Д.ДАРАМБАЗАР

 

Жижигхэн бариул "олдвол" дээш мацахыг оролддог тамирчид бол спорт авиралтынхан. "Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа спорт авиралтын дэд мастер Б.Итгэлийг урилаа. Тэрбээр  улсын аваргад зургаан удаа түрүүлсэн туршлагатай тамирчин юм. 

 

-Жил бүрийн УАШТ нь сонир­холтой болдог байх. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь хэдэн оных байв?

-Би энэ жил XI ангиа төгсөж байгаа. Зургадугаар ангиасаа эхлэн спорт авиралтаар хичээллэсэн болохоор оролцсон тэмцээн бүр дурсамжтай санагддаг. Харин өрсөлдөөний хувьд энэ жилийн УАШТ их чанга болсон. Би дээд ангилалд уралдсанаас гадна шинэ тамирчидтай гурван төрлөөр өрсөлдлөө. Өрсөлдөөн чанга болсон ч гурван мөнгө, гурван алтан медаль хүртсэн амжилттай тэмцээнээ дуусгасан. Шинэ тамирчид хурдтайгаас гадна техник сайтай байсан. Би залуучуудын ангилалд балчирдаж байсан ч бэлтгэлийн үр дүнгээр мөнгөн медаль хүртэж чадсан. 

-Дунд сургуулийн сурагч мөртлөө залуучуудын ангилалд түрүүлжээ?

-Багш маань энэ жил дээд ангилалд өрсөлдөөд үзэх үү гэсэн санал тавьсан. Би ихэвчлэн дээд үеийнхэнтэйгээ бэлтгэл хийдэг байсан. Бэлтгэл хийж эхэлсэн өдрөөс ах нараасаа илүү амжилтыг үзүүлдэг байлаа. Гэхдээ өөрөөсөө дээгүүр амжилттай тамирчидтай бэлтгэл хийж үзээгүй байсан юм. Би ч шигшээ тамирчид ямар байдгийг мэдэж авах зорилгоор оролцсон. Эхний авиралтдаа тийм ч сайн байгаагүй. Багшийнхаа захисны дагуу хэсэг сууж сандралаа дарж байгаад дараагийн авиралтуудаа хийсэн. Үүний хүчээр гурван мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн жил уг нь гадаад руу тэмцээнд явахаар бэлдэж байсан юм. Гэвч тэмцээн маань хойшлогдож, улсын аваргадаа л оролцохоор болсон. Тухайн үед багш маань ч ирээдүйд энэ спортоороо хичээллээрэй. Чи амжилт гаргаж чадна гэж хэлсэн нь урам зориг болсон шүү.

Улсын аваргад түрүүлэхийн тулд  сайн бэлтгэл хийх ёстой. Суманд бэлтгэл хийх боломж хэр байдаг вэ?

-Би Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрж, өссөн. Спорт авиралтаар хичээллэхээсээ өмнө ууланд авирдаг байсан юм. Харин манай суманд авиралтын хана босгосон өдрөөс энэ спорт сонирхолтой санагдаж,  хичээллэх болсон. Анх айдсаас илүү оргилд нь гараад, буух мэдрэмж гоё санагдаж билээ. Тиймээс сумынхаа хананд авирах дуртай. Улаанбаатарт спорт авиралтын хана цөөхөн ч учраас сумандаа л ихэвчлэн бэлтгэлээ базаадаг.

-Өөрийн тань дээд амжилт хэдэн секунд вэ?

-Тэмцээний үеэр 10 гаруй секундэд авирдаг. Харин бэлтгэлийн үеэр 14-ээс дээш. Хананы өндөр намаас шалтгаалдаг болохоор энэ спортод рекорд гэж байхгүй. Гэхдээ бэлтгэл хийж байх үедээ есөн секундын амжилттай авирсан тохиолдол  бий.

-Спорт авиралтаар хичээллэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Ямар нэгэн спортоор хичээллэнэ гэдэг тухайн хүний төлөвшил болон оюун ухаан, бие бялдрын хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Спорт авиралтын хувьд тэвчээртэй, авхаалж самбаатай болгодог.  Жишээлбэл, хүн ууланд, хананд, байгалийн хаданд авирахад байгалийн сайхныг мэдэрч, өөрт тулгарч байсан асуудал, стресс бүх зүйлийг мартаж зөвхөн тухайн нөхцөл байдалдаа төвлөрч чаддаг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (7103)