийн олимпод тус компани 1200 гаруй хөгжөөн дэмжигчийг аялуулснаа Азийн газрын захирал З.Мөнхтөгс сонирхуулж, энэ удаад ч олон монгол хүн Азийн наадмыг газар дээрээс нь үзэх аялалд хамрагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Эх сурвалж: www.zms.mn