П.АМГАЛАН
... Догдлол, хөнгөн гуниг, аз жаргал, баяр баясал хийгээд тийм гэхийн аргагүй нандин мэдрэмжийг хөглөх гайхалтай увидас сонгодог урлагт оршдог. Он цагийн урсгалд дэлхийн хийгээд монголын сор бүтээлүүд урын сангаа тэлж, үзэгчдийн сонорыг мялааж буй. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа Монголын үндэсний анхны дуурь “Учиртай гурван толгой” болон хэдхэн өдрийн өмнө шинээр мэндэлсэн “Хурмастын дагина” бүжгэн жүжгийн талаар онцоллоо.
"Бөмбөгөр ногоон" театрт анхны хөшгөө нээсэн “Учиртай гурван толгой”
"Бөмбөгөр ногоон" театрын залуу найруулагч Д.Намдаг шинэ жүжиг бичүүлэхээр зохиолч, анд Д.Нацагдоржтой уулзжээ. Тэрбээр учир байдлаа тайлбарлахад "Халхын сайхан Юндэн гөөгөө", Сийриймаагийн хайр сэтгэлийн тухай домгийн санааг хэлэн, хоёр цагийн дотор жүжгийн гол үйл явдлуудыг ярилцаж, сийрүүлэн буулгасан байна. Ийнхүү 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр үзэгчдэд хүргэжээ. Анхны тоглолтод Юндэнд Ц.Цэгмэд, Нансалмаад Т.Хандсүрэн, Балганд З.Жадамба, Хоролмаад Ц.Дэвээ нар тоглосон байна.
Харин 1943 онд Улсын төв театр уг дуулалт жүжгийг шинэчлэн тавих шийдвэр гаргаж “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрсэн түүхтэй. Ийнхүү шинэчлэн тавихдаа хувь хүмүүсийн хайр сэтгэлийн харилцааг анги давхаргын зөрчил, тэмцэл болгон нийтийн асуудал болгож тодотгожээ. Мөн гашуудалт төгсгөлийг эсрэгээр өөрчлөн, Юндэн, Нансалмаа нар харц ардын хамт ялан дийлж, найрлан төгсдөг болгосноор агуулга, сэдвийн хувьд өргөжсөн байна. Б.Дамдинсүрэн олон сайхан аялгуу шинээр зохиож, тэдгээрийг хаана, хэрхэн оруулбал өрнийн сонгомол хэмээх төрөлд дөхүү болох талаас Зөвлөлтийн сургагч Б.Смирновтой ажиллажээ. Ийнхүү монгол үндэсний анхны дуурь “Учиртай гурван толгой” бусад улсад хүлээн зөвшөөрөгдөх эхлэл болсон байна.
Үлгэр, домгийн ертөнцөөр аялуулах “Хурмастын дагина”
УДБЭТ түүхт 60 жилийн ойдоо зориулан отгон уран бүтээл болох “Хурмастын дагина" үндэсний сонгодог бүжгэн жүжгийг энэ сарын 3-4-нд тайзнаа өлгийдсөн билээ. Ийнхүү тус театр 12 жилийн дараа түүхэн үлгэр, домгоос сэдэвлэсэн шинэ уран бүтээлээр үзэгчдийн сонорыг мялаасан юм. Магадгүй хун шувуунаас хүн биеийг олж төрсөн гоо бүсгүйг Хурмастын дагина буюу Дангина гэж нэрлэсэн байж болох юм. Тухайн үеийн түүх, домгоос сэдэвлэн 2018 онд “Дангина” гэх нэртэй кино гарч байсан. Энэхүү киноноос сэдэвлэж “Хурмастын дагина” нэрийг өгсөн гэдгийг тус бүжгэн жүжгийн хөгжмийн зохиолч ардын жүжигчин А.Энхтайван хэлж байсан удаатай.
Ийнхүү Монголын сонгодог урлагийн галыг манаж буй УДБЭТ-ын 60 жилийн түүхэн цаг хугацаанд үндэсний шинэ бүжгэн жүжиг олон уран бүтээлчийн үр шимээр бүтсэн юм. “Хурмастын дагина” бүжгэн жүжгийг соёлын тэргүүний ажилтан Б.Баярмагнайн цомнолоор ардын жүжигчин А.Энхтайван хөгжмийг бичжээ. Мөн ерөнхий продюсер Ч.Чинбат, продюсер гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, удирдаач Ц.Гансүх, ерөнхий балетмейстр ДБЭТ-ын балетын гоцлооч Г.Батчимэг, балетмейстр, М.Нямтайван, ерөнхий зураач Д.Батнасан, Ц.Ганзориг хувцасны дизайнер Ж.Болортүвшин зэрэг уран бүтээлчид гар нийлэн ажиллаж, үзэгчдэд отгон уран бүтээлээ хүргэсэн юм. Дуурийн гол дүр Хорьдай мэргэний эхнэр Шаралдай гоо хатныг ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч гавьяат жүжигчин Б.Саруул тайзнаа амилуулсан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 120 (7105)