Баатарын НЯМСҮРЭН
Морин хуур хөгжим нь амгалан тайвныг бэлгэддэг билээ. Энэ цагт манай улсад авьяаслаг, мэргэжлийн морин хуурч олон бий. “Зууны мэдээ” сонин тэдний төлөлөөл Соёлын тэргүүний ажилтан М.Алтанбатыг энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа урилаа.
-Та морин хуур хөгжимтэй холбогдоод багагүй хугацааг үджээ. Мэргэжлийн уран бүтээлч болохын тулд ямар замналыг туулав?
-Би бага байхаасаа морин хуур тоглож эхэлсэн. Намайг зургаадугаар ангид байхад Хөгжмийн дунд сургууль гэж анх байгуулагдаж байлаа. Тус сургуульд суралцаж морин хуур хөгжмийн суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн. Дараа нь СУИС-ийг төгсөж мэргэжлийн уран бүтээлч болсон түүхтэй. Морин хуур хэмээх хосгүй хөгжимтэй холбогдоод 30 гаруй жил өнгөрчээ. Харин 2005 оноос уртын дууны ая түлхүү тоглож эхэлсэн.
-Та СУИС-д багшилдаг. Энэ хугацаанд олон шавьдаа өөрийн эрдмээ өвлүүлсэн байх даа?
-Энэ хугацаанд олон шавьтай болжээ. Тэд үндэсний өв болсон хөгжмөө дэлгэрүүлэн түгээн түчээлж яваа. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хараагүй хүмүүст морин хуур заасан. Уртын дууны аяыг морин хуур хөгжмөөр тоглох сайхан шүү. Тухайн хөгжимчнөөс мэдрэмж, ухаан, энерги шаарддаг. Мэдээж морин хуур тоглох нь харагдаж байгаагаас амаргүй. Үүнийг уран бүтээлч болоод л нэлээд хугацааны дараа ойлгох жишээтэй. Мөн залуу уран бүтээлч байхад тухайн дууны ноотыг нь хараад хөгжмөө тоглодог байлаа. Одоо бол энэ урлаг гарт минь ороод уджээ.
-Тэгвэл мэргэжлийн хөгжимчин болоход хэдэн жил шаардлагатай байдаг вэ?
-Хөгжимчин хүн цаг ямагт сурч, хөгжиж байдаг болохоор хөдөлмөр, тууштай байдал шаардана. Тухайлбал, би 10-15 жил хичээллэж байж хөгжимчин болсон. Харин мэргэжлийн хөгжимчин болоход үүнээс илүү хугацааны хичээл зүтгэл, хөдөлмөр орно. Ямар ч урлаг хүнийг нийгэмшүүлж, төлөвшүүлдэг. Мөн морин хуур тоглож сурах нь хүнд тогтвортой сууж сурахыг заадаг тустай. Үндэсний урлагаа тээж дэлгэрүүлж яваа болохоор хуурчид үндэсний хувцсаа бүрэн өмсөх нь хүртэл сайхан санагддаг. Мөн тайзан дээр биеэ зөв авч явах хэрэгтэй. Тиймээс хүнийг олон талаар хүмүүжүүлдэг урлаг гэдгийг онцолмоор байна.
-Хөгжим бүр дахин давтагдашгүй шинжийг бүрдүүлсэн байдаг. Тэгвэл морин хуур хөгжмийн онцлогийг та тодорхойлохгүй юу?
-Морин хуурын онцлог шинжийг тоочоод барамгүй. Харахад хоёр чавхдастай боловч агуу хөгжим. Морин хуурын ая эгшиг сонсголонтой бөгөөд утсан хөгжмийн дотроос өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг. Ямар ч төрлийн дууны ая тоглох боломжтой. Дэлхийн алдартай сонгодог бүтээлүүдийг морин хуураар тоглож болно. Гэхдээ морин хуур нь уламжлалт язгуур урлагтай илүү нийцдэг. Үндэсний урлагтай морин хуур төгс хосолдог гэсэн үг. Морин хуурыг анх икэл хуураас үүсэлтэй гэдэг. Мөн ном сударт хүн гүрний үеэс үүссэн гэж тэмдэглэсэн нь бий. Домог зүйн ч олон түүх байдаг. Анх морин хуур ширэн цартай байсан юм билээ. Харин 1966 оноос модон цартай болгосон гэдэг.
-Монгол дуунд морин хуурын аялгуугаар хөгжим хийсэн уран бүтээлч хэр олон байдаг вэ?
-Одоо бидний хөгжимдөж байгаа уртын дуунууд эрт үед зохиогдоод өвлөгдөж ирсэн. Морин хуур хөгжмөөр дууны ая зохино гэдэг амаргүй. Дууны ая зохиосон хоёр л хүн байдаг. Н.Жанцанноров гуайн “Тэнгэрийн нулимс” хэмээх бүтээл бий. Нөгөө нь Ц.Батчулуун гуайн “Ленин багш” хэмээх дуу байдаг.
-Мэргэжлийн уран бүтээлчийн хувьд та морин хуур хөгжмийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Залуучууд орчин үеийн сонгодог ая их тоглож байна. Ардын урлагаа орхиод байгаа нь ажиглагддаг. Хэдий ардын дуу болон уртын дууны аяыг тоглож байгаа хэдий ч арга барил нь буруу байдаг. Энэ нь сонсогчдод нийцэхгүй сонсголонтой санагдахгүй байх. Тиймээс судалгаа их чухал юм шүү. Аяыг нь тоглож буй дууныхаа утга агуулгыг сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн дан хөгжмөө тоглоод суух биш дуучнаа мэдэрдэг байх. Дуучин дуулах явцдаа алдаж болно. Тиймээс тааруулж тоглох хэрэгтэй. Миний хувьд морин хуураа уртын дуу, бие биелгээ, ардын урлаг тал руугаа ойртуулахыг л хичээж, зүтгэж яваа уран бүтээлч.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 119 (7104)