Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР
Мас-рестлинг буюу модон барилдааны спорт манай улсад эрчимтэй хөгжиж буй төрлийн нэг билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Монгол Улсын гурван удаагийн аварга М.Алтайбаатарыг урилаа. Тэрбээр модон барилдааны спортоор Азийн наадамд V байрт шалгарч, багын амжилтаар түрүүлсэн байна. Мөн бодибилдингийн спортоор 2017,2018 онд Азийн мөнгөн медальтан болж, ОУХМ цолыг хүртсэн шилдэг тамирчдын нэг юм.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд модон барилдааны ААШТ манай улсад боллоо. Тэмцээнд дасгалжуулагчаар ажиллахын хажуугаар өөрөө өрсөлдөж харагдсан?
-Модон барилдааны спорт Монголд дэлгэрсний 10 жилийн ойн хүрээнд УАШТ, ААШТ-үүд боллоо. ААШТ-д манай улсаас гадна таван улсын тамирчин өрсөлдсөн. Тэмцээн ч өргөн дэлгэр, өрсөлдөөн ихтэй боллоо. Учир нь дэлхийн чансаагаар хоёрдугаарт эрэмбэлэгддэг Киргизийн тамирчид хүчээ үзсэн явдал байв. Тэд өмнөх ААШТ-ээр ихэнх медалийг хүртсэн. Энэ амжилтаа бататгаж, ангилал бүрт түрүүлэх зорилготой ирсэн. Харин бид тэднийг зогсоож, медалийг нь хувааж чадсан. Харин тэмцээнд тамирчдаа дасгалжуулахын хажуугаар өөрөө өрсөлдсөн нь сайхан мэдрэмж байлаа.
-Манай улсын тамирчид бэлтгэл сайтай байжээ?
-Таван жилийн өмнө энэ спортоор хичээллэх тамирчдын тоо 50 гаруй байсан. Модон барилдааны спорт эрчимтэй хөгжихийн хэрээр тамирчдын тоо нэмэгдэж, олон тэмцээн зохион байгуулагддаг болсон. Тэмцээнд амжилт үзүүлэхийн тулд бэлтгэл сайн хийж байна. Мөн хотод байрлалтай фитнесс заал хүн ихтэй болсон. Бие биеэсээ суралцаж, тамирчид бэлтгэлээ сайн хийдэг болжээ.
-Модон барилдааны спорт нь хоёр хүн суугаад мод булаалдах мэт харагддаг ч нэлээд ур ухаан шаардана биз?
-Модон барилдааны спортод зөвхөн чадалтай байгаад амжилт гаргадаггүй. Энэ спорт нь техникээ зөв сурч, мэдрэмжтэй байхыг шаарддаг. Хэрэв тухайн тамирчин чадалтай байлаа ч техникээ муу эзэмшсэн бол өөрийгөө гэмтээх аюултай. Үүнээс гадна харааны чадвар сайн байх хэрэгтэй байдаг. Тэмцээний үед давхар ажиглалт хийж барилдах нь амжилтад нөлөөлдөг. Үзэгчдийн нүдээр хоёр хүн суугаад саваа мод булаалдаж байгаа мэт харагдавч тамирчид тухайн үед маш их энерги, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, техник, ур ухаан гаргаж өрсөлддөг. Энэ спортоор хичээллэснээр хүн сайн төвлөрч сурдгаас гадна бүх биеийн булчинг жигд хөгжүүлдэг онцлогтой.
-Эх орондоо болсон ААШТ-д амжилт арвинтай байлаа. Харин одоо ДАШТ-д медаль хүртэх зорилгыг тээж байна уу?
-Би 2015 онд бодибилдингийн тамирчин Хүрлээ гээд ахаасаа энэ спортоор талаар сонссон юм. Тэмцээн болох сургаар оролцоод үзье гэж шийдсэн. Тэмцээнд оролцсоны дараа “Энэ спортоор хичээллэвэл их зүгээр юм уу” хэмээн хэсэг хугацаанд бодсон. Бодибилдингээр хичээллэдэг учраас их тохирсон л доо. Хичээллэж эхэлснийхээ дараа тэмцээн уралдаанд оролцоод тийм ч их бэлтгэл хийдэггүй байлаа. Харин хоёр жилийн дараа модон барилдаан эрчимтэй хөгжих болж, жилд нэг удаа УАШТ-ээ зохион байгуулдаг болсон үеэс шаргуу хичээллэж эхэлсэн. Өдөр бүр бэлтгэл хийдэг болсны дараа энэ спортод илүү амжилт гаргахыг хүсдэг болж билээ. Тиймээс энэ спортдоо сүүлийн найман жилийг зориулсан. Хэдий таван секундийн дотор хэн ялах нь шийдэгддэг ч гэсэн олон жилийн бэлтгэлээ зориулан байж өнөөдрийн амжилтад хүрсэн. Амжилт бол хичээл зүтгэлийн үр дүн юм. Тиймээс өмнөх амжилтаа ахиулан дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэх нь миний зорилгын нэг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 123 (7108)